Ял сонссон Д.Батхуягийн тухай 20 коммент

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 08

Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг анхан шатны шүүхээс 6.6 жилийн хорих ял сонсоод байгаа. Түүний тухай 20 комментыг хүргэж байна.

  1. 1969 онд Хөвсгөл аймгийн Их-Уул суманд онд төрсөн тэрээр Мөрөн хотын дунд сургууль, МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг тус тус дүүргэсэн.
  2.  “Хөвсгөл Алтандуулга” компанийн 70 хувь, “Тэс Трейд” 100 хувь, “Тэсийнх” 100 хувь, МКМ 100 хувь, “Ашихай” 100 хувь түүний мэдлийнх.
  3. Монголын морин уяачдын холбооны тэргүүлэгч гишүүн, Монголын терроризмын эсрэг холбооны удирдах зөвлөлийн гишүүнийн  сонгуульт ажилтай.
  4.  Төрийн өмчит “Эрдэнэс MGL” компанийн дэд захирлын албанд 2007 онд томилогдсон. Дараа нь  Зам тээвэр, аялал жуулчлалын дэд сайдын суудалд  суусан.
  5. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргын суудалд сууснаар хууль бус лицензийн наймаачин болох эхлэл нь тавигджээ.
  6. Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан тэрээр өнгөрсөн оны тавдугаар сарын 7-ны өдөр баривчлагдсан.  
  7. Төв аймгийн Цагдан хорих төвд анх  саатуулагдсан.
  8. Прокурорын байгууллагаас Д.Батхуягт анх 2011 оны хоёрдугаар сарын 17-нд Эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг.
  9. Түүнийг баривчлагдсаны дараа АТГ-аас мэдээлэл өгөхдөө  “2009, 2010 онд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12, 20 дугаар зүйлийн 20.1, 24 дүгээр зүйлийн 24.2, 26 дугаар зүйлийн 26.9 дэх заалтуудыг зөрчиж сонгон шалгаруулалтаар олгох ёстой  ашигт малтмалын тодорхой дугаартай, нийт 106 ширхэг тусгай зөвшөөрлийг бусдад олгож Ашигт малтмалын газрын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж хүнд хор уршиг учруулсан” гэж байсан.

10.  Мөн “Саусгоби сэндс” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын 9442Х, 5259Х, 5277Х, 12388Х тоот тусгай зөвшөөрлийн 2008 онд хайгуулын ажилд зарцуулсан зардал нь хайгуулын ажлын доод зардалд хүрээгүй болох нь тогтоогдож тус газрын Захиргаа удирдлагын хэлтсийн Эрх зүй, хуулийн тасгаас ашигт малтмалын дээрх тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3, 33.3, 56 дугаар зүйлийн 56.1.4 дэх хэсэгт зааснаар цуцлах тухай дүгнэлт гаргасан байтал,  Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Л.Даваацогт нар нь “Саусгоби сэндс” ХХК-ийн ашиг сонирхлын үүднээс Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-д заасны дагуу ашигт малтмалын 9442Х, 5259Х, 5277Х, 12388Х тоот тусгай зөвшөөрлийг цуцлах үүргээ хэрэгжүүлэлгүй,  “Саусгоби сэндс” ХХК-ийн эзэмшилд байсан, орон нутгийн тусгай хэрэгцээнд авагдсан Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумдын нутаг дахь Хайрхан толгой нэртэй 72499 гектар талбай бүхий (42.867.979 тонн чулуун нүүрсний нөөцтэй)  ашигт малтмалын 5261Х тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Л.Даваацогт нь 2010 оны хоёрдугаар сарын 19-ны өдөр 231 дугаартай шийдвэрээр сэргээж, 2010 оны дөрөвдүгээр дүгээр сарын 15-ны өдрийн 434 дугаартай шийдвэрээр Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуягийн найз С.Жаргалсайханд, “Зэлэм” ХХК-ийн эзэмшилд шилжүүлж, хясан боогдуулж үүсэн нөхцөл байдлыг ашиглах замаар, онц их хэмжээний хээл хахууль авсныг баримтаар тогтоосон гэх мэдээллийг хийж байсан.

11.  Баянгол дүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор Д.Батхуяг нарын хууль зөрчиж олгосон нийт 107-н ширхэг ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг олгосон шийдвэрүүдийг хүчингүй болгож тусгай зөвшөөрлүүдийг төр өөрийн мэдэлд авсан.

12.  Д.Батхуяг нарын дөрвөн хүн 5.1-6.6 жилийн хорих ял сонссон.

13.  Д.Батхуяг нарт холбогдох хэргийн цаана  Ерөнхий сайд асан С.Баяр, ЭБЭХ-ний сайд асан Д.Зоригт нар ч байгаа гэх мэдээлэл өнгөрсөн хугацаанд гарч байсан.

14.  Тэрээр АМГ-т ажилласан эхний долоон сарын хугацаанд 43 тусгай зөвшөөрлийг хууль бусаар сэргээсэн гэх мэдээлэл бий.

15.  Д.Батхуяг мөрдөн байцаалтын явцад хэргээ хүлээхдээ төрийн ордонд сууж байгаа 10 гаруй хүн ч түүний хэрэгт холбоотой талаар мэдүүлсэн гэх мэдээлэл гарч байсан.

16.  Түүнийг шүүхээс ял сонсохоос өмнөх хугацаанд өмнө нь хамтарч ажиллаж байсан хүмүүсээс цөөхөн хүн эргэж очсон гэдэг. Түүнээс нүүр буруулсан хүн олон талаар ойр тойрныхон нь ярьж байгаа.

17.  2010 онд АТГ-т гаргасан Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Тоёота Ланд круйзер -105 машин 1 ширхэг бий гэж байсан.

18.  Хурдан морь 5 ширхэг, Хурдан азарга 5 ширхэг бий.

19.  Түүний өөрийн орлого 98,321,5 сая төгрөг.

 20.  2010 оны зах зээлийн ханшаар 2 тэрбум долларын өртөг бүхий нөөцтэй ордыг хууль бусаар бусдад шилжүүлсэн нь тогтоогдсон.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ангуу(202.21.105.7) 2025 оны 03 сарын 13

хууль зөв шийдсэн байлгүй дээ Ер нь хүмүүсийг залилан луйвардаж йх хэмжээний мөнгө авсан улсыг хохирлыг бүрэн барагдуултал шоронд нь байлгах хэрэгтэй тийм хуулийг манай ерөнхийлөгч гаргасан гээ биз дээ

1  |  0
Top