Мадонна, Лэди Гага нар Обамаг дэмжиж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 06

Ардчилагч Барак Обама, бүгд найрамдахч Митт Ромни нар өөрийн гэсэн “оддын” дэмжигч бүлгүүдтэй болжээ.

Өнгөрөгч Ням гаригт дэлхийн хэмжээний алдартай дуучин Мадонна Шинэ Орлеанд тоглосон концерт дээрээ өнөөгийн Ерөнхийлөгчийн төлөө саналаа өгнө гэдгээ зарласан байна.

Мөн түүний мэргэжил нэгт дуучин Лэди Гага өөрийн “Твиттер” хуудсанд өнөөгийн Цагаан ордны эзэнд таатай хандаж байгаа тухайгаа өгүүлжээ. Ялангуяа Обамагийн ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжиж буй бодлого ихээхэн таалагдаж байгаа аж.

Мөн Ардчилсан намаас нэр дэвшигчийн сонгуулийн кампанит ажилд нэрт жүжигчин Жорж Клуни идэвхтэй оролцож байгаа юм байна. Тэрээр Обамад зориулж хандивын аян санаачлан зохион байгуулсан аж. Энэхүү хүлээн авалтанд оролцох зочид 40 мянган доллар хандивлах ёстой байсан ба од жүжигчин маань өөрийн дэмжигчид 15 сая долларыг цуглуулж өгч чаджээ. Клунигаас гадна “Холливудын цехийн” Морган Фримен, Сара Жессика Паркер зэрэг одууд мөн Обамаг дэмжсэн байна.

Харин Митт Ромни “дажгүй залуучуудын” дунд нилээн нэр хүндтэй байгаа бололтой.  Наймдугаар сард нэрт жүжигчин Клинт Иствуд бүгд найрамдахчуудтай нэгдэн, их хурал дээр нь үг хэлсэн билээ. Мөн Ромниг дэмжигчдийн тоонд тулааны урлагийн мастер, дэлгэцийн “техас рейнжер” Чак Норрис орж байна. Тэрээр эхнэртэйгээ оролцсон “Youtube”-ийн нэгэн бичлэгтээ Ромнид саналаа өгөхийг уриалсан аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top