Хятадад нэгэн хаягдмал байшин дотроос дэлхийн хамгийн үнэтэй дарсны нэг болох Chateau Lafite Rothschild хэмээх 10 мянган шил улаан дарс олджээ. Энэ талаар The Daily Telegraph мэдээлсэн байна. Ямар нөхцөл байдалд хэзээ олдсон, хэнд хамаарах зэрэг нь одоогоор тодорхой мэдээлэгдээгүй аж.
Цагдаагийнхан тэдгээр дарсыг жинхэнэ эсэхийг тодруулахаар ажиллаж байгаа юм байна. Хаягдмал байшингийн эзний өгүүлснээр, уг байшинг 9 жилийн өмнө эзэнгүй орхисон бөгөөд хэн ч амьдардаггүй байсан гэжээ. Хаягдмал байшинг хууль бус дарсны нууц агуулах болгож ашиглаж байсан байж болзошгүй хэмээн хууль сахиулах байгууллагынхан таамаглаж байгаа аж.
Хэрэв дарс жинхэнэ гэдэг нь батлагдвал, түүний нийт үнийн дүн 16 сая доллар болох юм байна.
Францад байрладаг дарс үйлдвэрлэлийн Шато Лафит-Ротшильд нь бордо дарсны хамгийн шилдэг үйлдвэрлэгчдийн нэгэнд тооцогддог. Chateau Lafite Rothschild дарс нь түүний үндсэн бүтээгдэхүүн буюу №1 дарс юм. Түүнээс гадна тус аж ахуй нь Carruades de Lafite дарсыг үйлдвэрлэдэг.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )