Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубарак жагсагчид руу гал нээх тушаал өгсөн нь нотлогдвол түүнд цаазаар авах ял оноож магадгүй байна. Энэ тухай тус улсын Хууль зүйн сайд Мухамед-аль-Гинди мэдэгджээ.
Өнгөрөгч хоёрдугаар сард Мубаракийг огцроход хүргэсэн олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа болсны дараа Египетийн төрийн эрхэнд шинэ Засгийн газар гарсан билээ.
“Жагсагчид амь үрэгдсэнд Мубарак буруутай нь нотлогдвол түүнд цаазаар авах ял онооно. Түүнийг өршөөж чадах хүн бол зөвхөн шинэ Еренхийлөгч л юм” гэж сайд хэлжээ. Тус улсад арваннэгдүгээр сард Ерөнхийлөгчийн сонгууль болох юм. Аль-Гиндигийн тайлбарласнаар, Мубарак жагсагчдын амийгхөнөөсөнд холбоотой эсэх нь Дотоод хэргийн сайд асан Хабиба-аль-Адлигийн өгөх мэдүүлгээс шалтгаална.
Мөн ойрын хугацаанд Мубаракийн эхнэр Сюзаныг байцаах бөгөөд түүнийг удирдаж байсан төрийн бус байгууллагаар дамжуулан нийтийн сан хөмрөгөөс мөнгө завшсан хэрэгт сэжиглэж байгаа юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )