Хөгжлийн бэрхшээлтэй охин ээжийгээ зовоохгүйн тулд цонхоор үсэрчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 09

Ульяновск хотод хөгжлийн бэрхшээлтэй, 10 настай охин ээждээ төвөг удаж зовоохгүйн тулд цонхоор үсэрсэн байна. Бяцхан Полина Кудряшова ээж нь түүний эмчилгээнд зориулах мөнгийг яагаад ч цуглуулж чадахгүйг ойлгон, амьдралаа дуусгахаар шийджээ.

Арваннэгдүгээр сарын 4-ний өдөр, цонхоор үсрэхийнхээ өмнө, охин ээждээ зориулж зурвас үлдээсэн аж. Түүндээ өөрийгөө зовлон дарамт гэж нэрлэн, түүнгүйгээр ээжийнх нь амьдрал хамаагүй хөнгөн болно гэж бичсэн байна.

Гэвч, хэдийгээр өндрөөс унасан боловч охин амьд үлджээ. Хөл нь хугарч, аарцаг нь гэмтэн, тархи нь доргисон түүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Нэг бус мэс ажилбарыг түүнд хийхээр болжээ.

Түүний ээж Елена Седовагийн мэдээлснээр, охины хагалгаа амжилттай болсон ба биеийн байдал нь харьцангуй тогтвортой байгаа аж. “Тэр одоо сэхээн амьдруулах тасагт байгаа. Орой намайг түүн рүү орууллаа. Эмч нар боломжтой бүх зүйлийг хийсэн гэж хэллээ” хэмээн ээж нь охинд эмчилгээний мөнгө цуглуулж байгаа нийгмийн сүлжээний хуудсанд бичсэн байна.

Мөн тэрээр Полина охины төрсөн цагаасаа эхлэн амьдралын төлөө тэмцсэн энгийн бус түүхийг өгүүлжээ: "Охиныг тээж байх үед жирэмсний бүх хугацаа хүндрэлтэй өнгөрсөн. 27 долоо хоногтой байхдаа төрөхөөр өвдөн, охин 6 сар гарантай, 1200 грамм жинтэй, 40 см урттай төрсөн. Ингээд шууд сэхээн рүү шилжин тэнд амьдралынхаа эхний хоёр долоо хоногийг өнгөрүүлсэн юм. Эхний 5 хоног хиймэл амьсгалаар амьдран, дараа нь патологид бид нэг сар болсон. Эмнэлгээс гарах үед эмч “Бэлтгэлтэй байгаарай, бараг амьдрахгүй байх шүү” гэж анхааруулсан. Би тэр үед яг л там дундуур туулж байгаа мэт байлаа, хэлэх ч үг алга!” хэмээн Елена Седова дурсаж байна.

Охинтойгоо төрөхөөс гаран гэртээ иртэл хадам эх нь: “Бидэнд тахир дутуу хүн хэрэггүй. Манайхан бүгд л эрүүл чийрэг төрдөг байсан” гэжээ. Ингээд 2 жилийн дараа Полинагийн аав тэднийг орхин явсан байна. Гэвч Елена амьдралд тийм ч амар бууж өгсөнгүй, боломжтой бүхий л эмчилгээг хийлгэж байжээ. Охин зөвхөн хөгжил дутуу саажилттай төдийгүй хоёр нүдэндээ мэс засал хийлгэн, нэг нь таг сохорсон аж. Тэрээр бие дааж, чөлөөтэй явах юмсан гэж хязгааргүй их хүсдэг байсан хэдий ч тэр нь мөрөөдөл төдий байв.

Охины ухаан санаа хэвийн ба ерөнхий боловсролын программаар гэртээ хичээллэн, “4”,”5” дүнгийн болзол хангахаар суралцаж байсан аж.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top