Нойр нь хүрэхгүй байгаа хүнийг монголчууд “үнэгний нүд залгичихсан юм шиг” гэдэг. Чухамдаа үнэгний нүд залгивал нойр хулждаг эсэхийг бүү мэд. Ортой ч юм билүү. Харин энд өгүүлэх Микулич гэдэг хүн 27 жил огт угтаагүй аж, өдөр бүр л “үнэгний нүд залгисан” юм болов уу. Югославын Благай тосгоны Микулич хэмээгч эр өнгөрсөн зууны дундуур буюу 1942 онд 7 настай байхдаа гэрийн гадна тоглож байжээ. Энэ үес ойролцоо гранат дэлбэрчээ. Мэдээж эх орны хоёрдугаар дайны үе байлаа. Жаал хүү тэр шөнө унтсангүй. Түүнээс хойш бүтэн 27 жил улиран одсон авч Микулич ганц ч хором дуг хийсэнгүй. Харин эрүүл мэндэд нь огтхон ч өөрчлөлт гараагүй бөгөөд ямар ч хэцүү тоог төвөггүй боддог, хэр баргийн юмыг мартдаггүй байсан гэдэг. Тэрээр зуны шөнө сэрүүн агаарт явж цагаа өнгөрүүлдэг байж. Бүх хүн амарч байхад ганцаар нойргүй хэвтэх нь хэцүү байсан нь мэдээж. Тийнхүү агаарт алхаж зугаалах нь түүнд амралт болдог байжээ. Микулич огт ядарч үзээгүй байна. Мань эр цэргийн албанд морджээ. Хамгийн сайн байлдагч гэгдэх болов. Нойрсдоггүйгээ дарга нартаа нуусангүй. Шөнийн манаанд гарахдаа маш дуртай. Цэргээс халагдаад арваад жил болсон хэрнээ ангид байсан бүх байлдагчдын бууны дугааруудыг огт мартсангүй, тэр ч бүү хэл зургаан оронтой тоонуудыг хэдхэн секундын дотор үржүүлж чаддаг байв. Ер нь ой тогтоолт гойд. Ийм нэг хачин хүн Микуличээс өөр байсан нь 47 жил ганц ч удаа эвшээлгээгүй, хоромхон зуур зүүрмэглээгүй, тэр ч байтугай наркоз хийхэд ч унтаагүй бас нэг сонин хүн Шведэд 78 нас хүрсэн гэдэг. Ханиад хүрч, хүндээр өвчилснөөсөө болж тийнхүү нойргүй болсон гэдэг. Унтдаггүй хүн байхад унтаад сэрдэггүй хүн бас байдаг аж. Хамгийн олон жил нойрссон хүний дээд амжилтыг Аугуста Лангард гэдэг эмэгтэй тогтоожээ. Тэрээр 22 жил унтаад сэрсэн байна. Тэр бүсгүй охиноо төрүүлээд зургаан цаг хагасын дараа унтчихжээ. Нүд нь хараатай, зүгээр амарч байгаа мэт хэвтдэг болж. Хүн гараа өгвөл хариуд нь гараа сунгана, хоол өгөхөд амаа ангайна. Харин тариа хийхэд огт мэдэрдэггүй. Хоног жил өнгөрсөөр, нөхөр нь үс нь бууралтаж, төрүүлсэн охин нь өсөн бойжоод эхээ асардаг боллоо. Үе чацуутнууд нь цагийн жамаар өтөлсөөр. Аугуста цэл залуугаараа нойрсоно. Гэтэл 22 жилийн дараа буюу 1941 оны 11 дүгээр сарын 23-нд сэржээ. Сэрэхдээ “Орой болчихож, хүүхэд маань өлссөн байх. Аль вэ хөхүүлье, нааш нь өгөөч” гэж хэлжээ. Хажууд нь буурал толгойтой өвгөн, огт үзээгүй залуу бүсгүй сууж байв. Учрыг нь олж хужрыг нь тунгаав. Гэтэл Аугуста сараар бус, хоногоор хөгширсөөр ганцхан жилийн дотор үе чацуутнуудаа гүйцэх нь тэр. Сэрснээсээ хойш тэр авгай тавхан жил амьдарчээ. Удаан хугацаагаар нойрсох буюу нойрсохгүй болдог учир шалтгааныг одоогоор ухаан гүйцэд тайлбарлаагүй гэх. Ямар нэг өвчин, гадны нөлөөгөөр тархины системийн ажиллагаа өөрчлөгдсөнтэй холбоотой гэж үздэг байна.
Э.Хархүү. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )