Кино ертөнцийн нэр хүндтэй наадмуудын нэг Венецийн кино наадам наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын долоон хүртэл зохион байгуулагдаж шилдгүүдээ тодруулах юм. 70 дахь удаагаа зохион байгуулагдаж буй Венецийн кино наадам Warner Bros кино компанийн бүтээл “Gravity” киногоор өчигдөр нээлтээ хийлээ. Холливудын “А” зэрэглэлийн жүжигчид гэгдэх нэрт од Жорж Клуни, Сандра Баллок нар гол дүрд нь тоглож буй уг кино шинэхэн трейллэрээ саяхан олны хүртээл болгож шинжлэх ухааны уран зөгнөлт киноны төрөлд тэсрэлт хийнэ хэмээн кино шүүмжлэгчдээс багагүй магтаал сонссон төдийгүй үзэгчдийн анхаарлыг ч татаад амжсан.
Онц сонирхолт, адал явдлаар дүүрэн энэхүү 3D кинонд “Harry Potter and the Prisoner of Azkaban”, “A Little Princess” бүтээлүүдээрээ дэлхийн сая сая үзэгчдийн танил болсон Америкийн найруулагч Альфонсо Куарон ажиллаж байгаа юм байна. Одоогоор тус наадамд оролцох бүтээлүүдийг зохион байгуулагчид албан ёсоор зарлаагүй ч шүүгчдийн бүрэлдэхүүнийг Италийн нэрт кино найруулагч Бернардо Бертолуччи ахлан ажиллах гэнэ. Тэрээр өмнө нь 40 дэх Венецийн наадмыг шүүж байсан туршлагатай ажээ. Ингээд 70 дахь удаагаа зохион байгуулагдаж буй Венецийн кино наадмын нээлтийн агшнаас хүргэе.

Сэтгэгдэл ( 0 )