Загалмайлсан эцгийн жинхэнэ түүх буюу Америкийг эзэлсэн итали мафи-2

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 05

Алдарт зохиолч Марио Пюзьогийн "Загалмайлсан эцэг"-ийн бодит дүр, Чикагогийн мафийн толгойлогч, "Загалмайлсан эцэг" хочит Альфонсе Габриел, Капонегийн түүхийг цувралаар хүргэж байгаа билээ.


Чикаго дахь мафийн тор


Торрио-Капоне, гэмт хэрэгтнүүдийн хамгийн том байгууллагуудын нэг. Сицилл-Америк цус холилдсон гэмт хэргийн агуу гэр бүл. Тэд Чикагог эзлэх их тэмцэлд манлайлах үүрэгтэйгээр оролцож байлаа.

Тэр үед Капонегийн хамгийн том дайсан нь “Умардын дээрэмчид” бүлэг байсан юм. Толгойлогч нь Дийн О’Банион. Хоёр бүлэг алгуурхан хэрнээ аймшигт, цус асгаруулсан тэмцэл өрнүүлж байв.

Гэтэл 1924 оны тавдугаар сард О’Банион өөрийнх нь эзэмшил рүү цагдаа нар нэгэнт орсныг мэдээд хувиа Торриод худалджээ. Торрио Капонег үл тоомсорлосон гэсэн үг.

 


Хамгийн гол нь үүний дараа О’Банион, Торрио хоёр баривчлагдав. Үүнээс хэдэн сарын дараа буюу 1924 оны аравдугаар сард Торриогийн хүмүүс О’Банион алснаар мафийн дайны ялалтыг шийдвэрлэжээ.

Гэхдээ “Умардын дээрэмчид” бүр мөсөн алга болсонгүй, 1925 онд Торрио руу  халдаж, х үнд шархдуулсан ба сицили дээрэмчин нутаг буцаж, зодог тайлахаар зориг шулуудсан байна. Ингээд Капонед Чикаго хот бүтнээрээ үлдсэн аж.

Хуурай хуулийн үед Капоне жилд 100 саяын ашигтай ажиллаж, Чикагогийн харанхуй булан бүрт гар нь хүрч байжээ. Түүний мэдлийн казино, биеэ үнэлэгчдийн клуб тоогоо алдаж, архи, тамхины хууль бус наймаа газар аван, мөнгө угаалт жирийн үзэгдэл болсон байв.

 


Зүүн эрэг ерөнхийдөө Капонегийн мэдэлд орж, архины наймааны гол урсгал тэндээс ирж байсан аж. Түүнд Детройтын “Нил ягаан” бүлэглэл тусалж, Канадаас орж ирэх гаалигүй архийг тээвэрлэж байсан юм. Ерөөс Капонед туслах нь нэр төрийн хэрэг болжээ.

Капоне шагийн архинаас олсон мөнгөөр Чикагогийн цагдаа, улстөрчдийг худалдан авлаа. Хотын хамгийн том зочид буудал болох “Лексингтон” Капонегийн албан байр болон хувирч, Гэгээн Валентины алдарт аллагын дараа “Капонегийн шилтгээн” нэртэй болсон юм.

Капонегийн хуулийн цоорхойнууд сайн ажиллаж, түүний бүхий л зам дардан шахуу байдаг байлаа. Тухайлбал Чикаго хотын мээр “Том Билл” хочит Уилльям Хэйл Томпсон түүний “сайн найз” байсан.

Түүний “буян”-аар хот Капонегийн эзэмшлийн казино, хууль бус уушийн газруудаар дүүрсэн байв. Одоо Каппонегийн гарт ид шидээс бусад нь оржээ.

Тэрбээр хэвлэл мэдээллийг ихэд сонирхдог байсан ба нэгэнтээ ярилцлага өгөхдөө “Би хүмүүсийн дуртай зүйлийг мөнгөөр худалддаг жирийн нэг бизнесмэн. Олон нийтийн хэрэгцээг хангах нь миний үүрэг юм даа” гэж онцолсон нь ихэд алдаршсан афоризм болж байжээ. Тэр нэгэнт алдартай хүн болсон байлаа.

 


Түүний өрсөлдөгчид хазгай гишгэхийг нь амдан хүлээнэ. Хуучны “Умардын дээрэмчид” дахин сэрж эхэллээ. Бүлгийн шинэ эзэд болох Хайми Уэайс, Багс Моран нар түүнийг унагаахыг чармайх болжээ.

Нэг бус удаа Капонегийн машин шүүр шанага болтлоо шүршүүлсэн. 1926 оны есдүгээр сарын 20-нд Капоне “Хауторн” зочид буудлын ресторанд үдийн хоол идэж байхад нь “Умардын дээрэмчид” гал нээжээ. 10 гаруй машин хөлөглөсөн дээрэмчид “Томпсон” маркийн автоматаар зэвсэглэсэн байсан бөгөөд зүгээр л шүршиж орхисон гэдэг. Ресторан зочид буудлын нэгдүгээр давхарт байрладаг. Дээрэмчид анхны сумаа илгээхэд л Капонегийн бие хамгаалагч Фрэнки Рио түүнийг цонх хагалан гадагш гаргаж амжжээ. Энэ үед тэнэсэн суманд өртсөн жирийн иргэдэд Капоне тусламж үзүүлж, хэдэн үеэрээ хэрэглэх мөнгө өгсөн аж. ингээд арайхийж намдаад байсан мафийн дайн дахин эхэлсэн юм.

Үүнээс хойш “Лексингтон” зочид буудал, 22 дугаар гудамж /хожим Кермакийн гудамж гэж өөрчлөгдсөн/, Мичиганы өргөн чөлөөнд Капонегийн зэвсэгтэй бие хамгаалагч нар 24 цагаар ажиллах болжээ. Чикаго дахь Капонегийн эзэмшил газар 407 акраар хэмжигдэж байв. Түүн дотор өмнөд дүүргүүд рүү хөлөг онгоцоор шагийн архи зөөвөрлөдөг 37 акр талбайтай нуур хүртэл багтаж байсан. Улмаар 1928 он гэхэд Капоне хэмээх нэр Омаха, Канзас, Литтл Рок, цаашлаад Флорида, за ер нь Нэгдсэн улс даяар “Загалмайлсан эцэг” нэрээр цуурайтсан юм.


Гэгээн Валентинаар овоглуулсан аллага


1929 оны хоёрдугаар сарын 14 буюу Гэгээн Валентины өдрөөр Чикаго хотын хойд дүүрэг дэх Линкольны цэцэрлэгт хүрээлэнд болсон аллагыг Капоне захиалсан гэдэгт хэн ч эргэлздэггүй. Аллагын хохирогч болох долоон хүн эхнээсээ Капонегийн эсрэг ажилладаг байсан ба ийнхүү эмгэнэлтэйгээр хорвоог орхисон нь энэ.

 


Гэвч энэ хэрэгт буруутгах нэгнийг олоогүй, шүүх хурал ч болсонгүй. Хэрэг хаагдлаа. Үүнийг бүгд Багс Мораны буудлагын эсрэг арга хэмжээ гэдэгт итгэж байсан юм. Хамгийн гол нь байнга л энд тэнд эргэлдэж байдаг цагдаа нар тэр өдөр хаана ч харагдаагүй.

Хохирогчдыг бүгдийг нь нэг л сумаар цааш харуулсан байсан нь үүнийг мэргэжлийн хүн хийснийг гэрчилнэ. Гэхдээ аллагын гэрэл зургийг олон нийтэд харуулснаар Капоне “Загалмайлсан эцэг” биш алуурчин гэж нэрлэгдэх болсон.


Итгэл үнэмшил ба хорих ял


1929 он Капонегийн хувьд хэцүү бэрх жил боллоо. Түүнийг амьд домог гэгддэг Элиот Нэсс тандаж эхэлсэн ба тун удахгүй Капонегийн гэх хэргийг мөрдөж эхэлсэн. Мөн тэр үеийн детективүүд дундаас дүрээ киноны гол дүр болгосон аймшигт цагдаа Фрэнк Ж.Уилсон Капонег хаа явсан газар нь дагаж, татвартай холбоотой асуудлуудыг нь уйгагүй судлах болсон байна.

Ингээд 1931 онд Чикагогийн холбооны байранд Капонег шүүх хурал болов. Тэрээр хамгаалах арга хэмжээг авч чадсан гэж бодож байсан ч байдал эвгүй тийшээ хандлаа. Түүний гэм буруутайг нотолжээ.

 


Капонегийн хүмүүс тангаргатны шүүх, яллагчийг айлган сүрдүүлж, худалдан авахыг оролдож байсан юм. Удаан үргэлжилсэн шүүх хурал аравдугаар сарын 17-нд дууссан.

Шүүх хурлын дүнд Аль Капонег 1925, 1926, 1927, 1928, 1929 онд татвар төлөх ёстой их хэмжээний орлогыг нуун дарагдуулсан гэж үзээд 11 жилийн хорих ял оноов. Шүүх хурлын сунжирсан саруудад маш олон хүнээс гомдол ирж байжээ. Түүнд давж заалдах эрх өгсөнгүй.

Нэг баримт дурдахад, Аль Капонег шүүхийн танхимд авчирдаг байсан хуягт лимузинг Холбооны Засгийн газар хураасан. Хожим үүнийг Сувдан эргийг япончууд бөмбөгдсөний дараа Ерөнхийлөгч Фрэнклин Рузвельт хөлөглөдөг байсан юм.

 


Үргэлжлэл бий...

Д.Маргад

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top