Нефтийн хараат байдал гэдэг зовлонтой манай улс энэ оноос эхлэн газрын тос экспортлогч улс болох гэж байгааг З.Энхболд дарга хэд хоногийн өмнө дуулгасан. Түүнийг ингэж хэлсний дараа хэдийнээ экспортлогч болчихоод байхад юугаа яриад байгаа нөхөр вэ гэж хүлээж авсан талууд ч цөөнгүй. Учир нь олборлосон тосоо энэ оноос эхлэн экспортод гаргана гээд байгаа “Петро Чайна Дачин Тамсаг” компани нь аль хэдийнэ экспортод гаргаад эхэлчихсэн гэх мэдээлэл бий. Ер нь Дорнод аймагт газрын тосны дөрвөн компани үйл ажиллагаа явуулж байгаагаас хамгийн том нь “Петро Чайна Дачин Тамсаг”. Гэхдээ тус компани аймгийн төсөвт дорвитой нэмэр болж чаддаггүй. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ус, агаар бохирдуулсан, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан, тээвэр, газрын төлбөрийн зэрэг дөрвөн төрлийн татварт нийтдээ 335 сая 980 мянган төгрөг төлжээ.
Түүнчлэн газрын тосны салбарын нөхцөл байдлын талаарх мэдээлэл анхаарал татахаас аргагүй юм. Тэгвэл газрын тосны экспорт, түүнээс Монгол Улсын Нэгдсэн төсөвт төвлөрүүлсэн орлогын талаарх мэдээллийг салбар хариуцсан газраас ийн өгч байна.
Тамсагийн сав газрын газрын тосны олборлолт 1998 оноос туршилтын журмаар эхэлсэн бөгөөд 2016 он гэхэд үйлдвэрлэлийн хүчин чадалдаа бүрэн хүрэх аж. Газрын тосны олборлолт жил бүр өсөн нэмэгдэж буйтай холбогдон технологийн хүндрэлүүд үүсэхээс урьдчилан сэргийлж, олборлож буй тосыг газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтанд орох хүртэл хугацаанд экспортлох шаардлагатай болсон байна.
Тосон-Уул XIX, Тамсаг-XXI болон 1997 оны БХГ-т талбайн газрын тос нь дэлхийн газрын тосны аж үйлдвэрт мөрддөг түүхий тосны шинж чанарын хувьд дунд зэргийн, хүхэр багатай тосонд хамаардаг бөгөөд Тамсагийн сав газраас олборлож буй газрын тосыг Сингапурын бирж дээр борлогддог “Дачин 33” маркийн, Дорноговийн сав газраас олборлож буй түүхий тосыг Лондонгийн бирж дээр борлогддог “Брент” маркийн тосны тухайн үеийн борлуулах үнээр тус тус борлуулж байгаа аж.
2013 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар Дачин 33 маркийн газрын тос нэг баррель тутамд 106,32 ам.доллар, Брент маркийн газрын тос нэг баррель тутамд 109,65 ам.доллар байна.
Монгол Улсын хэмжээнд 1998-2012 оны хооронд нийт 13,32 сая баррель буюу 1,80 сая тонн тос олборлож, экспортлон газрын тосны орлогоос Монгол Улсын төсөвт 332,3 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байна.
Бүтээгдхүүн Хуваах Гэрээний дагуу гэрээлэгч нь олборлон экспортолж буй түүхий тосны 40 хувиар өртгөө нөхөх ба үлдсэн тосны БХГ-д заасан хувь бүхий тодорхой хэсэг нь Монгол Улсын Засгийн газарт ногддог.
2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Петрочайна Дачин Тамсаг ХХК нийт 1,66 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснээс нийт хөрөнгө оруулалтын 17,7 хувь буюу 294,8 сая ам.долларын өртгөө нөхөөд байна.
Харин Доншен газрын тос Монгол ХХК нийт 216 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийснээс нийт хөрөнгө оруулалтын 39,1 хувь буюу 84,6 сая ам.долларын өртгөө нөхөөд байгаа аж.
Тосон-Уул XIX, Тамсаг-XXI болон 1997 оны БХГ-т талбайн газрын тосны нөөцийн тооцооны тайланг (хуучин нэрээр) Эрдэс баялаг, эрчим хүчний яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр тус тус хэлэлцүүлж Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын “Нөөц бүртгэх тухай” тушаалаар дээрх гурван талбайн нийт 332,64 сая тонн баталгаат нөөц, үүнээс 43,258 сая тонн ашиглалтын баталгаат нөөцийг Монгол Улсын Ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд бүртгэжээ.
Монгол Улсын “Газрын тосны тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ын 12.1 дэх заалт, БХГ-ний 5.4 дэх заалт, ЭБМЗ-ийн дүгнэлт, ЭБЭХ-ний сайдын тушаалыг тус тус үндэслэн Газрын тосны газрын даргын 2010.02.22-ны өдрийн 18 дугаар болон 2011.06.29-ний өдрийн 111 дүгээр тушаалаар Тосон-Уул XIX талбайн уурхайн эдэлбэрт, 2011.08.08-ны өдрийн 128 дугаар тушаалаар 1997 оны БХГ-т талбайн уурхайн эдэлбэрт, 2012.12.10-ны өдрийн 207 дугаар тушаалаар Тамсаг-XXI талбайн уурхайн эдэлбэрт тус тус газрын тосны ашиглалт эхлүүлэх зөвшөөрөл олгосон байна.
Газрын тосны газрын даргын тушаалын дагуу Тосон-Уулын газрын тосны ордын ашиглалт 2010.02.22-ны өдрөөс, Зүүнбаян Цагаан-Элсний газрын ордын ашиглалт 2010.06.15-ны өдрөөс, Тамсагийн газрын тосны ордын ашиглалт 2012.12.06-ны өдрөөс тус тус эхэлжээ.
Газрын тосны тухай хуулийн 7.1-д “Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулахад зориулан эдэлбэр газрын зөвшөөрлийг орон нутгийн эрх барих байгууллага, уурхайн эдэлбэрийн зөвшөөрлийг Засгийн газар тус тус олгоно” гэж заасны дагуу газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулахад зориулан уурхайн эдэлбэр (ашиглалтын талбай)-ийн зөвшөөрөл олгох асуудлыг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 154 дүгээр тогтоолоор Тосон-Уул XIX, Тамсаг-XXI болон 1997 оны БХГ-т талбайд уурхайн эдэлбэрийн зөвшөөрөл олгосон. Ингэснээр Монгол Улс газрын тос олборлогч орон болжээ.
Э.Болор
Сэтгэгдэл ( 1 )
Dornod aimag ene Petro Daichin tamsag 2 chin hoorondoo yamar ch hamaar**gui yum shig l baidag gazar shuu dee...buh tatvar mungu n shuud ulsiin tusuv UB hot ruu darga nariin karman luu yavdag...