Францад ижил хүйстнүүдийн гэрлэлтийн тухай хуулийн төсөл баталлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 08

Францын Сайд нарын Зөвлөл Лхагва гаригт ижил хүйстнүүдийн гэрлэлтийн тухай хуулийн төслийг баталжээ. Он гараад нэгдүгээр сард уг баримт бичиг парламентаар хэлэлцэгдэнэ хэмээн Франс Пресс агентлаг мэдээллээ.

Гомосекс гэрлэлтийг хуульчлах асуудал Францын Ерөнхийлөгч, социалист Франсуа Олландын сонгуулийн өмнөх амлалтын тоонд орж байгаа аж. Тухайн үед түүний өрсөлдөгч Николя Саркози энэ асуудлаар эсрэг байр суурьтай байжээ. Хэрэв хуулийн төсөл олонхи нь зүүнийхнээс бүрддэг парламентын хоёр танхимаар дэмжигдэж чадвал ижил хүйстэн хосууд хүүхэд үрчилж авч ч болох аж.

“Энэхүү гэрлэлтийг зөвшөөрч байгаа явдал нь хүйсээс үл хамааран хамт амьдрахыг хүсэж буй тэдгээр хосуудын аюулгүй байдал, хамгаалалтыг хангаж чадах юм. Зүүнийхэн энэхүү шинэчлэлээр бахархах болно” хэмээн Нийгмийн хамгааллын сайд Марисоль Турен мэдэгджээ.

Сайд нарын кабинетийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Наджат Валло-Белкасем сэтгүүлчдэд мэдээлснээр, Олланд Засгийн газрын хуралдаан дээр уг хуулийн төслийг “зөвхөн тэдгээр цөөнх хүмүүст зориулсан бус бүх нийгмийн хувьд ахиж буй дэвшил” хэмээн нэрлэсэн аж.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top