Монголчуудыг хулхидсан Никол Шерцингер “Космополитан” сэтгүүлийг дампууруулж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 30

“Дэлхийн одод Монголд” хэмээх сүржин нэртэй даржин шоу өнгөрөгч оны 12-р сард Яармагийн дэнжид болжээ. Уг шоуг “Космополитан” сэтгүүлийн Монгол хувилбарыг гаргаж байгаатай холбогдуулан  “Ирмүүн” гэдэг хэвлэл дизайны агентлагаас зохион байгуулсныг уншигчид мэднэ. Дэлхийн одод гэдэг нэрийн дор “Pussycat dolls” хамтлагийн дуучин Никол Шерцингер, Орос, Буриадын хэдэн дуучид багтаж байв. Никол бол ямар ч маргаангүй дэлхийн супер од. Харин бусдыг нь монголчууд танихгүй байлаа. Гэхдээ монголчууд Николыг үзэхийн төлөө 33000 - 199000 төгрөгийн тасалбарыг худалдан авсан билээ. Суудлын зэрэглэлээс хамаарч зохион байгуулагчид тоглолтын үнийг ийнхүү тогтоожээ.

Ингээд Никол гэдэг хүүхнийг харахаар, ядаж “салхин доогуур” нь гарахаар хэтэвчээ гөвөх нь гөвж, зарим нь ээмэг бөгжөө ломбардаж үнэтэй тоглолтын тасалбарыг худалдаж авсан. Дэлхийн 100 гаруй оронд 120 сая уншигчтай “Космополитан”сэтгүүлийг унших болсондоо Монгол бүсгүйчүүд хэрэндээ л баярлаж, бас Николтой уулзах өдрийг хоног тоолон хүлээсэн. Харамсалтай нь тоглолтын өдөр болоход Никол ирээгүй. Зохион байгуулагч “Ирмүүн” агентлаг тасалбар авсан олон түмэнд тайлбар хийхдээ “Никол Германаар дамжин Монгол ирэх байсан. Тэр Монголд ирэхийн тулд хоёр хоног зарцуулах хэрэгтэй учир энэ нь Николын ажлын хуваарьт нийцэхгүй байгаа учир ирж чадсангүй” гэлээ. Тэнэг л биш бол хэн ч итгэмээргүй, өрөвдмөөр бас гаж тайлбар. Тэр том одыг урьж байж, ийм үнэтэй билет зарж байж энэ хүмүүс яагаад гэрээ хийгээгүй юм бол. Эсвэл гэрээтэй байгаад зөрчсөн бол Николыг будаа болгомоор юм. Ундууцаж бухимдсан үзэгчид тасалбараа буцаая гэж хашгиралдаад л  яармагийн дэнж дэх спортын цогцолбор тоглолтын өдөр нэг л хааш яайш. Арга ч үгүй биз дэлхийн одыг харах л гэж  өндөр үнээр тасалбар авсан болохоор. “Тэр алдартай одын хийх ажлынх нь төлөвлөгөө бүтэн жилээрээ шахуу урьдчилаад гарчихдаг юм гэнэ лээ. Тиймээс ийм зүйл болох учиргүй. Биднийг хулхидчихлаа ш дээ” хэмээн ам булаалдан ярьцгааж байлаа. Бас “Ирмүүн” агентлаг дэлхийн том одын нэрийг барьж ийнхүү хулхидав уу ч гэх тайлбар гарч байсан. Үнэндээ ч “Ирмүүн” агентлаг тоглолтын өмнө билетээ буцаахаар хандсан хүмүүсийн хөлд дарагдаж, том шатсан.

Энэхүү хэрэг явдал үзэгчид хохирсноор өндөрлөсөнгүй. “Ирмүүн” агентлагийн захирал Дэлгэржаргал шүүх, хуулийн байгууллагад дуудагджээ. Учир нь тэд бусдаар гүйцэтгүүлсэн ажлынхаа хөлсийг өнөөдрийг хүртэл төлж чадсангүй. Санхүүжилт байхгүй, бид дампуурал дээр тулаад байна гэж ажилчид нь учирладаг ч, Дэлгэржаргал захирал болохоор худлаа “томорч”, элдэв төрлийн арга саам хийдэг нь түншүүдийнх нь эгдүүг хүргэжээ.

Бизнест эрсдэл учрах үе гаралгүй л яахав. Гэхдээ шударга байж, учирсан хохирол бодит нөхцөл байдлыг хамгийн түрүүнд түншүүддээ тайлбарлах учиртай. Харин Дэлгэржаргалын хувьд бусад руу буруугаа чихэж, харилцагчдаа үл хүндлэх болсон нь шүүхийн хаалга татахад хүргэжээ.

Нэлээдгүй олон сая төгрөгийн өрөнд орсон “Ирмүүн” агентлаг цаашид “Космополитан” сэтгүүлийг тогтвортой эрхлэн гаргаад явах боломж хомс болсон нь санхүүгийнх нь байдлаас ажиглагдаж байна. Хэрвээ тус сэтгүүлийн Монгол дахь салбар дампуурвал дэлхий дахинаа нэр нь түгсэн тус сэтгүүлийн олон улс дахь нэр хүндэд муугаар нөлөөлж таарна. Тиймээс “Ирмүүн” агентлаг “Космополитан” сэтгүүлийн Монгол дахь эрхээ дампуурахаасаа өмнө хураалгах ч аюул байгаа юм.

Ер нь шоу менежер нэр зүүсэн манай залуус “ус үзээгүй хормой шуудгаа” больж гадны соёл, гадны од гэж хөл алдахаасаа илүүтэй хатуу гэрээ хэлцэл, бодит байдалд нийцүүлж ажил хэргээ хөтлөн явуулах шаардлагатайг “Ирмүүн” агентлагийн жишээ харуулж байна.

Б.Сараа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top