Нью-Йорк. /ИТАХ-ТААС/. Хүчтэй хар салхи үргэлжлэн шуурч байгаа учир АНУ-ын Алабама,Арканзанс болон Теннесси муж улсад өнгөрсөн лхагва гаригт онц байдал зарлажээ. Си-Эн-Эн сувгийн мэдээлснээр, хар салхины улмаас тус улсын өмнөд нутагт 77 хүн амиа алдаад байна.
Хар салхины хурд цагт 160 км-т хүрсэн бөгөөд ширүүн бороо дагуулсны улмаас хэд хэдэн муж улсад үер болсон тухай цаг уурчид мэдээлжээ. Салхины эргэлтийн улмаас цахилгаан дамжуулах шугамууд гэмтсэн бөгөөд зөвхөн Алабама муж улсад гэхэд 245 мянган оршин суугч гэрэл цахилгаангүй болсон байна. Миссисипи муж улсад хэдэн өрх гэрэл цахилгаангүй болсон тухай тодорхой мэдээ байхгүй байгаа тухай тус бүс нутгийг цахилгаан эрчим хүчээр хангадаг компани мэдээлжээ. Цахилгаан хангамжийг сэргээхэд хэдэн өдөр шаардагдана гэж эрчим хүчний мэргэжилтнүүд ярьсан байна. Гэхдээ хар салхи хэдэн өдрийн турш үргэлжлэн шуурна гэж цаг уурчид мэдээлжээ. Мөн торнадо дэгдэх аюул нүүрлэсэн хэвээр байна. Түүний сацуу Блэк-ривер гол урсан өнгөрдөг Миссури муж улсад үер болж, голын ус эргээсээ хальсны улмаас үерийн далангууд эвдэрсэн байна. Усанд автсан дүүргүүдээс хэдэн мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
Эх сурвалж: Монцамэ
Сэтгэгдэл ( 0 )