АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Митт Ромни өөрийн ялалтад итгэлтэй байгаа ба дэмжигчдийнхээ өмнө илтгэх ялалтын үгээ аль хэдийн бэлджээ. “Бид боломжит бүх нөөц бололцоогоо ашиглан, хийвэл зохих бүх зүйлийг гүйцэтгэсэн. Бид эцсээ хүртэл тэмцсэн, иймээс бидэнд амжилт ирэх нь гарцаагүй гэдгийг би мэдэрч байна” хэмээн Питсбургээс Бостон руу нисэж явсан онгоцны бүхээгт сурвалжлагчдад мэдэгдэл хийсэн байна. Тэрээр мөн сонгуулийн үр дүн хаашаа ч эргэсэн бай ялагдалд бус зөвхөн ялалтанд зориулсан үг бэлдсэн гэдгээ зарласан аж.
Митт Ромни өөрийн сурталчилгааны кампанит ажлаа өндөрлөөд Мягмар гаригийн орой Массачусетс мужийн Бостон хотод хүрэлцэн иржээ. Түүний сонгуулийн штаб спортын төв цэнгэлдэхэд байрлаж байгаа ба сонгуулийн санал хураалтын эцсийн дүн мэдээг энд угтах аж.
Өглөө эрт тэрээр эхнэр Эннийн хамт гэрээсээ холгүй орших Белмонт хотхонд очиж саналаа өгчээ. Ромни 2003-2007 онд тус мужийн захирагч байсан бөгөөд тэндхийн оршин суугчид ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намыг дэмждэг уламжлалтай юм байна.
Барак Обамагаас ялгаатай нь, тэрээр өөрийн сурталчилгааны ажлаа сонгуулийн өдөр ч үргэлжлүүлэн, Огайо, Пенсильвани мужуудад дэмжигчдийнхээ өмнө илтгэл тавьжээ.
Сүүлийн жил Ромни Огайо мужид ихээхэн анхаарал хандуулж байгаа аж. Тус муж нь “хэлбэлзэлтэй, маргаантай” мужийн тоонд ордог ба Бүгд найрамдах намын нэг ч төлөөлөгч энэ мужийн ялалтгүйгээр ерөнхийлөгч болж байсан түүхгүй юм байна.
Сүүлийн 25 жил ерөнхийлөгчийн сонгуулиудад бүгд найрамдахч нэр дэвшигчдийг дэмжиж байгаагүй Пенсильвани мужид Ромни харьцангуй бага цаг зарцуулжээ. Өнгөрөгч долоо хоногт олон нийтийн санал асуулгаар Обама тэр хоёрын хооронд өчүүхэн жижиг ялгаа ажиглагдангуут бүгд найрамдахчууд тэнд өргөн хүрээний сурталчилгааны кампанит ажлыг өрнүүлсэн байна.
Ромнийн хамтрагч, дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч Пол Райан саналаа өөрийн төрөлх хот Висконсин мужийн Жейнсвиллд өгөн, дараа нь шууд Огайо орж Ромнитой уулзчихаад Виржини муж руу явсан аж.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хоёр илтгэл бэлдсэн байна: ялалт ба ялагдлын. Гэвч тэрээр өөрийн ялалтад мөн итгэл төгс байгаа аж. “Бүх америкчуудын эрх ашгийн төлөө өдөр бүр цуцалтгүй зүтгэсэн эдгээр дөрвөн жилийн дараа энэ хүн бидний төлөө санаа тавьж байсан, иймээс түүнд эхлүүлсэн ажлаа дуусгах боломж олгохыг хүсч байна хэмээн хүмүүс шийднэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн өгүүлжээ.
Сонгуулийн өдөр Обама бүхэл бүтэн цуврал теле болон радио ярилцлага бичүүлэн, энэ бол түүний хувьд “энгийн өдөр тутмын ажил” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.
“Надад хүмүүстэй шууд ярилцах маш их таалагддаг. Тиймээс би хүмүүсийг сонгуулийн хэсгийн хороо хаагдахаас өмнө амжиж саналаа өгөхийг уриалж байна” гэж Ерөнхийлөгч онцолсон аж.
CNN телекомпанийн мэдээгээр, манайхаар 10:57 цагийн үед, Обама төлөөлөгчдийн 64 санал, Митт Ромни – 82 санал аваад байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )