БНАСАУ зургаан талын хэлэлцээнд оролцогчдын хэнтэй нь ч урьдчилсан болзолгүйгээр яриа хэлцээ хийх бодолтой байгааг БНСУ-д мэдээлэхийг Умард Солонгосын удирдагч Ким Чен Ир хүсчээ. Энэ тухай БНАСАУ-д айлчилсан АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картер Сөүлд болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна. Ким Чен Ир БНСУ-ын Ерөнхийлөгч И Мён Багтай ямар ч асуудлаар хэдийд ч яриа хэлцээ хийж эхлэхэд бэлэн байгаа ажээ. Жимми Картер тэргүүтэй төлөөлөгчид БНАСАУ-д гурван өдрийн айлчлал хийснийхээ дараа БНСУ-д иржээ. АНУ-ын хуучин Ерөнхийлөгч Ким Чен Иртэй биечлэн уулзаж чадаагүй ч мордохынхоо өмнө Умард Солонгосын удирдагчийн аман илгээлтийг хүлээн авсан байна. Ж.Картер дөрөвдүгээр сарын 26-нд Пхенъянд хийсэн айлчлалаа эхэлжээ. Тэрбээр БНАСАУ-ын Ардын дээд хурлын Байнгын зөвлөлийн дарга Ким Ён Нам, ГХЯ-ны сайд Пак Ы Чун нартай уулзаж, тэрчлэн Пхенъяны гадаад хэлний дээд сургууль, Пхенан-Нампо дахь Сувилагчийн сургууль болон бусад сургуульд очсон байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )