Солонгосын анхны эмэгтэй ерөнхийлөгчийн амьдралын талаарх 10 коммент

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 25

 

  1. Энэтхэгийн Индира Ганди, Пакистаны Беназир Бхутто нар шиг удам залган, улс төрч болсон энэ эмэгтэй бол 1961-1979 онуудад тус орны төрийн тэргүүнээр ажиллаж байсан, генерал Пак Чон Хигийн охин 
  2. Пак Кын Хе 1952 оны хоёрдугаар сарын 2-нд Тэгү хотноо Пак Чон Хи, Юк Ён Су нарын гэр бүлд төрсөн ууган охин нь,  Пак Жи Ман, Пак Се Ён  гэсэн хоёр дүүтэй
  3. Пак Кын Хе 1970 онд Сөүлийн дунд сургуулийг төгсөөд, Сөүлийн Соган их сургуульд орж, 1974 онд электротехникийн чиглэлээр бакалавр болсон.  Хожим нь 1987 онд Тайванийн их сургуульд Honoris causa цол хүртэн, 2008 онд Солонгосын тэргүүлэх KAIST шинжлэх ухаан-техникийн дээд сургууль, 2010 онд мөн Соганы их сургуульд суралцаж төгссөн
  4. 1974 оны наймдугаар сарын 15-нд Пак Чон Хигийн аминд халдах үеэр ерөнхийлөгч бус харин тэргүүн хатагтай өртөн амь насаа алдсанаас хойш бэлэвсэрсэн Пак Чон Хи цаашид ахин гэрлээгүй тул улс орны тэргүүн хатагтайн үүрэг түүний том охин, 22 настай Пак Кын Хед албан бусаар шилжин, 1979 оны аравдугаар сарын 26-нд эцэг Пак Чон Хиг Солонгосын ТТГ-ын дарга Ким Жэ Гю буудан амь насыг хөнөөх хүртэл үргэлжилсэн
  5. Пак Кын Хе хэзээ ч хүнтэй гэрлэж, хүүхэд төрүүлж байгаагүй 
  6. 1998 оны парламентын сонгуульд Агуу орны Нам /2011 онд нэрээ өөрчлөн “Сэнури” болсон/ -аас Тэгүгийн нэгэн тойрогт нэр дэвшин депутатаар сонгогдон, түүнээс хойш, 2008 он хүртэл, Пак Кын Хе гурван удаа энэ тойргоос парламентад сонгогдсон. Хамгийн сүүлд 2008 онд сонгогдсон ба түүний депутатын бүрэн эрхийн хугацаа 2012 оны дөрөвдүгээр сард дуусгавар болон, тэрээр ахин парламентад нэр дэвшихгүй гэдгээ зарласан.
  7. Пак Кын Хе 2004-2006 онд Агуу орны Намыг тэргүүлж байсан ба энэ үед тус нам янз бүрийн түвшний 40 гаруй сонгуульд ялалт байгуулан, шинжээчид үүнийг Пак Кын Хегийн гавьяа зүтгэлтэй холбон үзэж, “Сонгуулийн хатан хаан” хэмээх албан ёсны бус алдар цол хайрлаж байсан
  8. 2012 оны парламентын сонгуульд Пак Кын Хе “Сэнури” намыг удирдан оролцож үнэмлэхүй ялалт байгуулсан нь түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд гол түлхэц болж өгсөн
  9. 2012 оны арванхоёрдугаар сарын 19-нд болсон ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч “Сэнури” намаас нэр дэвшин, 60 настай Пак Кын Хе нийт сонгогчдын 51,6% санал авч, өөрийн өрсөлдөгч Мун Чже Инийг 4%-иар илүүрхэн ялалт байгуулсан 
  10. “Зөвхөн өөрсдийнхөө тухай бодож, санаа тавьдаг аминчхан үзэл чинь одоо хангалттай. Жаахан ч гэсэн ард түмнийхээ төлөө бодооч! Та нар наад бодлого, төлөвлөгөөгөө өөрсдийн хүүхдүүд, эцэг эхчүүдийнхээ төлөө боловсруулж байна гээд төсөөлөөд үз дээ. Энэ бүхний дараа юу ч өөрчлөгдөхгүй байна гэж үү?!” хэмээн сайдуудынхаа толгой дээр “аянга цахилгаан” буулгасан хүн бол Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Пак Кын Хе.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top