Хамт ажилладаг долоон нөхрөө буудаж зургаагийнх нь аминд хүрсэн Дмитрий Виноградовын “Тунхаглал” хэмээх захидал интернет хэрэглэгчдийн дунд алдаршаад байгаа юм байна. Уг “тунхаглалын” гол санаа нь хүн төрөлхтөн, хүний нийгэм, хүмүүсийг, тэр бүү хэл амьдралыг бүхэлд нь үзэн ядсан агуулгатай аж.
Аймшигт гэмт хэргийн талаар мэдээ тархангуут олон нийтийн сүлжээнд Дмитрий Виноградовтой найз байсан хүмүүс бүгд түүнийг найзын жагсаалтаас хасан ганцхан найз үлдсэн байна. Гэвч түүний үзэн ядалтын “тунхаглал” хүмүүст ихээхэн таалагдсан бололтой, нэг хоног хүрэхгүй хугацаанд 4 мянга гаруй лайк цугларсан аж.
Дмитрий Виноградов сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсныг мэргэжилтнүүд үгүйсгэхгүй байгаа ба түүний азгүй хайр дурлал өвчнийг нь хурцатган, энэхүү аймшигт үйлдлийг хийхэд хүргэсэн байх магадлалтай хэмээн үзэж байна.
Зарим эх сурвалжийн мэдээллээр, тэрээр гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө таван өдөр дараалан архидсан аж. Мөн энэ үедээ депрессийн эсрэг хэрэглэж байсан эмээ уухаа зогсоосон байна. Сэтгэцийн эмчийн өгүүлж буйгаар, иймэрхүү эмийг хагас жил, нэг жил тасралтгүй хэрэглэх ёстой ба гэнэт зогсоох нь аюултай хор уршигтай хэмээн үзэж байна.
Виноградовын хувьд ийм байлаа гэж бодоход, түүний тэрхүү солиотой “тунхаглалд” лайк дарсан 4 мянга гаруй хүнийг юу гэж үзэх вэ?
Сэтгэцийн эмчийн үзэж байгаагаар, эдгээр хүмүүс нь бүгд Виноградов шиг карабинаар хүн буудна гэсэн үг биш, зүгээр л өөртөө учирч буй бүх шаналал, зовлонг бусад руу чихдэг, гутранги үзэлтэй хүмүүсийн зан ажээ. Тийм хүмүүст л иймэрхүү төрлийн зүйл ихээхэн таалагддаг гэнэ. Тэгээд ч хүнийг чин сэтгэлээс хайрлахын оронд үзэн ядах нь хамаагүй хялбар байдаг бололтой. Өөрөөр хэлбэл, хүмүүс хялбар замаар амьдрахыг хүсч байна гэсэн үг юм.
Мөн Виноградов “тунхаглалдаа” орчин үеийн нийгмийг хорт хавдартай зүйрлэжээ. Чухам энэ өнцгөөсөө хүмүүст таалагдсан байж бас болохоор аж. Манай нийгэм үнэхээр хорт хавдраар өвчилсөн хэрэг үү? гэсэн асуултанд сэтгэцийн эмч “Хүн төрөлхтөн аль эртнээс л энэ хавдраар өвчилчихсөн шүү дээ” хэмээн хариулжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )