Дэлхий нийт Хойд Солонгосын ээлжит сүрдүүлгийг хүлээж байна. Учир нь өчигдөр Пхьенян армийн байнгын хүчин нэг саяыг давсан гэж мэдэгджээ. Дөрөвдүгээр сарын эхээр Өмнөд болон Хойд Солонгосын арми харилцан буудалцаж, бараг 800 удаа гал нээсэн юм. Хэн хэн нь нэг их сүрхий галлаж, хүний амь хороогоогүй ч энэ бол зарлаагүй дайны эхлэл байсан гэдэгтэй хэн ч маргахгүй.
Хамгийн гол нь Пхьенян амласан ёсоороо туршилт хийнэ гэсэн л бол маргааш нь, эсвэл 2-3 өдрийн дараа баллистик пуужинг тэнгис рүү чиглүүлж байгаад л харвачихдаг болсон. Эхлээд богино зайн тусгалтаар харваж, улмаар дунд, тэгээд бүр Зүүн өмнөд Азийг тэр чигээр нь үнсэн товорго болгочихоор хүчтэйг ч тэнгис рүү буудсан.
Барууны ертөнцөд одоо Ким Чин Уны үйлдэл бүр сонирхолтой байгаа. Хоёр арваны турш барууны нийслэлүүд Ким Чин Ирийн харцыг ажиглаж байсан. Харин “цөөвөр чоно” гэгддэг байсан Ир дарга хэзээ ч дэлхийг айлгаж байгаагүй юм. Гэвч түүний бага хүү аавынхаа “нигүүлсэнгүй” занг өвөлсөнгүй.
Бага Ким одоо дөнгөж 31 настай. 2011 оноос Хойд Солонгосын төрийг атгаж байгаа. Түүнийг төрийн жолоо атгаснаас хойш умардын армийн байнгын бүрэлдэхүүний тоо нэг саяыг хол давжээ. Ким Ир Сен болон Ким Чин Ирийн үед Хойд Солонгос олон улстай дажгүй харилцаатай байсан. Харин одоо олон улсын хориг арга хэмжээг юман чинээ тоохгүй байгаа.
Өнгөрсөн хоёрдугаар сард НҮБ-аас Хойд Солонгост зарлан дуудах хүргүүлсэн. Нийт 372 хуудас тайланг багтаасан энэ мэдэгдэлд Хойд Солонгосын ард түмэн өлсгөлөн, дарлал, доромжлол, эрүүдэн шүүлтийн дор хэрхэн зовж буйг баримтаар нотолжээ.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 0 )