Пунцагийн Бадарч
Ардын уран зохиолч, МУСГЗ нэрт яруу найрагч П.Бадарчийг найрагч Д.Цоодол “Уянгын оргилыг дагуулагч” хэмээн цоллосон билээ.
Үнэхээр ч буурал Бадарч маань Монголын яруу найргийн дунд үеийн том төлөөлөгч юм. Түүний шүлгийн 10 гаруй ном нь монголын уран зохиолд хүндтэй байрыг эзэлнэ. Найрагчийн “Бөрттэй цагаан сарны доор” түүврээс хоёр шүлгийг та таалан болгоно уу.
Наргиа уянга
Хорвоо та, ганцхан удаа дурлах ёстой
Ховорхон заяаг хүнд өгсөн байтлаа
Хожим нь бас илүү сайхныг үзүүлж
Хоёр зүрхгүй намайг юунд зовооно
Адуу тургилсан намрын цагаан шөнө
Аяны майхны нөмгөн хормой дэрлэж
Хар цэцэг шиг нүдэнд
Найрын согтуу шиг унаж
Хамаг байдгаараа гуйхыг минь
Харсан байж, сонссон байж
Өнөө бас уярам харцаар ширтэж
Өр зүрхийг минь хөндөхийн учир юун
Хээрийн тэнгэрт одод бэлчиж байхад
Хээтэй майхны оноогүй хормой дэрлэн
Хашийн цагаан царайд
Гэрлийн эрвээхэй шиг шунаж
Хайрын өмнө хайлан байхыг минь
Харсан байж, үзсэн байж
Танхилхан гүнжийн хөөрхөн царайгаар
Та намайг ээрч юугаан хийнэ
Агь ханхалсан намрын шөнийн салхинд
Аяны майхны алаглах бөөр налан
Гал цэцэг шиг уруулнаас
Ганцхан усны нэрмэл шиг
Анхны хайрын дээжийг
Амтлахыг минь анзаарсан л байж
Ятга хөгжим шиг өвдөг дэрлэн
Янагийн дуу шиг аалиар юунд уяраана
Хамгийн хөөрхөн хүүхэн, таарлаа ч
Харахын төдий л эрхтэй үлдсэн
Өрхийн тэргүүлэгч “өвгөн” ахыгаа өршөө!
Өдөж хатгаж бүсгүй минь, битгий турш аа.
Бадарчин
Түвд гүмбэнг тэмтчиж
Мод тулж тэнэсэн
Аль цагийн бадарчин биш
Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат
Пунцагийн Бадарчин гэгч би байна
Хэзээний алдартай өвгөн шанданд
Хэлүүлэх нэргүй өнчин хондонд
Өргөст цоож салгуулан байж бахирсан
Өрлөг ижийнхээ ганц хүү би
Эрх багадаа үхэж
Ижийгээ тамлаагүй
Сайн хүү би
Идэр залуудаа салж
Эхнэрээ чамлаагүй
Сайн өвгөөн би
Нарт ертөнцөд
Надаас авах юм гэвэл
Энэ хоёр байна даа
Уйлсаан би их уйлсан
Унтаагаараа зүүдэлж уйлаад
Сэрсэн хойноо ч үргэлжлүүлж уйлсаан
Өр нимгэн хүнд
Энэ орчлон чинь
Өргөсөндөө бариулсан юм билээ
Дуулсаан би их дуулсан
Болжмороос нь эхлээд
Эх орноо бүтнээр нь дуулсан
Болох болохгүй
Бодолдоон даруулж
Үс минь эрт цайсаан
Загнуулсан би их загнуулсан
Залгих олгойтой мөртлөө
Замаа харах толгойгүй юмуу чи
Хичнээн ширхэг тамхи шившсэн
Дүдэв чи хө хэл!
Хичнээн шил архи гударсан
Лүдэв хө чи боль!
Нутгийн минь өвгөн ах
Нулимс цийлэлзтэл зэмлэсэн
Алтан үрэл мэт үнэт үгий нь
Алдалгүй тосож авсандаа л
Амьд яваа юмдаа би өнөөдөр
Ус ууж газар гишгэж явахад
Утас цохиж дуудаад л
Урьж залж дуулаад л
Улс эх орондоо хэрэгтэй ч хүн шиг
Үэнэдээ бол
Үгүй дээ та минь
Шал согтуу гуйвж явна ч гэх шиг
Шагнал урамшил горьдож сууна ч гэх шиг
Шаналгааны чинь л нэг шүү дээ би
Сайхан эх орон минь
Садан төрөл түмэн минь
Намайг өршөө!
Найман даагаар нь тэнгэрүүд орж гарах
Наран тоонондоо ганц унь өлгөсний дайтай
Навтрага шүлгээс минь нэг нь цээжинд чинь байвал
Найраг Бадарчаа гэж
Намайг дуудаарай
Мөрөөдлөөр дүүрэн орчлонд
Мөнхөрсөн чинээ баярлах Бадарчин шүү би
Сэтгэгдэл ( 0 )