Үеийн үед гарах боломжгүй гүн хар мөхлийн ангалд унагаасан гадаад өр

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 28

Өмнөх нийгмийн үед бид бодол санаагаа заримдаа буруу ярьж илэрхийлдэг байсан боловч харьцангуй зөв ойлгож сэтгэдэг хүмүүс байсан билээ. Харин ардчилсан бас чөлөөт зах зээлийн эдийн засагтай болсон, өмчийн бүрэн эрх чөлөөтэй байдлын үзэл санаа - либератари үзэл ноёрхсон өнөөгийн Монголын нийгэмд бол жирийн монгол хүмүүс байтугай эрх баригчид нь хүртэл буруу ярьж хөндлөн сэтгэдэг, “ардчилсан” олон нийт нь ч үүнийг нь бүүр ч буруу ойлгодог бас зөв эргэцүүлж сэтгэдэггүй шахуу болчихоод байна.

Учир нь бид өнгөрсөн жилүүдэд харийн “эрх чөлөөний” үзэл санаанд дэндүү туйлширч хамаг үүд хаалгаа, өврөө гадныханд чөлөөтэй нээж тавьж бас өөрсдөө багагүй тонгочсны гор гарч одоо нийгмийн оюун санаа маань бараг бүрэн "форматлагдсан", улс орны маань эдийн засаг байнгын "зах зээлийн" хямралтай, иймээс нийгмийн ялзрал задрал улам газар авч олон хүмүүс цөхөрч уур хилэнтэй явах болсон бөгөөд энэ бүхэн нийлээд сүүлийн үед бүр мухардалд гулсан орж байгаа нь илт байна. 

Үүний нэг жишээ бол Монгол улсын “шинэчлэлийн” ЗГ-ын бондыг тойрсон яриа билээ. Шинэчилсэн засгийн газрын нэг шинэлэг зүйл нь засгийн эрхийг авсныхаа дараа шуудхан л гаднаас их хэмжээний зээл авч өөрсдийн “ойлгож байгаагаараа” ашиглаж эхэлсэн явдал юм. Барууны “экономикс”-ыг эдийн засгийн шинжлэх ухаан гээд итгүүлчихсэн эрх баригчид мөн үүнд нь итгэчихсэн либерал эдийн засагчид “засгийн газар 1,5 тэрбум долларын бонд борлуулллаа, энэ бондоо Чингис бонд гэж нэрлэж байж жилийн 4,75 дундаж хувийн хүүтэй маш сайн борлуулж чадлаа, мөнгө босгож чадлаа” хэмээн сурталчилж байгаа. Үүнийг нь хэвлэл мэдээллийнхэн өлгөж аваад “бонд борлуулсан, бүтээн байгуулалт эхэлж байна” гээд л цааш нь цацсаар байна...

Тэгвэл энд юу нь буруу байгаа юм бэ гэж үү? Юуны өмнө бонд гэдэг бол өрийн баталгааны бичиг гэсэн утга бүхий англи үг юм. Харин Засгийн газрын бонд гэдэг бол тухайн үеийн газрын газар улс орныхоо өмч баялагийг барьцаалж ард түмнээрээ баталгаа хийж мөнгө - төлбөрийн хэрэгсэл зээлж авч байгаа, энэ зээлсэн мөнгөн хөрөнгийг бондод тодорхой зааж өгсөн байгаа хугацааны дараа мөн тохиролцсон хүүгийн хамт эргүүлэн төлж дуусгана гэсэн өрийн баталгааны бичиг юм. Энгийнээр хэлбэл, засгийн газар түр хугацаатайгаар хүүтэй мөнгө гаднаас зээлж авч хэрэглэж эхэлсэн гэсэн үг юм. Гэтэл ингэж гадаад том өр тавьж байгаагаа бонд гэгч нэг зүйл борлуулсан гэж сурталчилж байхад жирийн олонх хүмүүс “засгийн газарт бонд гээч нэг юм байгаа юм байна, иймд байгаа тэр зүйлээ л зарж борлуулсан юм байна, гэтэл юун өндөр хүү бас яригдаад байгаа юм бол оо” гэх мэт асуудлуудад толгой нь эргэсээр байна...

Үүний өмнө засгийн эрхийг барьж байсан хүчний явуулж ирсэн нийгэм-эдийн засгийн бодлогоос залхаж эмх замбараагүй байдал, хээл хахуульд живж ядуурч туйлдаад одоо “ардчилсан намд нь өгөөд үзье” гэсэн гэнэн итгэмтгий монголчууд өнөөгийн эрх баригчид нь гадаадад тавьж байгаа 1,5 тэрбум долларын асар том өрөө “Чингис бонд” буюу “Чингисийн өр” гэж нэрлэнэ чинээ төсөөлж чадахгүй сууж байгаа... Чухамдаа Чингис гэдэг нэр өгсний дараа л олон хүмүүс “бонд борлуулсан, мөнгө босгосон” гэдгийг “Засгийн газар маань байсан нэг юмаа эзэн Чингисийн нэр өгч үнэд хүргэж зарж мөнгөтэй болсон юм байна” гэж хүлээн авсан байгаа нь ажиглагдаж байгаа. Гэсэн ч энэ асар их өрийг хүүтэй нь хамт энэ Засгийн газар бус харин гэнэн итгэмтгий ард түмэн л хөлс хүч, баялагаараа гадныханд эргэн төлөх болоод үлдэнэ гэдгээ ойлгож ухамсарлаж байгаа болов уу.

Өнөөгийн “ардчилсан, чөлөөт зах зээлийн” Монгол улс гаднаас л валют олж ирэхгүй бол эсвэл валютын зээл л авахгүй бол эдийн засаг, амьжиргаа нь сүйрч сөнөчих гээд байдаг “хар тамхичин шиг” энэ хачин нөхцөлд яаж яваад орчихов оо?

1991 оны ардчилсан хувьсгалын яг араас Монгол улс ардчилсан улсуудын “жишгээр” олон улсын банк-санхүүгийн байгууллагуудын гишүүн улс болж Төв банктай болсон билээ. Түүний дотор Монгол улс Олон улсын валютын сан, Дэлхийн Банк, Дэлхийн Худалдааны Байгууллагын гишүүн болсон байгаа. Тэгвэл эдгээр байгууллагууд үнэхээр дэлхийн олон улс орнууд сайн дураар зөвшөөрч нийлж байгуулсан, тэдний хөгжил цэцэглэлийн төлөө байгууллагууд уу эсвэл цөөн хэдхэн том гүрнүүдийн ард байгаа хувийн мөнгө хүүлэгчдийн ашиг сонирхолыг зүтгүүлж байдаг тун өвөрмөц бүтцүүд үү?

ОУВСан ба Дэлхийн Банк бол дэлхийн II дайн дуусахаас бараг нэг жилийн өмнө (!) 1944 оны 7-р сард АНУ-ын Нью-Хэмпшир мужийн Бреттон Вуудс хотхонд байгуулагдсан, дайны дараахи дэлхий дахинд АНУ ба Британи тэргүүтэй барууны улсуудын улстөр - эдийн засгийн эрх ашгийг хамгаалан зүтгүүлэх зорилгоор байгуулагдсан бүтцүүд юм. Дэлхийн II дайнд тухайн үеийн аж үйлдвэржсэн бүх улс орнууд татагдан орж эдийн засаг нь бүрэн сүйрсэн, үндэстний мөнгөн тэмдэгт нь үнэгүйдсэн байсан, дайны дараахи бүтээн байгуулалтанд хэрэгтэй аж үйлдвэрийн бараа бусад нөөц баялагуудыг ганцхан АНУ-аас худалдан авах боломж үлдсэн байсан билээ. Ийм нөхцөлд дайны дараа АНУ-ын долларыг дэлхий нийтийн худалдааны цорын ганц төлбөрийн хэрэгсэл болгож харин долларын алтан баталгааг тэр үед дэлхийн бүх алтан нөөцийн 70 гаруй хувийг дайны үеийн худалдааны төлбөрийн замаар өөртөө хуримтуулсан байсан АНУ хангаж байхаар, харин бусад улс орнууд АНУ-ын доллараар өөр өөрсдийн үндэстний мөнгөн тэмдэгтийн баталгааг хийхээр тогтсон билээ. Энэ нь тухайн үедээ алтан баталгаатай доллараар дамжин бүх улс орнуудын мөнгөн тэмдэгт алтан баталгаатай болж байсан хэрэг юм...

Гэвч хүн төрөлхтний түүхэнд анх удаа нэг улсын мөнгөн тэмдэгт албан ёсоор бусад улс орнуудын мөнгөн тэмдэгтүүдийн баталгаа болж хувирсан хэрэг байлаа. Чухамдаа АНУ-ын долларыг дэлхийн улс орнуудын худалдаанд нэвтрүүлж долларын зах зээлийн эрэлт хэрэгцээг байнга нэмэгдүүлж бэхжүүлж байх, үүгээрээ дамжуулж бусад улс орнуудын эдийн засаг, улстөр-нийгмийг хяналт эрхшээлдээ оруулах үүргийг ОУВСан, ДБанк зэрэг олон тооны даяар байгууллага-бүтцүүд нь гүйцэтгэж ирсэн юм.

Гэвч дайны дараахи Европт хэрэгжүүлсэн Маршаллын, Японд хэрэгжүүлсэн Маккартийн төлөвлөгөөний дараа нийт эргэлтэнд байгаа цаасан долларын хэмжээ нь бодит алтан баталгаанаас хэдийнэ давсан нь тодорхой хүрээнд ойлгомжтой болж эхэлсэн байдаг. Ингээд 23 жилийн дараа 1968 онд тухайн үеийн Францын ерөнхий сайд Шарлль де Голь 1,5 тэрбум цаасан долларын нөөцөө дээрхи гэрээгээр тогтсон байсан ханшаар нь алтаар сольж авах хүсэлтийг АНУ-д тавьж санасандаа хүрсэн билээ. Түүний араас Герман, Япон зэрэг улсууд ч бас тэр үед хуримтлагдсан нөөц баялаг болох цаасан долларын нөөцөө “хатуу юм” болгохоор шийдэж алтаар сольж авах хүсэлт гаргаж АНУ-ыг хүнд байдалд оруулсан ба чухамдаа эндээс л доллар асуудалд орж эхэлсэн юм. Эцсийн эцэст 1973 оны 8-р сарын 15-нд Ерөхийлөгч Ричард Никсон ард түмэндээ хандаж үг хэлэх үеэрээ цаасан долларыг алтаар солих ажиллагааг түр зогсоосон тухай мэдэгдсэн билээ. Энэ мэдэгдэл нь энэ мөчөөс хойш ам.доллар бол алтан баталгаагүй зүгээр л нэг төлбөрийн цаасан хэрэгсэл болж хувирсан гэсэн үг байлаа...

Мөн энэ үеэс дотоодод нь цаасан долларын асар их хэмжээний зээлийн хөөс бий болж дотоод эдийн засгийн макро түвшинд тогтолцооны гажуудлууд нь улам гүнзгийрч энэ бүхний хажуугаар эдийн засагт санхүүгийн секторын эзлэх хувь хэмжээ улам бүр нэмэгдэж байснаас үүдсэн 1970-аад оны дундаас эдийн засагт нь хүчтэй уналт эхэлсэн юм. Гэвч АНУ энэ бүх асуудлаа 35 дахин бага ажлын хөлстэй Хятадад аж үйлдвэрлэлүүдээ гаргаж мөн дараа нь 1991 онд Хүйтэн дайны төгсгөлд социалист орнуудын үлэмж нөөц баялагийг цөлмөснөөр түр шийдэж чадсан бөгөөд дахиад 20 орчим жил тэсч чадсан юм. Гэвч энэ бүх далд гажуудлууд 2008 оны хямралаар ил шатандаа шилжсэн капиталист санхүү - эдийн засгийн загварт “ээлжит тун” нь болж чадах өөр нөөц боломжууд манай гариг дээр үлдээгүйг тов тодорхой ойлгуулсан юм. Энэ гарцаагүй байдал нь Түүх төгсгөлдөө ирчихлээ, сүүлчийн хүн бол Барууны хүн гэж бичиж байсан Фрэнсис Фукуямаг хүртэл энэ бодлоосоо татгалзахад хүргэсэн билээ. Энэхүү бодит байдал нь энэ удаагийн санхүү-эдийн засгийн хямралыг эдийн засгийн номлолын мухардал болгож хувиргасан бөгөөд энэ хямрал мухардлыг одоо “цаасан” мөнгөөр цутгаж л торгоож барьж байгаа. Гэвч энэхүү монетарист арга нь хүнд өвчтний өвчний шалтгаан-голомтыг эмнэхийг оролдохын оронд түүнд мэдээ алдуулах сүүлчийн “хар тамхины” тариа хийж байгаатай төстэй үйлдэл юм...

Ардчилал, даяарчлал зэрэг нэр томъёонууд бол дэлхий дахинг хяналт эрхшээлдээ оруулах зорилгоор барууны санхүү-улстөрийн элит хэсгийн төлөвлөж зохион байгуулж явуулж ирсэн чивэлт бодлогын цаад мөн чанарыг нуун халхавчлах зорилготой, гоё сонсогдох томъёолсон шошго нэр төдий зүйлүүд гэдгийг бид ойлгох ухаарах цаг хэдийнэ болсоон. 

ОУВСангийн гишүүн болсон олон улс орнууд дотоод санхүү-эдийн засгийн удирдлагаа аажмаар тус Санд алдаж үүнээс үүдээд дотоод нийгэм-улстөрийн бодлогоо улам бүр тэдэнд алдаж тухайн улс орон гадна талын эрхшээлд бүрэн шилждэг нь олон улс орнуудын жишээн дээр нэгэнт батлагдсан, өнөөдөр хүлээн зөвшөөрөгдсөн бодит байдал юм.

Иймээс гадаадын хөрөнгө оруулалт нь мэдээж тодорхой хэмжээнд байх ёстой олон улсын хамтын ажиллагааны нэг хэлбэр мөн боловч дотоод эдийн засагт эзлэх зохистой харьцаа алдагдаж үүний зэрэгцээ дотоодын үндэстний эдийн засгийн чадавхи улам буурах тусам гадаадын хөрөнгө оруулалт нь түр хугацааны, эдийн засгийн өсөлтийн гэж сурталчилж байгаа хөгжлийн  нэг гарц бус харин мөнхийн хар тамхичны ээлжит тарилга мэт болон хувирдаг гашуун туршлагууд олон байгаа билээ...

Манай улсад сүүлийн 20 гаруй жил болж өнгөрсөн бүтцийн өөрчлөлт, шинэчлэлийн үр дүнг өнөөдрийн өндөрлөгөөс эргэн харвал Монгол улс төгрөг-санхүүгийн талаасаа гадна талаас бүрэн хараат болсон, одоо 14 орчим тэрбум ам.долларын үндэстний гадаад өртэй; аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүд, хүнс ба өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдийнхээ 90 гаруй хувийг гадаадаас ам. доллараар авч хэрэглэдэг, дотоодын өргөн үйлдвэрлэл бараг байхгүй болчихоод байна. Иймээс манай улсын үндэстний хамаг нөөц баялаг гадаад валютаар дамжин гадагш урсан одож байгааа энэ байдал нь эдийн засгийн макробүтцийн маш том гажуудал, ажилгүйдэл, ядуурал, бүх зүйл дээр сул дорой байдал, эрүүл мэнд боловсролын уналтын гол шалтгаан нөхцөл болж байна. Сүүлийн 20 гаруй жилийн реформын үр дүнд экспортыг зөвхөн байгалийн нөөц баялаг, түүхий эдийн чиг баримжаатай болгосон байгаа нь хэзээ ч ажлын байруудын тоо олшрохгүй, ашиг орлого нэмэгдэхгүй, ядуурал дампуу байдал зогсохгүй болгож байгаа юм.

ДНБ нь 2011 онд өмнөх онтой харьцуулбал 17,8 орчим хувиар өссөн гэх боловч ядуурлын түвшин хүн амын 38,6 хувьтай байгаа нь үүний зөвхөн нэг баталгаа юм. Одоо манайд байнгын тогтмол хөдөлмөр эрхлэлтийн түвшин хангалтгүй хувьтай байгаа нь нийгмийн ялзрал, задрал хэзээ ч зогсох боломжгүй болгож байгаа юм.

Манай улсын мөнгө-зээлийн бодлогыг гадаад валютын нөөцөөс шууд хамааралтай болгосон нь гаднын бүрэн хараат байдалд оруулж эдийн засгийг хөгжүүлэх урт хугацаатай, хүү багатай зээлийн гүнзгий хомсдолд байнга барьж байна. Одоо төгрөгийн зээлийн хүү их өндөр байгаа /бодлогын хүү 11,5 хувь байгаа/ арилжааны банкны зээлийн хүү 16-18%, хугацаа нь 3 – 12 сар байгаа. Монгол улсын гадаад валютын орлого буурч байгаа энэ нөхцөлд урсгал тэнцлийг сажруулах, гадаад төлбөрийн үйлчилгээг хийхэд дахиад л гадаад зээл авах “донтол” нүүрлээд байгаа...

Ер нь Монгол улсын эдийн засаг уул уурхайн сураг, хөгжлийн амлалтыг сонссон цагаас зээлийн “хар тамхинд” улам донтож эхэлсэн ба одоо улс орон гадаад зээлийн гүн хар ангал уруу ниссээр байна. Учир нь гадаад худалдаа буурсан нөхцөлд өмнө нь авсан гадаад зээлийг төлөхийн тулд дахиад л гадна талаас зээл авч өрийн үйлчилгээг хийх болдог бөгөөд энэ байдал нь санхүү-эдийн засгийг “хар тамхинд” бүүр донтуулах гээд байгаа билээ...

Үүний зэрэгцээ боловсрол, эрүүл мэндийн тогтолцоо ч гаднын элдэв туршилт явуулганд өртөж бүрэн гажуудал хямралд орж энэ нь Монголын ойрын ирээдүйг бас л гадна талаас бүрэн хараат болгосоор байна. Манай хүүхэд, залуусын политехникийн боловсрол мэдлэг аажмаар доошоо гулган унасаар байгаа нь Монгол улсын ирээдүйг тун бүрхэг болгож байна. Политехникийн мэдлэг, чадвар бол чухамдаа баялаг, хөгжлийг бүтээдэг боловсрол, чадавхи юм. Политехникийн мэдлэг бол техник, технологи хөгжил баялаг юм.

Одоо залуу хойч үеэ орон сууцны зээлийн - мөнгө хүүлэлтийн асар том өрөнд унагаж байгаа нь эргээд манайд санхүүгийн асар том хөөс - эрсдлийг үүсгэж байна.

Энэ нь удахгүй гарцаагүй хага үсрэх бөгөөд үр дагаврууд нь олон жилийн турш ядуурал, тогтворгүй байдлыг нийгэмд бий болгоноо.

Дүгнэлт:

Монгол улсыг гадаад өрийн хар тамхинд оруулж донтуулж эхлээд байна!!!... Энэ бол хэдэн үеэрээ магадгүй, үе үеийн гарах боломжгүй гүн хар мөхлийн ангал юм. 

Монгол улсын мөнгө, санхүү - эдийн засаг гаднаас бүрэн хараат байдалд орсон байгаа учир бодит байдал дээр улс орны жинхэнэ удирдлага гадна тал уруу улам шилжсээр байна.

Монгол улсын эдийн засгийн өнөөгийн харийн үзэл санаа, албан ёсны номлол нь бидний хувьд гүнзгий алдаа төөрөгдөл болохыг сүүлчийн 20 жилийн санхүүгийн “хөөсөн/хоосон” өсөлт, ажилгүйдэл ядуурлын түвшин системийн шинжтэй буурахгүй байгаа нь нотолж баталж байна.

Дотоод эдийн засаг – нийгэм - улстөрийн байдал цаашид ч улам тогтворгүй болох энэ хандлага нь нийгмийг улам хагалж иргэний тогтворгүй байдалд ч хүргэж болзошгүй юм.

Монгол улс, монголын ард түмний маргааш, хойч ирээдүй маш бүдэг бадаг болсоор байна.

Уул уурхайгаас өндөр ашиг орж ирнэ гэж бид ГОРЬДОЖ хүлээж байсан нь талаар болж байгаа нь бүрэлдсэн энэ нөхцөл байдлыг нухацтай авч үзэж шийдвэртэй эргэлт шинэчлэл хийх болсныг харуулж байна.

Энэ нь хуримтлагдсан аливаа асуудлыг цаашид “хоноцын сэтгэлгээгээр” хялбарчлан авч үзэх эрхгүй болгож байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эж(202.179.20.206) 2013 оны 08 сарын 29

өрнөөсөө хурдан салах юмсан

0  |  0
Top