Сүүний үйлдвэрийн эзэн бүх насаараа хорих ял авчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 02


Хятадад меламины хэргээр 14 хүнийг шийтгэв. Тэд бүгд меламин буюу гялгар уут болон галд тэсвэртэй материал бэлтгэхэд ашигладаг органик бодисоор сүү бэлтгэж, борлуулсан хэрэгт буруутгагдсан байна. Хуурай сүүнд агуулагдах уургийн хэмжээг хангалттай хэмжээгээр агуулагдаж байгааг харуулахын тулд уг химийн бодисыг хольдог ажээ. Меламин агуулсан хуурай сүү байнга хэрэглэх нь бөөрний чулуу үүсгэхэд хүргэдэг байна. Өнгөрсөн онд меламинтай холбоотой хэргийг мөрдөн шапгах явцад Шанхай хотод 2132 тонн хуурай сүү хураажээ. Мөн Шаньси, Шаньдун, Ляонин, Гүйжоу, Жилинь болон Хэбэй мужуудад их хэмжээний сүү хураасан байна. Нинся-Хуэйн өөртөө засах дүүргийн сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хоёр компанийн үйл ажиллагааг зогсоосон бөгөөд хуурай сүүнд меламин хольж, борлуулсан хэргээр 96 хүнийг баривчилжээ. Өнгөрсөн баасан гарагт Хятадын Шаньси, Хэбэй мужийн шүүх дээрх хэрэгт холбогдсон 14 хүний буруутайг тогтоосон байна. Шаньси мужийн Зиньжун тойргийн ардын шүүхээс үйлдвэрлэгч Ли Баошэнд меламинтай сүү үйлдвэрлэснийх нь төлөө бүх хөрөнгийг нь хурааж, насаар нь хорих ял оноосон байна. Өнгөрсөн оны долдугаар сард түүнээс нийт 4415 сая юанийн /671 сая орчим доллар/ үнэтэй бохирдсон сүү хураажээ. Харин 11,31 тонн меламинтай сүү үйлдвэрлэсэн Ци Вэйган гэгчид бүх насаар нь хорих ял оноосон байна. Меламинтай сүү худалдаалсан хэрэгт холбоотой Хэбэй мужийн дөрвөн оршин суугчид их хэмжээний мөнгөн торгууль оноож, 10-15 жил хорих ял оноосон бөгөөд хэрэгт холбогдсон бусад хүмүүст арай хөнгөн шийтгэл ногдуулжээ.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top