“Монголын Засгийн газар, Рио Тинтотой ойлголцсон”

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 04

Ямартай ч өнгөрөгч сард Оюутолгойн хувь нийлүүлэгчид хоёр дахь удаагаа хуралдаж түүхэн рекорд тогтоов. Гэхдээ хоёр дахь удаагийн буюу 27-ны өдрийн хуралдааны тухай мэдээллийг салбарын яамны зүгээс дарж байгаад гадагшлуулав. Учир нь 28-ны өдөр яамны зүгээс хэвлэлийнхэнд албан ёсны мэдээлэл хийхдээ өмнөх өдөр нь дахин хуралдаж, ингэж шийдвэрлэлээ гэдэг байдлаар мэдээлэл хийгээгүй. Харин 6-ны өдөр болсон хуралдаанаар манай талаас хөрөнгө оруулагч талд тавьсан зайлшгүй шийдвэрлэх, нягтлах шаардлагатай 6 томоохон асуудлын талаар дахин дурдсаны зэрэгцээ Рио Тинтогийн зүгээс Оюутолгой төслийн санхүүжилтийг эхний ээлжинд батлуулах санал тавьсан талаар дуулгасан.

Угтаа бол 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд хэсэгчилсэн маягаар шийдвэрлэснээ дуулгасан нь тэр байж. Цаашлаад, талууд ужгирч хуримтлагдсан асуудлуудаа шийдэх зорилгоор хувь нийлүүлэгчдийн хурлыг тасралтгүй цааш үргэлжлүүлэхээр санал нэгдсэн бөгөөд Оюутолгойн 2013 оны 3 дугаар сарын үйл ажиллагааны зардлыг батлахыг зөвшөөрсөн. Ингэхдээ гуравдугаар сард багтаан анхны хөрөнгө оруулалтын зардал хэтэрсэн шалтгааныг тодруулах, дээрх чиглэлээр бусад хуримтлагдсан асуудлуудыг тодорхой болгох нөхцөлтэйгөөр хэд хэдэн шийдвэрийг гаргасан гэх агуулгатай мэдээллийг өгсөн юм.  

Тэгэхээр манай Засгийн газар, салбарын яамны зүгээс хувь нийлүүлэгчдийн хурлаас гарч байгаа шийдвэрүүдтэй холбоотой мэдээллүүдэд болгоомжтой хандаад байгаа нь Г.Уянга нарын гишүүдийн яриад байгаа шиг, дараа дараагийн шийдвэрлэх ёстой асуудлуудыг  шийдвэрлэхэд Засгийн газар, Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хэт дотносчих вий гэсэн харыг бас дагуулна.

Ямартай ч 28-ны өдрийн хуралдаанаар Монголын талын хувь нийлүүлэгчийн зүгээс ТУЗ-д тодорхой хугацаатай үүрэг, чиглэл өгч шийдвэрлүүлэх Оюутолгой ХХК-ний дүрэмд өөрчлөлт оруулах, Гүйцэтгэх удирдлагын түвшинд Монголын талын оролцоог хангах, Дотоодын аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэх, Төслийн санхүүжилт (Project Finance), Монголын банк, санхүүгийн байгууллагаар үйлчлүүлэх зэрэг 13 асуудлыг хөндөж тавьсан гэж буй. Мөн Засгийн газрын шийдвэрээр хуулийн болон санхүүгийн зөвлөхөөр баруунд их, дээд сургууль төгссөн, Монгол Улсын иргэнийг авч ажиллуулна. Хоёр тал Оюутолгой төслийн, тухайлбал барилга бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулах, урьдын адил бүрэн дэмжиж ажиллахаар нэгдсэн саналд хүрсэн гэх мэдээлэл өгсөн. Гэхдээ хоёр талаас хөндөгдсөн асуудал бүрээр яриа хэлэлцээг үргэлжлүүлж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, нэг бүрчлэн нарийвчлан тодруулах, нягтлахаар болж хуралдааныг түр завсарлуулсан гэж байгаа.

Тэгэхээр ер нь бол Оюутолгой урагшилдагаараа урагшилна. Харин урагшилж явах замд нь:  Монголын талд зөвлөх үйлчилгээ үзүүлсэн компанийн сонирхлын зөрчил, Хөрөнгө оруулалтын гэрээний хууль, тогтоомжтой нийцэхгүй байгаа заалт, Төслийн хөрөнгө оруулалтын зардлын хэтрэл болон ТЭЗҮ-ийн хэрэгжилт, Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилт,  Менежментийн үйлчилгээний төлбөр зэрэг асуудлуудын талаар тухайлж хэлэлцээд шийдвэрлэх юм болов уу гэж ойлгогдож байна.

Ерөнхийдөө бол манай талаас сүүлийн үед гадагшилж байгаа мэдээллүүд Монголын Засгийн газар, Рио Тинтотой ойлголцжээ гэдэг ойлголтыг өгч байна.

Э.Болорхажид

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top