Оросуудыг түгшээсэн “Чебаркулийн солир”-ын 20 коммент

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 19

 

  1. 2013 оны 02 сарын 15-ны өглөө Челябинск мужийн Сатка хотоос 80 км зайтай “сансрын зочин” унаж, тэсрэлтийн их долгион үүслээ.

  2. Уг биет агаар мандал руу секундэд 15-20 км хурдтайгаар нэвтэрч, 30-50 км өндөрт тэсэрсэн ба хэлтэрхийнүүд нь асар хурдтайгаар, гэрэл цацруулан унав.

  3. Тэнгэрт үл мэдэх тэсрэлтүүд болж байсныг мэргэжилтнүүд солирын бороо гэж тогтоолоо.

  4. Уралын Челябинск, Екатеринбург, Тюмень хотуудад солирын бороо орсны улмаас байшингуудын цонх хагарсан төдийгүй зарим барилгын хэсэг нурав.

  5. Солир унасны дараа болон, дэлбэрэлтийн долгионы улмаас хагарсан цонхны шилэнд өртөж бэртэж гэмтсэн хүмүүсийн тоо нэмэгдсээр 1250 гаруйд хүрлээ. Эдгээр хүмүүсийн 98 нь эмнэлэгт хэвтэж байгаа бол 2 хүн сэхээн амьдруулах тасагт байна. Дээрх 1250 гаруй хүний 200 орчим нь хүүхэд байв.  

  6. Уралын Челябинск хотын оршин суугчдад  солирын борооны дэлбэрэлт болон газарт унаснаас үүссэн хүчтэй доргилт нь яг л дайн болж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байсан гэнэ. Солирын дэлбэрэлтийн үед асар их дуутай нүргэлсэн чимээ гарч, 20-30 минутын турш үргэлжиллээ.

  7. #chelyabinsk, #russianurals, #RussianMeteor гэсэн хэштэгүүд Twitter олон нийтийн сүлжээний дэлхийн хэмжээний топ болов.

  8. Пулковын одон орон судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Сергей Смирновын өгүүлж буйгаар, хоёрдугаар сарын дунд үе бол сансрын биетүүдтэй хамгийн их “уулздаг” үе учраас дахин солир унах магадлалтай гэлээ.

  9. Агаарт дэлбэрсэн солирын улмаас 3000 орчим байшин барилгын цонх хагарч, Челябинск хотын барилгууд балгас мэт болов.

10. Хагарсан цонхнуудад 170 мянган м2 шил хэрэгтэй боллоо.

11. Челябинск нь ОХУ-ын нийслэл  Москва хотоос зүүн зүгт  1500 км зайд оршдог бөгөөд тус хотод цөмийн үйлдвэр болон атомын цахилгаан станц байрладаг боловч азаар солирын бороонд өртсөнгүй.

12. Дэлбэрэлтийн уршгаар 700 орчим сургууль, цэцэрлэг, 200 гаруй эмнэлэг, нийгмийн хамгааллын байгууллагуудын цонх хагарлаа.

13. NASA-гийн шинжээчид Уралд унасан солирын дэлбэрэлтийн хүчийг судлан, тротиллийн эквивалентад 300 килотонн буюу Хирошима дээр дэлбэрсэн атомын бөмбөгнөөс даруй 20 дахин хүчтэй байсан гэсэн дүгнэлт гаргалаа.

14. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин: “10 тонн жинтэй солир 54 мянган км/цагийн хурдаар дэлхийг чиглэж ,агаар мандалд орж ирмэгцээ хуваагдан хүч нь  суларч учруулах хохирол нь багассан байна. Тиймээс бурхандаа талархаж байна” гэв.

15. Уралын улсын их сургуулийн эрдэмтэд өөрсдийн “Твиттер” хуудсанд солирын хэлтэрхийг судалж буй лабораториас хийсэн шууд бичлэгийг тавилаа. Харамсалтай нь, уг бичлэг нь дуугүй байв.

16. Ямар нэгэн ҮНБ солирыг хөөж гүйцэн, түүнд цохилт өгч хэдэн хэсэг болгочихоод , нэвт гаран өөр зүг рүү одож байгаа бичлэгээс харахад хүмүүсийг хэн нэгэн аварсан юм болов уу гэж бодохоор.

17. Эд материалын ихээхэн хохирол учруулж, тодорхой хэмжээнд хүмүүс бэртэж гэмтсэн сансрын биетийн дэлхийд үзүүлсэн бараг л анхны тохиолдол.

18. Хамгийн их  баримт материал элбэгтэй, олон бичлэгтэй, “од” болсон солир.

19. “Сансрын хяналтын төхөөрөмжүүд агаар мандлын доод үеүдэд л тэсрэлтүүдийг тэмдэглэж авсан” хэмээн Оросын Онцгой байдлын яамны хэвлэл мэдээллийн албаны орлогч дарга Елена Смирных мэдэгдэв. Чухам ямар “төхөөрөмжүүд” гэдэг нь тодорхой бус. 

20. Челябинскийн солир нь хүн төрөлхтөнд бас нэгэн нухацтай бодолхийлэх зүйл гаргаж ирж байна.  Ховорхон боловч тохиолддог иймэрхүү үзэгдлүүдийн үед бидэнд хамгаалалт байна уу?

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top