Нью-Йорк, Нью-Жерсийг шинэ шуурга чиглэлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 08

Тухайн орон нутгийн цагаар Лхагва гаригийн үд дунд буюу манайхаар өнгөрөх шөнө 02 цагийн орчим Америкийн Нью-Йорк, Нью-Жерси мужуудын эрэгт хүчтэй салхи, цас бороо дагуулсан шинэ шуурга хүрсэн байна. Шинжээчдийн үзэж буйгаар энэхүү шуурга нь өнгөрөх долоо хоногт АНУ-ын зүүн эргийг хамарсан хор хөнөөл ихтэй “Сэнди” шуурганаас арай хүч багатай бөгөөд одоогоор салхины хурд 104 км\цаг, далайн давалгааны өндөр нэг метр байгаа аж.

“Иймэрхүү шуурга цахилгаан дамжуулах шугамыг гэмтээх аюултай ба бороо цас холилдон орж байгаа нь “Сэнди” хар шуурганаас учирсан дулааны шугам сүлжээний гэмтлийг сэргээн босгох ажилд саад учруулж байна” хэмээн Нью-Йорк хотын захирагчийн төлөөлөгч орон нутгийн хэвлэл мэдээллийнхэнд ярьсан байна.

Нью-Йорк хотын захирагч Майкл Блумберг шуурганаас өмнө бүх наран шарлагын газар, цэнгэлдэх хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбайнуудыг хаах шийдвэр гаргажээ. Түүнээс гадна салхи ширүүссэн тохиолдолд өндөр объект дээр ажиллахыг хориглосон байна.

Мужийн цагдаагийнхан болон аврах албаныхан өглөөнөөс эхлэн эрэг орчмын газраар тойрон явж тэндхийн оршин суугчдыг орон гэрээ орхин түр хоргодох байранд очихыг уриалсан боловч хүмүүсийн ихэнх нь тонуулчдаас сэрэмжлэн гэр орноо орхиж явахыг хүсэхгүй байгаа аж.

Нью-Йоркийн нисэх буудлууд “Сэнди” хар шуурганы үе шиг хаагдаж болзошгүй байна. Тэд АНУ-ын Зүүн эргийн цагаар 20:00  буюу манайхаар Пүрэв гаригийн 10:00 цагаас эхлэн үйл ажиллагаагаа зогсоох төлөвлөгөөтэй байгаа аж.  

“Сэнди” хар шуурганаас сургамж авсан оршин суугчид өглөөнөөс эхлэн хэрэгцээт зүйлсээ худалдаж авахаар супермаркетуудын лангууг хоосолж эхэлжээ.

Д.Мигаа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top