Украйны шинэ Ерөнхийлөгч ба Чихрийн вант улс

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 21

Украйны тэрбумтан Петро Порошенко хэдийнэ “Шоколадны Хаан” нэртэй болсон. Гэхдээ энэ амжилт нь түүнд хангалуун биш санагдсан тул одоо илүү өндөрт гарахыг хүсч байна. Тэр хүсэл нь Украйны Ерөнхийлөгч болох явдал.

Порошенко зөвхөн чихрийн ачаар хэмжээлшгүй баян болсон. Гэхдээ бараг 20 жилийн турш чихэртэй нөхөрлөсөн гэдэг. Харин тэрбээр одоо олигархи биш Ерөнхийлөгч байхыг илүүд үзэж байна.

Харамсалтай нь өдгөө 48-тай чихэрчин олигархи Украйны хамгийн баян хүн биш. Түүний 1.3 тэрбум ам.доллар түүнийг жагсаалтын долоодугаарт оруулдаг. Бас “Форбес”-ийн дэлхийн баячуудын жагсаалтад ч багтдаг.

Гэхдээ түүнд мөнгө биш асар их туршлага, нарийн санаа, бусдыг өөртөө татах увдис бий. Өнгөрсөн хугацаанд тэр зөвхөн чихэр зарсангүй. Украйны Гадаад харилцааны сайд, Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн тэргүүн байсан ба одооны парламентийн хамгийн идэвхтэй гишүүн болжээ. Түүний хамгийн ихээр хөнддөг асуудал бол Европын интеграц. Энэ нь түүний гол амбиц болдог аж.

Ирэх ням гаригт болох сонгуульд украйнчууд түүний төлөө саналаа өгөх магадлал маш өндөр. Улстөрийн шинжээч Игорь Попов саяхан түүнийг шинэ Ерөнхийлөгч гэдгийг туйлын итгэлтэйгээр зарласан нь ямар нэг пи-ар байгаагүй гэж барууныхан үзэж байна.

Урьдчилсан санал хураалтаар тэрбээр өрсөлдөгчөөсөө хол тасархай санал авсан гэнэ. Өрсөлдөгч нь Ерөнхий сайд нь Юлия Тимошенко бөгөөд бусад 20 гаруй өрсөлдөгч нь бүр сураггүй үлджээ. Тэгэхээр энэ хүнд хэцүү, муу нэртэй луу данстай алба “Шоколадны Хаан”-ых болох нь бараг дамжиггүй үнэн аж.

Хамгийн гол нь түүний улс одоо хүчирхийлэлд автаж, хоёр өлөн арслангийн дундах ганц таваг хоол шиг байдалд орчихсон. Өр шир гэж үс арзаймаар их. Зүүн талаас нь орос баавгай хэмлэж идээд, буцааж нэгтгэхэд ямар хүч зарахыг төсөөлж ч боломгүй байдалд орсон.

“Энэ бол том шалтгаан”. Прошенко Ерөнхийлөгч болох шалтгаанаа ингэж тайлбарласан юм. “Одоо бидэнд хүчтэй, тууштай, хууль ёсны удирдагч хэрэгтэй. Бүх түншийг эргүүлэн авчрах тийм л хүн хэрэгтэй”. Энэ нь түүний кампанит ажлын үеэр хэлсэн цөөн үгний гол утга.


Бороон дундах ралли

Прошенког кампанит ажлаа хийж байхад нь бороо асгарчээ. Гэсэн хэдий ч түүнийг дэмжигч хэдэн мянган хүн Киевийн төв талбайд хүйтэн бороог эс хайхран зогссон байна. Тэд нэгэн дуугаар Төрийн дууллыг эгшиглүүлсэн юм.

Прошенко олигархи гэдгээ баталж, энэ үеэр лазер шоу үзүүлсэн. Украйны Төрийн далбааг шар, цэнхэр өнгө тэнгэрт, барилгын ханан дээр, дуулж байгаа хүмүүсийн дунд, хаа сайгүй гэрэлтэж, хүмүүсийн цөсийг жинхэнэ хөөргөж чаджээ. Тэд түүнийг сонгоно гэдгээ амлаж байсан юм.

Тэр “Сонгуулийн дараа би хаана хамгийн түрүүнд очно гээч. Брюссель лав биш. Москвагийн талаар ч бодсонгүй. Вашингтон гэж бодож байгаа бол эндүүрэл. Миний хамгийн түрүүнд очих газар бол Донецк” гэжээ. Үүний тулд тэрбээр сонгогдох ёстой гэдгээ ч тод томруунаар ойлгуулсан.


Гэхдээ л хангалттай бэрхшээл байгаа

Энэ хамгийн том үнэн. Түүнд Владимир Путинтай хамтран ажиллах боломж хэр их байгаа бол. Путин түүнийг “Эрхэм Ерөнхийлөгч өө” гэж дуудах нь их эргэлзээтэй асуудал.

Прошенко үүнийг өөрөө хүлээн зөвшөөрсөн. Яагаад гэвэл тэр болохгүй зүйлийг хийхийн оронд Европ руу дөхсөн нь илүү дээр гэсэн үзэл бодлоо нуугаагүй. Гэхдээ Украйны орны ирээдүй Орос, Путин хоёроос хамгийн ихээр шалтгаална.

Гэвч түүний кампанит ажлын үндсэн зорилго буюу Ерөнхийлөгчийн суудалд ямар бодлого өрнөхийг тэр зах зухаас нь мэдэгдээд амжсан. Түүний хэлснээр, Украйнд аль нэг холбоотон гэж туйлшрах боломж, зав хомс. Нэгдүгээрт уналтад орсон ардчиллыг сэргээх ёстой гэсэн.

Одоо зүүн Украйны хүн бүр шахам буу барьж, хэзээ мөдгүй Засгийн газар руу галлахад бэлэн болчихоод байгаа. Мэдээж тэрэнд НАТО-той дотносох хүсэл бий. Харин цаг нь болоогүй гэдэг.

“Шоколадны Хаан” өөрийн бизнесээ орхихгүй гэсэн. Яагаад гэвэл хамгийн цэвэр бизнес бөгөөд үүнд улстөр нөлөөлж чадахгүй аж. Өөрөөр хэлбэл Прошенко Ерөнхийлөгч болсон ч чихрээ зарсаар байх юм.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
од(103.26.194.9) 2014 оны 05 сарын 22

Украйн чихэр монголын зах зээлийг хангаж буй.

0  |  0
Top