“Сэнди” шуургаар хэлмэгдэгсдэд Лэди Гага нэг сая доллар хандивлав

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 08

Өвөрмөц стильтэй дуучин Лэди Гага нийгмийн төрөл бүрийн тулгамдсан асуудлуудад чин сэтгэлээс ханддагаараа алдартай билээ.

Тэрээр саяхан Америкийн Улаан загалмайн дансанд нэг сая доллар шилжүүлэн “Сэнди” шуургаар хэлмэгдсэн хүмүүст зарцуулахыг хүссэн байна.

Нью-Йорк хотын унаган оршин суугч Лэди Гага өөрийн нутаг нэгтнүүддээ байгалийн гамшгийн үед туслахаар шийджээ. Аравдугаар сарын сүүлчээс арваннэгдүгээр сарын эхэн хүртэл АНУ-ын Зүүн эргийг дайрсан хүчтэй хар шуурганы уршгаар хэдэн сая хүн гэрэл цахилгаангүй болж, олон зуун мянган хүмүүс үерт автахаас сэргийлэн орон гэрээ орхисон билээ.

“Сэнди” шуурга Нью-Жерсиг дайрах үед Лэди Гага Пуэрто-Рикод амарч байсан ба тэрхүү гамшгийн мэдээг дуулангуут төрөлх хотынхондоо туслахаар яаран буцсан байна.

Дуучин бүсгүйн хандивласан мөнгө зөвхөн “Сэнди” шуурганд хэлмэгдэгсдэд төдийгүй, нурангийг цэвэрлэн, шархдагсдыг нүүлгэн шилжүүлэхэд оролцож буй сайн дурын ажилтнуудад зориулагдах аж.

Арваннэгдүгээр сарын 7-нд дуучин бүсгүйн Little Monsters сайтын гол хуудсанд дараах мэдэгдэл нийтлэгджээ: “Хэрэв миний амьдралд Нью-Йорк, Доод Истсайд, Гарлем, Бронкс, Бруклин байгаагүйсэн бол би та нарын өнөөдөр харж байгаа шиг тийм эмэгтэй болохгүй байх байсан. Энэхүү хандивыг маань миний нэрийн өмнөөс болон миний хамгийн ойр дотны хүмүүс болох Жо, Синти, Натали нарын өмнөөс хүлээн авна уу. Өөрийн гэсэн ааш зангаа төлөвшүүлж, оюун санаагаа бэхжүүлэхэд надад тусалж байсан явдалд та бүхэндээ би маш их баярладаг. Одоо та нартаа туслах миний ээлж ирлээ” хэмээн бичсэн байна.

Д.Мигаа

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top