Гэр бүлийн гадуур харьцаанаас болж ТТГ-ын дарга чөлөөлөгдлөө

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 10

Тагнуулын Төв Газрын \ТТГ\  дарга Дэвид Петрэус албан тушаалаасаа чөлөөлөгджээ. Түүний гэр бүлийн гадуурхи харьцааг мөрдөж, мөшгисөн Холбооны Мөрдөх Товчооныхны мэдээлэл АНУ-ын дээд удирдлагад хүрсэн байна.

Өөрийн чөлөөлөгдөх хүсэлтийн талаар Петрэус өчигдөр мэдэгдсэн аж. Энэ долоо хоногт 60 нас хүрч буй Петрэус 37 жилийн гэр бүлийн хамтын амьдралын дараагаас өөрийгөө зохист бус байдлаар авч явах болсон талаараа ТТГ-ын хамт ажиллагсдадаа захидал илгээсэн байна. “Иймэрхүү төлөв байдал нь гэр бүлийн эр нөхрийн хувьд ч, манайх шиг ийм нэр хүндтэй том байгууллагын удирдагчийн хувьд ч үнэхээр зүй зохисгүй гэдгийг би хүлээн зөвшөөрч байна” хэмээн бичжээ.

Обама түүний чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авч, оронд нь Петрэусийн орлогч Майкл Мореллийг түр үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна. Ерөнхийлөгч мэдэгдэлдээ Петрэусийг энэхүү өндөр албан тушаалыг орхиход хүргэсэн шалтгааны талаар дурдаагүй аж.

ТТГ-ын удирдагч болохоосоо өмнө дөрвөн таван хошуутай генерал Петрэус нь Афганистанд америкийн дайчдыг удирдан, мөн Иракд америк цэргүүдийг толгойлон, АНУ-ын Цэргийн хүчний Төв командлалыг удирдаж байжээ. ТТГ-ын даргын албан тушаалд Петрэус 14 сар ажилласан аж.

Петрэусийн энэхүү шийдвэр Вашингтонд нилээн шуугиан үүсгэжээ. АНУ-ын Үндэсний Тагнуулын дарга Жеймс Клэпперийн өгүүлснээр, Петрэусийг ийнхүү чөлөөлсөн нь нэр хүнд бүхий төрийн зүтгэлтнүүдийн нэгээ алдаж байгаа хэрэг хэмээн мэдэгдсэн байна.

Америкийн арми болон тусгай албадад гэр бүлийн үнэнч бус байдлыг ноцтой гэм хэмээн үзэж хатуу шийтгэл оногдуулдаг ажээ. Гэр бүлээс гадуур харьцаанд орсон хүмүүс нь гадаад улс орнуудын өгөөш занганд орж, үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулах магадлалтай гэж үздэг юм байна.

Д.Мигаа  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top