Америкийн Мичиган мужид насан өндөр болсон нэгэн сонгогч эр хэсгийн хороонд ирээд, саналын хуудсаа бөглөж дуусаад гэнэт зүрх нь хаагдсан байна. Харин азаар, эмч нар тэр дор нь анхны тусламж үзүүлэн амийг нь аварчээ. Клиник үхлийг даван, дөнгөж ухаан оронгуутаа “Би саналаа өгч амжсан биз?” хэмээн асууж ойр орчныхноо гайхшруулсан аж.
Түүний эхнэр уйлан, тухайн цаг мөчид санал өгөх гол биш, хамгийн чухал нь амьд байх ёстой хэмээн тайлбарлахад тэрээр: “Яг одоо надад хоёрхон зүйл хамгийн чухал ач холбогдолтой байна: нэгдүгээрт - би чамдаа хайртай, хоёрдугаарт – яах гэж наашаа ирснээ гүйцэтгэх ёстой, саналаа өгч” хэмээн мэдэгдсэн байна. Бөглөж дууссан саналын хуудсаа хараад тэрээр өөрийг нь эмнэлэгт хүргэхийг зөвшөөрсөн аж.
Мичиганд болсон энэхүү тохиолдол нь америкчуудын иргэний ухамсарт үүргээ илэрхийлэн, ирэх дөрвөн жилд төрийг тэргүүлэх удирдагчаа сонгож буй ганц жишээ биш юм байна.
Иллинойс мужид төрөхөөр өвдөн эмнэлэг явж байсан жирэмсэн бүсгүй замдаа сонгуулийн хэсгийн хороонд очиж саналаа өгчээ. Саналын хуудсаа дөнгөж бөглөж дуусаад ус нь хагарсан аж. Нөхөр нь түүнийг эртхэн эмнэлэгт очъё хэмээн ятгаж байсан боловч бүсгүй сонгуулийн хэсгийн хороо онгойхоор саналаа өгчихөөд очно хэмээн зөрүүдлээд байсан аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )