Монголын хөрөнгийн бирж Лондонгийн хөрөнгийн биржтэй “Ажлын мастер гэрээ”-нд гарын үсэг зураад гурав дахь онтойгоо золгож байна. Ерөнхийдөө гэрээ төгсөх шатандаа хүрсэн гэсэн үг. Харин ингэж хамтарсны үр дүнд гарна гэж хүлээгдэж байсан их өөрчлөлт юу болов гэх асуултыг тавиад бүрэн дүүрэн хариулт авна гэдэг боломжгүй асуудал юм. Анх гэрээ байгуулагдаж байх үед хоёр, гурван жилийн дараа “Жижиг Лондонгийн хөрөнгийн биржийг” Улаанбаатарт байгуулсан байхыг хүсч байна гэж тухайн үеийн ТӨХ-ны дэд дарга О.Эрдэнэбулган хэлсэн нь “Financial times”-аар мэдээлэгдэж байв. Гэтэл өнөөдрийн тухайд тийм үр дүн хол байгаа бөгөөд гэрээ байгуулснаас хойш биржийг удирдсан удирдлагууд өөрсдийн хүсэлтгээр гэх тодотголтойгоор ажил үүргээ хүлээлгэн өгч байна. Гэрээ ирэх дөрөвдүгээр сард дуусах бөгөөд ажлаа өгч байгаа даргын хэлж буйгаар цааш нь үргэлжлээд явах сонирхол манайд байгаа. Лондоны талаас ч тийм сонирхолтой байгаагаа илэрхийлсэн гэж байгаа юм. Гэхдээ гэрээг үргэлжлүүлэхэд хүрэхэд бас асуудал байгаа аж. Учир нь манай талаас мастер гэрээний төлбөрийг 2012 оноос хойш бүрэн төлөөгүй өнөөдрийг хүрчээ. 2012, 2013 оных нийлээд гурван сая орчим ам.долларыг Лондоны талд манайх төлөх ёстой гэдгийг Х.Алтай дарга хэлсэн байна. Тэгэхээр бараг дөрвөн тэрбумд дөхөх шахуу энэ төлбөрийг манай нөхдүүд шийдэхгүйгээр цаашид тэдэнтэй хамтрах тухай гэгээн яриа ажил хэрэг болоход хэцүү. Ер нь эндээс харахад АН-ын тэргүүлж буй энэ Засгийн газар хөрөнгийн зах зээлийн хөгжлийн төлөө төдийлөн анхаарч ажилласан гэхэд эргэлзмээр. Хэдийгээр хууль тогтоогчид Үнэт цаасны тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиудыг батлан, хэрэгжүүлж эхлээд байгаа ч, анхаарал хандуулах, мөнгө зарцуулах ёстой асуудлуудаас хойш суусан харагдаад байгаа юм.
Уг нь талуудын байгуулсан гэрээний үр дүнд үнэт цаасны арилжаа явуулах орчин үеийн цогц системийг нэвтрүүлж, эрх зүйн орчин, дэд бүтэц, технологи, боловсон хүчний чадавхи олон улсын стандартад хүрнэ. Түүнчлэн гадаад дотоодын хөрөнгө оруулагчид орон зай, цаг хугацаанаас үл хамааран Монголын хөрөнгийн биржийн өндөр хурдны платформд холбогдож, арилжаанд хямд өртгөөр, урт хугацаанд, үр ашигтай оролцон, хөрөнгийн захаас бодит өгөөж хүртэх боломж бүрдэнэ гэж байсан. Мөн Монгол Улсын аж ахуйн нэгж байгууллагууд дотоодын хөрөнгийн захаар дамжуулан гадаад дотоодын хөрөнгө оруулагчдаас урт хугацааны, өртөг багатай санхүүгийн эх үүсвэр татах боломж бүрдэж, цаашлаад Улаанбаатар-Лондон-Торонтогийн 24 цагийн арилжааны бүсэд холбогдон, олон улсын санхүүгийн зах зээлд гарах боломж нээгдэх болно гэсэн зүйлийг ярьж байлаа. Түүнчлэн олон улсын санхүүгийн томоохон төвүүдийн нэг, зах зээлийн багтаамж, арилжааны хэмжээ, нэр хүндээрээ дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд багтах Лондонгийн хөрөнгийн биржтэй урт хугацааны үр ашигтай түншлэлийн харилцаа тогтоосноор олон улсын тавцанд Монголын санхүүгийн зах зээлийн нэр хүнд өсөн, баталгаажина гэсэн өөдрөг байр суурийг Монголын хөрөнгийн биржийн зүгээс илэрхийлж байлаа.
Гэтэл манай баялгаар барьцаа хийсэн гадны нөхдүүд олон улсын биржүүдээс сая саяар нь доллар босгодог байдал хэвээрээ л өнөөдрийг хүрэв. Хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудал ажил хэрэг болж Үнэт цаасны зах зээлийн тухай хууль батлагдаад байгаа ч, технологийг нь авч байгаа Лондонгийн бирждээ өрөө төлөхгүйгээр өөдөлж дэвжих боломж хэцүү болж таараад байна. Засгийн газраас Тавантолгойг түшиглэн байгуулсан компанийн 20 хувийг Монгол улсын иргэдэд эзэмшүүлж, хувьцааг МХБ дээр арилжих нөхцөл тавьсан. Гэтэл хөрөнгийн биржийн хөрвөх чадвар муу, хөгжлийн түвшин ийм хэвээрээ байгаад л байдаг. Угаас дотоод хөрөнгийн зах зээлд хувьцааг гаргахаас урьтаж хөрөнгийн биржийн хөрвөх чадвар, үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай байгаа гэдгийг гадныхан хэлээд л байгаа. Тэгэхээр техник талаасаа шинэчлэгдсэн харагдах Хөрөнгийн биржээ илүү тордож, өөр шатанд аваачих гээд л байгаа юм бол ингэж хаяж болмооргүй юм.
Б.Итгэлт
Сэтгэгдэл ( 1 )
kk meddeg mergen tsoohor bh nee, hulsnii garuud