Туркийн Худалдааны зөвлөлийнхөн уурхайн ослын буруутныг тогтоож, нэн даруй хариуцлага тооцохыг шаардаж нэг өдрийн ажил хаялт зарлажээ. Одоогоор нурангин доор амьд хүмүүс байгаа гэсэн ч цаг алдах тусам энэ нь баталгаагүй болж байна.
Мөн олон мянган хүн Измирт жагсаж, эсэргүүцлээ илэрхийлж байгаа аж. Үүнээс гадна улс даяар гурван өдрийн эмгэнэл зарлаж, Ерөнхийлөгч Абдулла Гул осол болсон Сомад өөрийн биеэр очжээ. Амиа алдагдсдыг оршуулж эхэлсэн ба хотын оршуулгын газрын төвд бунхан байгуулахаар болсон байна.
Сомад аврах ажиллагааг эрчимжүүлж байгаа ч одоогоор нурангин доороос амьд хүн гаргаж авч чадаагүй байгаа бөгөөд амиа алдсан хүмүүсийн тоо 282 болжээ.
Хамгийн гол нь энэ гашуудлын давалгаа улс орон даяар уур хилэн бий болгож, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй эзэд болон уул уурхайн хувьчлалыг эсэргүүцэж байгаа аж. Одоогийн байдлаар Анкара хот дахь Хөдөлмөрийн яамны гадаа 3000 гаруй хүн жагсаж байна.
Харин осол болсон Сомагаас 120 км-т байрладаг Измирт 20 мянга гаруй хүн эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцож, цагдаа нар нулимс асгаруулагч, даралтат ус ашиглажээ. Мөн Бурса, Анталья, Диярбакырт ч эсэргүүцэгчид жагсаж эхэлжээ.
Ерөнхийлөгч Гул ард түмэндээ хандаж нэгдмэл байхыг уриалсан байна. Тэрбээр эмнэлэгт очиж, гэмтсэн хүмүүстэй уулзан, амиа алдагдсын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн аж.
Харин Ерөнхий сайд Тайип Эрдоаныг эсэргүүцэх явдал энэ үеэр нэмэгдэж, өнгөрөн лхагва гаригт Сомад айлчлах үеэр нь хүмүүс түүн рүү дайрч, машиныг нь түлхэж, хог шидсэн гэнэ. Гэтэл түүний шадар туслах Юсүп Йеркель нэгэн эсэргүүцэгчийг өшиглөж байгаа зураг шуугиан тарьж, даарин дээр давс нэмжээ. Түүнчлэн Ерөнхий сайд өөрөө нэг хүнийг алгадаж байгаа зураг ч цацагдсан байна.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 1 )
Prime minister ni yagaa ch ugui l baina