Хятадын Статистикийн хорооны дарга Ма Зентань 2011 оны дөрөвдүгээр сарын 28-нд Төрийн зөвлөлийн мэдээллийн танхимд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард зохион байгуулсан Хятад улсын хун амын 6 дахь удаагийн тооллогын дүн, холбогдох тоо баримтын талаар гадаад дотоодын сэттүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр энэ удаагийн тооллогын дүн, тоо баримтыг 2000 оны тооллогын тоо баримттай харьцуулан тайлбарлалаа. Хятад улс 2010 оны байдлаар нэг тэрбум 370 сая 536 мянга 875 хүн амтай болж, хүн амын өсөлт жилд дунджаар 0.57 хувь, нийт хүн амын дунд хүйсийн харьцаа эрэгтэй 52.27 хувь, эмэгтэй 48.73 хувь байна. Энэ удаагийи хүн амын тооллогын дүнгээс харахад 2000 оноос хойш 10 жилийн хугацаанд тус улсын хүн ам 73 сая 900 мянгаар нэмэгдсэн нь 1990-2000 онтой харьцуулбал хүн амын өсөлт 1.07 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа аж.
Өнгөрсөн тооллогоор Хятадын бүх муж, өөртөө засах орон, хотуудад нийт 401 сая 52 мянган өрх тоологдож, нэг өрхийн дундаж хүн амын тоо 3.1 хүн болсон нь, 2000 оны тооллоготой харьцуулбал 0.34 хувиар цөөрчээ. Хүн амын дунд 0-14 насны хүүхэд 16.6 хувь болсон нь 2000 оны тооллогын дүнгээс 6.29 хувиар бага байна. Харин 60-аас дээш насны хүмүүсийн эзлэх хувь 13.26 хувь байгаа нь 2.93 хувиар өссөн байна. Нийт хүн амын дунд хан үндэстэн 91.51 хувь, цөөн тоот жижиг үндэстэн 8.41 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 10 жилд хан үндэстэн 0.08 хувиар цөөрч, цөөн тоот үндэстэн энэ хувиар өсчээ. Энэ нь төрөөс цөөн тоот үндэстний төрөлтөд уян хатан бодлого гаргасантай холбоотой юм.
Хүн амын дунд, дээд боловсрол эзэмшсэн хүний хувь нэмэгдсэн байна. Энд 2000 онд 100 мянган хүн тутамд 3611 хүн дээд боловсролтой байсан бол өнөөдөр 8930 болж, бүрэн дунд боловсролтой хүний тоо 1146-аас 14032 болж өсчээ. 15-аас доош насны хүн амын дунд бичиг үсэггүй хүний тоо 6.72 хувиас 4.08 хувь болж буурчээ. Нийт хүн амын 49.68 хувь нь хот суурин газар амьдарч байгаа нь 2000 оноос 13.46 хувиар өссөн байна. Улсын газар нутгийг бүсчлэн авч үзвэл зүүн бүс нутагт буюу далайн эрэг дагуух бүс нутагт хүн амын 37.98, төвийн бүсэд 26.76, баруун бүсэд 27.04, зүүн хойд бүсэд 8.22 хувь нь амьдарч байна. Энэ тоог 2000 онтой харьцуулбал зүүн бүс нутгийн хүн амын эзлэх хувь 2.41 хувиар нэмэгдэж, бусад бүс нутгийн хүн амын эзлэх хувь буурсан байна. Хүн амын шилжилт хөдөлгөөнийг авч үзвэл өөр муж хотуудад 6 сараас дээш хугацаагаар амьдрах түр зөвшөөрөлтэй иргэдийн тоо 261 сая 900 мянга байгаа нь 2000 оноос 81.03 хувь нэмэгджээ. Энэ нь хөдөө орон нутагт ажилгүйдэл нэмэгдэж, эдийн засаг хурдацтай өсөж бүтээн босголт их хэмжээгээр хийгдэж буй томоохон хот сууринд ажлын байр бий болсонтой холбоотой юм гэж тэрээр тайлбарлав.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )