АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж сонгогдсон Барак Обамаг дэмждэг дэлхийн урлаг соёлын одод түүнд твиттерээрээ дамжуулан баяр хүргэж байна.
Тэдний зарим нь Барак Обамагийн сонгуулийн сурталчилгааны кампанит ажилд идэвхийлэн оролцож түүнд саналаа өгсөн юм. Тухайлбал, дуучин Кети Перри Лас Вегаст болсон тоглолтонд дуулахдаа түүний нэр бүхий даашинз өмссөн байжээ.
Мөн дуучин Биёонсе “Обама” ээмэг зүүж, Эва Лонгория түүнийг дэмжихийг олон нийтэд сурталчилсан юм.
Ингээд оддын АНУ-ын улиран сонгогдсон ерөнхийлөгчид хэрхэн баяр хүргэснийг сонирхъё.
Жүжигчин Жессика Алба: “Ерөнхийлөгч Барак Обамад баяр хүргэе. Тэр бидний дуу хоолой болсоор ирсэн. Би агуу их Америк гүрэн бас ардчилалдаа хайртай”.
Дуучин Леди Гага: “Тоглолт маань удахгүй дуусах гэж байна. Ноён ерөнхийлөгч Барак Обамад баяр хүргэе! Өнөө орой америкчууд энэ улсын иргэн болж төрсөндөө баяртай байгаа гэж итгэж байна”.
Жүжигчин Эва Лонгория сонгуулийн дүн гарах мөчид найз нараа гэртээ урьжээ. Тэрээр: “Гайхалтай илтгэгч Б.Обама хоёр дахь удаагаа сонгогдлоо. Тэр Америк орны сайн сайхны төлөө ажиллаж чадна” гэжээ.
Дуучин Кети Перри: “Та ялж чадлаа, баярлалаа. Дахин сонгогдсоноор тань бахархаж байна”.
Реппер Жей Зи тоглолтондоо хараалын үгийг Ромни гэсэн нэрээр орлуулан дуулжээ. Тэрээр твиттертээ “Дахин ялж чадлаа” хэмээсэн юм.
Дуучин Жастин Бибер: “Сэтгэл догдлуулсан мөч байлаа. Ноён Обамад баярын мэнд хүргэе!”
Н.Цэнгэл
Сэтгэгдэл ( 0 )