Толгойг нь цавчиж, зэрлэгээр тамлан хөнөөсөн 300 хүний цогцос олдлоо

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 02

 Дэлхий дахиныг дээдсийн хурим, Б.Обамагийн төрсний гэрчилгээ рүү анхаарал хандуулах зуур олон улсад болсон онцлох 10 үйл явдал 

 Сирийн хямрал

Башар аль-Ассадын Засгийн газар төр засгаа эсэргүүцэн боссон энгийн иргэдийн эсрэг хүч хэрэглэх нь өнгөрөгч долоо хоногт хэрээс хэтрэв. Өмнөд Сирийн Дара хотод армийнхан танктай нэвтэрч, Дамаск дүрэмт хувцастнуудын хот болов. Зөвхөн өнгөрөгч амралтын өдрүүдэд гэхэд л эсэргүүцлийн жагсаал үймээн болсноос үүдэн 42 хүн амь үрэгджээ. Олон улсын хүний эрхийн байгууллагуудын тооцоогоор Ерөнхийлөгч аль-Ассадыг эсэргүүцэгчдийн жагсаал цуглаан өнгөрөгч гуравдугаар сард иргэд, албаныхан хоорондын мөргөлдөөн болсноос хойш 450 гаруй хүн нас бараад байна. Ерөнхийлөгчийг эсэргүүцэгчдийн эгнээнд өнгөрөгч долоо хоногт эрх баригч намынхан, төрийн албан хаагчид нэгдсэн нь мөн онцгой үйл явдал байв. Баат намын 200 гаруй гишүүн иргэдийн эсрэг хүч хэрэглэсэн Засгийн газрыг эсэргүүцэн намын гишүүнчлэлээс татгалзсан бол "төрд тэрслэгчид"-ийг хянах үүрэгтэй армийнхнаас Дара хотын жагсагчидтай нэгдсэн цэргүүд ч гарсан юм.

 

Ливийн иргэний дайн

Муаммар Каддафийн цэргүүд Мисрата хотоос өнгөрөгч долоо хоногийн эхээр шахагдсан ч хот руу халдах нь хэвээр байв. Босогчид ч мөн хүчирхэгжсээр байгаа бөгөөд Нафусын уулс давж одсон армийнхныг мөшгөх нь нэмэгдэж, Ливийн хямралын хүрээг Тунис тийш тэлээдэхэв. М.Каддафийн цэргүүдийн эсрэг НАТО-гийн ажиллагаа үргэлжилсээр байгаа. Итали холбоотны хүчинд нэгдсэн барууны сүүлийн улс болов. Анхаарал татсан эдгээр үйл явдалтай зэрэгцэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийнхөн Ливийн албаныхантай өнгөрөгч лхагва гарагт уулзаж М.Каддафийн биеэ хамгаалж, суудлаа хадгалж үлдэх оролдлого энгийн  иргэдийг    золиосолж буйг сануулсан юм.

 

Үймсэн Иемен

Арабын хувьсгалын давалгааны сүүлийн хүчтэй түрлэг Иемен, Сирийг дайраад байгаа. Сүүлийн хэдэн өдрийн байдлаар Иемений 18 хот сууринд эрх баригчдаа эсэргүүцэгчдийн жагсаал цуглаан газар аваад байна. 30 гаруй жил засгийн эрхэнд буй Ерөнхийлөгч Али-Абдулла-Салех сарын дотор огцрохоор болсон ч түүнд үл итгэгчдийн хувьд сар гэдэг дэндүү урт хугацаа юм. Тиймээс ч нутгийн төв хэсэгт үймээн самуун, эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөөр байгаа бөгөөд өнгөрөгч баасан гарагт гэхэд л Сана хотод 15 хүн амь үрэгджээ. "Тайвширцгаа, төрийн эрхийг тайван замаар шилжүүлнэ" хэмээн амлаж буй ч А.Салех сөрөг хүчнийхэн болон тэмцэлд оролцогч энгийн иргэдийг ардчиллын дайсан гэж нэрийдсээр байна.

 

Палестин “зөөлрөв”

Палестины улстөрийн гол хоёр хүчин "Хамас", "Фатах" бүлэглэл Египетийн шинэ Засгийн газрын тусламжтайгаар хамтран ажиллахаар өнгерөгч лхагва гарагт тохиролцов. Энэ нь бүтэн жилийн турш үл ойлголцсон хоёр бүлэглэлийн сөргөлдөөнийг эцэслэсэн чухал үйл явдал байв. Тохиролцоо ёсоор "Хамас", "Фатах" хамтын ажиллагаагаа энхийн төлөө чиглүүлж чадвал Израиль-Палестин, цаашлаад  енгөрөгч долоо хоногт дахин хурцдав. Эртний түүхт хиндү сүм болон ойр орчмын нутгийнх нь эзэмшлийн асуудлаас болж хөршүүд сүүлийн хэдхэн жилд нэгэндээ таагүй хандах болсон бөгөөд зэвсэгт сөргөлдөөн хүртлээ зөрчилдсөн нь нэг бус. Өнгөрөгч долоо хоногийн мөргөлдөөнөөр 15 цэрэг, нэг энгийн иргэн амь үрэгдсэн нь газар нутгийн зөрчил даамжирснаас хойш хамгийн олон хүн амиа алдсан тохиолдол болов. Мөн өмнө нь дүрвэж байгаагүйгээр олон хүн орон гэрээсээ дайжжээ. Хоёр улс долоо хоног сөргөлдсөний эцэст пүрэв гарагт гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч дараа өдөр нь дахин нэгэн рүүгээ буу шагайж эхэлсэн юм. Урьдын адил талууд түрүүлж гал нээсэн хэмээн нэгнээ буруутгасаар байна.

 

Хүний эрх ба Ай Вейвей

АНУ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан дээд албаны төлөөлөгч, Төрийн нарийн бичгийн даргын зөвлөх Майкл Поснер Бээжинд Хятадын эрх баригчидтай уулзахдаа тус улсын хүний эрхтэй холбоотой үзүүлэлтүүдийг дэндүү сул хэмээсэн нь өнгөрөгч долоо хоногийн нам гүмхэн дипломат дайнуудаас хамгийн анхаарал татахуйц нь байлаа.

Ойрхи Дорнодын хувьсгалт тэмцлийн мэдээллүүдийг цацаа-гүй, Нобелийн шагналт Лиу Шиао-бо, зураач Ай Вейвей нарыг цагдан хорьсон хэмээн Бээжингийн эрх баригчдыг М.Поснер шүүмжилжээ. Харин Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэлдээ АНУ-ыг улс орных нь дотоод асуудалд халдсан гэсэн юм.

 

Угандын бослого

Тус улсын сөрөг хүчний удирдагч Кизза Бэсигейг албаныхан пүрэв гарагт баривчилсан нь иргэдийг босоход хүргэсэн юм. Угандын сөрөг хүчний гишүүд, дэмжигчдийн хэлснээр К.Бэсигей шатахууны үнэ нэмэгдсэнийг эсэргүүцэн боссон иргэдийн жагсаалаас харьж явсан гэнэ. Олон жил дарангуй бодлогоор засаглан           суусан Ерөнхийлөгч Иовери Мусевенийн гол өрсөлдөгч гэгддэг К.Бэсигей Ерөнхийлөгчийн сүүлийн сонгуульд саналынхаа тоогоор хоёрт орсон юм. Өнгөрөгч сарын эхээр тэрбээр Ерөнхийлөгчийг эсэргүүцсэн иргэдийн ээлжит жагсаалын үеэр гартаа буудуулсан бөгөөд тэр үед эвлэлдэн нэгдсэн сөрөг хүчнийхэн пүрэв гарагийн үйл явдлын дараа дахин хүчирхэгжин босоод байна. К.Бэсигейг албаныхан шархаа эмчлүүлэхээр Кени рүү явахыг зөвшөөрсөн нь сөрөг хүчнийхнийг бүр ч түгшээжээ. Тэд К.Бэсигейг нутагтаа дахин хөл тавих эрхгүй болох вий гэж эмээж байгаа юм.

 

Дүрвэгсдийн хилэн

Он гарсаар 25 мянга орчим цагаач Хойд Африкаас Италид очжээ. Хойд африкчуудын цуваа Европ руу тасралтгүй хөвөрдөг ч энэ жил ийнхүү огцом өссөн нь Тунис, Египетийн хувьсгалаас үүдэлтэй. Өнгөрөгч мягмар гарагт Францын Ерөнхийлөгч Николя Саркози, Италийн Ерөнхий сайд Сильвио Берлускони нар дүрвэгсдийн асуудлаар хэлэлцсэн юм. Тэдний уулзалтаас Европын холбооны орнуудын хилийн хяналтыг чангатгах шийдвэр хамгийн чухал бөгөөд олон хүнийг хилэгнүүлжээ. Үүнтэй зэрэгцэн Италийн эрх баригчдын энэ оны эхээр гаргасан нэгэн шийдвэр Францын албаныхныг эгдүүцүүлсэн юм. Италийн хилийн алба хэдэн мянган цагаачийг Европт нэвтрүүлснээс олонх нь Францыг зорьжээ. Тэднээс 60 гаруй нь лхагва гарагт Францын хилийн харуулуудад баригдсан байна.

 

Нигерийн сонгууль

Африкийн хамгийн олон хүнтэй Нигери Улс өнгөрөгч сарын турш сонгуулиар амьсгалсан. Орон нутгийн, парламентын хэмээн үргэлжилсэн сонгуулиудын сүүлч өнгөрөгч долоо хоногийн эхээр дүн нь гарсан Ерөнхийлөгчийн сонгууль байв. Тус улсад тайван сонгууль болох нь ховор ч өнгөрөгч сонгуулийн дараах шиг үймээн дэгдсэн нь цөөн. Өмнөд Нигериэс дэвшсэн Ерөнхийлөгч Гүдлак Жонатан сонгуульд улиран сонгогдсон нь исламын шашинт хойд нутгийнхныг босоход хүргэж улс даяар үймээн самуун дэгдээв. Сонгуулийн дүнг эсэргүүцэгчдийн дэгдээсэн эмх замбараагүй байдал хойд нутгийн олон хот сууринд цуст тэмцэл болж 500 гаруй хүний аминд хүрээд байна. үймээн мөн 74 мянга гаруй хүнийг гэр орноосоо дайжихад хүргэжээ.

 

Мексикийн хядлага

Мексикийн Тамаулипас, Дуранго мужийн нутгаас зөвхөн өнгөрөгч сард гэхэд л 300 гаруй хүний цогцос олдоод байна. Мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн золиос гэж албаныхны тогтоогоод буй тэдгээр хүнийг зэргэлдээх мужуудаас хулгайлж, аймшигтайгаар тарчлаан, олонхынх нь толгойг цавчин хөнөөсөн нь мексикчүүдийг төдийгүй дэлхий нийтийг цочроосон юм. Иймэрхүү хэргийг аль болох нуун дарагдуулахыг хичээдэг Мексикийн хэвлэл мэдээллийнхэн өнгөрөгч долоо хоногийн эхээр Дурангогоос олдсон, аймшигтайгаар зэрэмдэглэгдсэн цогцсуудыг Мексикийн гутамшиг хэмээгээд хядлагыг бидний Аушвиц, Мексикийн хоморголол гэж нэрийдээд буй. Байдал бишидсэнийг тус улсын албаныхан хүртэл хүлээн зөвшөөрч, АНУ-ын парламентын тусгай шинжээчдээс тусламж хүсчээ.

 

Канадын сонгууль  

Маргааш болох Канадын парламентын сонгуулиас хэдхэн хоногийн өмнө буюу өнгөрөгч долоо хоногт зүүний үзэлт Шинэ ардчиллагчид нам олны дэмжлэгийг гэнэт хүлээв. Энэ нь шинжээчдийг гайхшируулаад зогсохгүй одоогийн Ерөнхий сайд Стефен Харперийн Консерватив нам Либерал болон Шинэ ардчиллагчид намд ялагдах нь гэж олныг таамаглахад хүргээд байна. Ялагдахгүй байлаа ч парламентад дахин олонх болох С.Харперийн хүсэл талаар болох нь үнэхээр ч маргаангүй болж таарав. Саяхны судалгаагаар Консерватив нам түүхэндээ анх удаа олон нийтийн санал асуулгад гуравдугаарт бичигджээ.

Эх сурвалж: Монголын үнэн сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top