Хятадад шувууны ханиадны шинэ вирус H5N6-ийн халдвар гарчээ. Энэ вирусаар халдварласан анхны хүн нь эрэгтэй бөгөө Сичуаны Нанду нутгийн иргэн аж. Тэрээр өчигдөр мужийн эмнэлэгт нас барсан байна.
Сичуаны Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн комиссоос энэ хүний үхлийн шалтгааныг H5N6 вирус гэдгийг албан ёсоор мэдэгджээ. Вирусын халдвар уушгины цочмог, хүнд хатгалгаар илрэх ба өвчтөн богино хугацаанд маш их өвдөж, шаналдаг аж.
Талийгаач фермд үхсэн шувуудыг булж, устгах ажил хийж байсан гэнэ. Эрдэмтэд шинэ төрлийн вирус хүнээс хүнд дамжих нь бага ч эрсдлийг тооцоолох ёстой гэж мэдэгдсэн байна. Учир нь талийгаачтай ойр ажиллагсад болон гэр бүлийнхнийг нь шинжилгээнд хамруулахад вирусын халдвар илрээгүй ажээ.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр Тайванийн Засгийн газар иргэддээ Хятад руу, тэр дундаа Сичуан руу аялахгүй байхыг анхааруулж, тэр бүсээс шувууны мах нийлүүлэхийг хориглосон байна. Үүнээс гадна АНУ, Швед, Германд энэ вирусын халдвар авсан байж болзошгүй цөөн хүнийг тусгаарлаж, эмчилж байгаа ч яг мөн эсэхийг оношилж чадаагүй байгаа аж.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 0 )