Шатахуун импортлогчид өнөөдөр оройноос эхлэн түлшний үнийг 50-90 төгрөгөөр нэмэгдүүлэхээр болжээ. Тэгэхээр алдагдалтай ажиллаж байгаа талаараа дандаа хэлж ярьдаг импортлогчид энэ удаа шийдвэрээ гарган үнээ нэмж байгаагийн үндэслэл бодьтой юу, эсвэл гэдэг асуудал анхаарал татаж байна. Импортлогч компаниудын зүгээс байр сууриа илэрхийлэхдээ төлж байгаа бүх татвар, шатахуун авч байгаа үнэ гэхчлэн үйл ажиллагааны бүх зардлаа тооцоод үзэхээр АИ-92 түлшийг -83 төгрөгийг алдагдалтай, дизель түлшийг -150 төгрөгийн алдагдалтайгаар хэрэглэгчдэд хүргэж байгаа гэсэн тооцоолол байдаг. Тэгээд компаниуд 3-5 хувийнхаа ашгийг хийхийн тулд АИ-92 түлшний литр тутмын үнийг 130 төгрөгөөр нэмэх шаардлага байгаа гэдэг. Ингэж ярьж байгаад зарим компаниуд өнгөрсөн намар 50 төгрөгөөр үнээ нэмснийг, Газрын тосны газар зэрэг холбогдох байгууллагаас түргэдсэн шийдвэр боллоо хэмээн дуугарахад хүргэсэн юм. Харин импортлогчдын зүгээс үнэ нэмэх болсон шалтгаанаа ганц эх үүсвэр болсон Оросын тал экспортын үнээ зуныхтай харьцуулахад нэмчихсэн байгаатай холбон тайлбарласан. Мөн “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах SIFS” гэсэн дэд хөтөлбөрийн хүрээнд олгогддог зээл нь тухайн компанийн эргэлийн хөрөнгийг 100 хувь хангадаггүй. Засгийн газраас мөнгө авсан ч, компаниуд арилжааны банкуудаас мөнгөө зээлсэн хэвээрээ бөгөөд өндөр хүүгээ төлдөг. Тиймээс экспортын үнэ нэмэгдэхээс гадна өндөр хүү төлж байгаа учраас долларын ханшийн хэлбэлзлийн эсрэг хамгаалалтын үзүүлэх нөлөөлөл сулраад байна гэсэн зүйлийг ярьж байсан.
Тэгвэл одоогийн нөхцөл байдлыг харахад ОХУ газрын тосны экспортын татвар тонн тутамд 14,7 ам.доллараар бууруулж, 386,3 ам.доллар болгож байгаатай холбоотойгоор манай бензиний экспортын татвар 13.3 ам.доллараар буурч орж ирж таарч байгаа. Тэгэхээр одоогийн нөхцөл байдлыг аваад үзэхээр импортлогчдын нуруун дээрээс экспортын үнийн дарамт балбаад байх нь харьцангуй гайгүй мэт. Харин ам.долларын ханшийн чангаралт голлох нөлөөллийг үзүүлж байгаа гэж харах нь үндэслэлтэй юм. Ханшийн чангаралт энэ салбарт тогтворгүй байдал үүсгэдэг. Эргэн санахад арваннэгэн оны сүүлчийн саруудад, арванхоёр оны эхээр ам.доллар төгрөгийн эсрэг 200 шахам төгрөгөөр чангарсан нь шатахуун импортлогч компаниудыг алдагдалтай ажиллахад хүргэж байгаа талаар яригдаж борлуулалтын үнэ нэмэгдэж байсан билээ. Тэгвэл одоо ам.долларын төгрөгтэй харьцах албан ханш 1730 төгрөгөөс буухгүй байна. Төгрөг ам.долларын эсрэг хүчгүйдэх байдал сүүлийн саруудад хадгалагдсаар байна. Энэ нь импортлогчид ам.долларын өсөлтийн өмнө хүчин мөхөсдөж, шатахууны импортын хэмжээ багасч, улмаар хоёр жил гаруйн өмнө нүүр тулсан шатахууны хомсдолд дахиад хүргэх вий гэх сэрэмжийг төрүүлж таарч байна.
За харин төрийн зүгээс шатахууны салбарт нөлөө үзүүлдэг жишгээрээ энэ удаад хэрхэн оролцох бол гэсэн асуудал мэдээж гарч ирж байна. Өнгөрсөн намар импортлогчид үнэ нэмэхэд Засгийн газар өөрөө хүч түрэн орж ирсэн, нөлөөлсөн, буулгасан. Ерөөс 2012 оны нэгдүгээр сараас хойшх түлшний үнийн өсөлт, бууралттай холбоотой асуудлууд дахь төрийн оролцоог тод харагдаж байгаа. Гэтэл бодит нөхцөл байдлыг аваад үзэхээр төр энэ салбарыг хүчээр шантаажлан барих бус, үнэ тогтворгүйтэх гээд байгаа урхаг шалтгаантай л тулж ажиллах шаардлага харагдаад байгааг энэ Засгийн тэргүүн Н.Алтанхуягт сануулъя.
Б.Итгэлт
Сэтгэгдэл ( 3 )
Ашигтай ажилладаг байгууллага байдаг юм уу. Бүгд л алдагдалтай гэх юм. Алдагдалтай ажиллаж байгаа компаниуд энэ олон жил модоо бариад дампуурчихгүй яасан юм бэ. Байнга л алдагдалтай ажиллаж байгаа хэрнээ өрөгжөөж томроод л байдаг. Их л алдагдалтай ажиллаж байгаа юм байна л даа зайлуул үнээ сайн нэмээд бай.
Үнэ нь нэмэгдсэн ч манай ардууд худалдан авах бүрэн чадвартай. АН ялснаас ард түмний амьдрал эрс сайжирч, бензин тосны үнээ сайн нэмээч ээ, цалин хөлсөө багасга аа, бүр цалингүйгээр бид ажиллая гэж эх оронч санаачлага гаргаж байгаа хүмүүс олонх нь байна. Хуучин нийгмийн үлдэгдэл маш цөөн тооны коммунистууд л бүхнийг хараар будаж, мөнгө мөнгө гээд үхчих гээд байна. Ардчилалд хайртай манай ард түмэн үнэ хөлсгүй ажиллахын төлөө байна. Мөнгө мөнгө гээд байгаа цөөхөн хэдэн коммунистууд та нар ичээч.
OSHOO sain nemeechee arai hyamdhan bna. tsalin tetgeveree buuruulaachee arai Ih bna