Ай.Төмөр-Очир
МЗЭ-ийн шагналт яруу найрагч, сэтгүүлч, зураач Төмөр-Очир Сүхбаатар аймгийн уугуул. “Адууны нутаг Дарьганга”, “Даврах уяаны морьд”, “Эмнэг хар азарга”, “Азын дөрвөн морь” зэрэг яруу найраг, нийтлэлийн ном бүтээжээ. Найраг шүлгийн олон шагналын эзэн, 2011 оны “Тусгаар тогтнол” улсын уралдааны тэргүүн шагналтай. “Морин судар”, “Инээдмийн суварга” номууд нь удахгүй олны мэлмий мялаана.
“Атга чимх шорооныхоо төлөө
Алга дарам газрынхаа төлөө”
Амаа нээж амиа гээж явдаг агсам найрагчийн цөөн шүлгийг ард монгол Танаа өргөж байна.
Төр өмөөрөх шүлэг
Догшин мориноос айсан бол
Эмээлээ тохоход хэцүүхэн
Доголон унаагаар гарсан бол
Наадамд очих зэвүүхэн
Харшсан зусаал эмээллээд
Хаана очно гэж найдах вэ
Хазгар азарга зайдалчихаад
Хаа гуя руу нь ташуурдах уу
Төлөг шиг дааганы зоонд
Мөнгөн эмээл ахадна
Төр засгийн жолоон дээр
Хөнгөн хүүхэд багадна
Унагалах гүү уургалчихаад
Ууланд ан хийж болох уу
Ухаан мууттай нөхөрлөчихөөд
Улсаа хөгжүүлж чадах уу
Засаа нь буугаагүй үрээгээр
Азарга тавибал инээдэм
Засаг даргын сэнтий дээр
Адсага дэвсвэл эмгэнэл
Үрээ айлгахгуй азаргатай бол
Үржилт сурэг минь уруудна
Үнэнээс зугатдаг ноёдтой бол
Монголын төр буруутна
Ай шүлэг
Би,
Эцэг Есүхэйн эрхий
Чингис хааны чигчий
Алтан ургийн алга аа
Агт морьдын туур-Ай
туурай
Би,
Сүх жанжны сур
Сүрлэг Балбарын ур
Хувь заяаны хур аа
Хуучин цагийн хуур-Ай
хуурай
Би,
Тал нутгийн тас
Там жамын цус
Уянга дууны түрлэг
Улс төрийн буур-Ай
буурай
Би,
Галданбошигтын цөстэй
Галсандашийн зүстэй
Адуу тэнгэртэй найрагч аа
Анд сэтгэлийн цуур-Ай
цуурай
Би,
Нохой жилтэй хүн
Хун хэлтэй нохой
Ногтолж болохгуй ятуу
Нойтон тамиртай адуу
Төмөр-Очир-Ай
Согтуу бүсгүйд өшрөх шүлэг
Хөдөө хоносон үнээ шиг
Дэлэн нь сэрийсэн хүүхнүүд
Хөлөөрөө толгой хийж
Хөсөр унан согтуурахад
Алтан ургийн цус
Асгаж цутган бузартана
Монголын заяа хэлтийж
Морь хүртэл хараана
Өвөр хүрмийнхээ чоныг өмөөрч бичсэн шүлэг
/Д.Батмөнх-д/
Манай нутгийн чононд
Мангас санаа байхгүй
Махнаас гарч чадахгүй ч
Малаа цочоохгүй жудагтай.
Хээр талын боохой
Хэнхэг суугаагүй цатгалан
Өвсөнд орж чадахгүй ч
Өртсөнөө хүүлэхгүй өегдүү
Тарвага мөндлийг таална
Тарлах гөреөсийг тоолно
Таарсан бүхнээ айлгахгүй
Тарсан сүргийг үргээхгүй
Буянтны буяныг бусниахгүй
Бууны амыг чиглэхгүй
Халуун хошуутад халдахгүй
Хангайдаа ханхар завилна.
Адуу дэрлээд унтсан ч
Амаа ангайхгүй жимийнэ
Бяруу налаад өнжсөн ч
Бяраа гаргахгүй цагираглана.
Хэвтээ хонь босгочихвол
Хэрэг тарилаа гээд зугтчихдаг
Хээгүй зан нь хэтрэх аваас
Хэлээ гаргаад дооглож мэдэх
Өвөр хүрмийн морин чоно
Өрөөлд халгүй хонин чоно
Ар цармын азарган чоно
Амьдралд хайртай арзгай өвгөн
Хэрээ шаазгай хоёрын
Хэлийг нь мэддэг шидтэйсэн
Хэрүүлч заргач хоёрын
Нүдийг таглах идтэйсэн
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )