Өнгөрсөн баасан гарагт буюу дөрөвдүгээр сарын 29-нд Лондон хотын төв, Вестминстерийн сүмд Их Британийн хатан хааны ач хүү Уильям, түүний сүйт бүсгүй Кейт нарын хурим боллоо. Энэ өглөө хатан хаан II Елизавета сүйт бүсгүй Кэтрин Миддлтонд Кембрижийн герцогийн авхай хэмээх цол олгохоо зарласан. Түүнчлэн том ачдаа Кембрижийн герцог, Стратернийн гүн, Каррифергусийн барон хэмээх хэргэм хайрласан билээ. Ингээд та бүхэндээ хуримын ёслолын дараах сонин хачнаас хүргэе.
Залуу хос винон түлштэй эко машин хөлөглөжээ
Халуу хос Уильям, Кейт нар хуримын ёслолын дараа Букингемийн ордноос Кларенс-хаус руу хөдлөхдөө англи виногоор ажилладаг «A
ston martin» хэмээх машин хөлөглөсөн байна.
Тод цэнхэр өнгийн «Aston martin DB6 MKII» хэмээх энэ машиныг залуу хосод Уильямын аав, хунтайж Чарльз зээлдүүлсэн байна. Залуу нөхөр жолооны ард өөрөө суусан аж. Хунтайж Чарльз энэхүү машиныг 1969 оноос хойш эдэлж байгаа бөгөөд ээж, хатан хаан II Елизавета 21 насны төрсөн өдрөөр нь бэлэглэжээ.
Хуримын маргааш ч эрч хүчтэй
Үлгэрийн хуримын маргааш өглөө Кембрижийн герцог ханхүү Уильям, герцогийн авхай Кэтрин Миддлтон нар Букингемийн ордны цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалжээ. Залуу хос энэ үеэр гар гараасаа хөтлөлцөөд, маш их аз жаргалтай харагдаж байв. Кейт хөх өнгийн даашинзан дээр хар бүс зүүж, гадуур нь хар өнгийн хүрэм өмссөн бол, Уильям шаргал өнгийн өмд, цагаан цамц, хар костюмтай байлаа. Өмнөх өдөр нь ачаалалтай өнгөрсөн ч шинэхэн хос огтхон ч ядарсан шинжгүй байв. Дашрамд дурдахад, ханхүү Уильям, түүний гэргий Кэтрин Миддлтон нар бал сараа хойшлуулжээ. Тэд хилийн чанадад бал сараа тэмдэглэхийн оронд Их Британид амралтын өдрөө өнгөрөөж, өдөр тутмын ажилдаа орохоор шийджээ. Кембрижийн герцогийн хэргэмтэй болсон ханхүү Уильям энэ долоо хоногт цэргийн албандаа явна. Тэрбээр аврах, эрэн хайх отрядын нисдэг тэрэгний нисгэгч мэргэжилтэй.
Кейтийн эцэг эх 250.000 фунт стерлинг зарлагадав
Хуримын ёслол зарлага ихтэйг хүн бүхэн мэднэ. Харин ханхүүгийн хуриманд сүйт бүсгүй хэдий хэмжээний мөнгө зарлагадсаныг та бүхэнд хүргэе.
Кейт Миддлтоны эцэг эх охиноо ханхүүгийн гэргий болсонд баяртай байгаа ч хуримын арга хэмжээнд 250.000 фунт стерлинг (ойролцоогоор 290.000 евро) зарцуулжээ. Зарцуулсан мөнгөний ихэнх хэсэг Букингемийн ордноос хэдхэн алхмын цаана орших “Goring” хэмээх тансаг зочид буудлын орлого болжээ. Энэ зочид буудалд Кейт Миддлтон хуримын өмнөх шөнөө өнгөрөөсөн юм. Сүйт бүсгүйн гэр бүл, тэдний талынхан энд хоёр хоноход 85000 фунт стерлинг төлсөн. Дээр нь Кейтийн эцэг эхийн зохион байгуулсан хоёр удаагийн хүлээн авалтыг тооцвол 100.000 фунт стерлинг хүрнэ. Мөн “Alexander McQueen” загварын ордны тэргүүн Сара Бертоны урласан хуримын даашинз 40000 фунт стерлинг болжээ. Үүн дээр хуримын шаахай, цэцгийн баглааны 3400 фунт стерлингийг нэмэх хэрэгтэй. Түүнчлэн Майкл, Кароль Миддлтоноос охиндоо бэлэглэсэн 15000 фунт стерлингийн үнэтэй “Robinson Pelham”-ын бриллиантан ээмгийг мартаж болохгүй. Ингээд сүйт бүсгүйн гоёлд нийт 58000 фунт стерлинг зарцуулжээ. Үүнд Кейт Миддлтоны нүүр будалт, үс засалтын зардлыг тооцоогүй болно. Охиноо хуримлуулж байгаа аав, ээж ч бас гангарах нь мэдээж. Кейтийн ээж Кароль Миддлтоны өмссөн “Catherine Walker”-ын даашинз 10000 фунт стерлингийн үнэтэй. Харин сүйт бүсгүйн найз болон түүний дүү Филиппа Миддлтон нарын даашинз 20000 фунт стерлинг хүрчээ. Дашрамд дурдахад, хоёр бүсгүйн даашинзыг бас л Сара Бертон урласан байна.Сүйт бүсгүйн аав, түүний эрэгтэй дүү хуримын үеэр “Gieves&Hawkes”-ийн костюм өмссөн бөгөөд нийт 20000 фунт стерлинг зарцуулжээ. Мэдээж үдэшлэгийн хувцсаа мартаж болохгүй. Үүнд тэднийх 20000 фунт стерлинг зарлагадсан байна. Эцэст нь Миддлтоны гэр бүлийнхэн ойролцоогоор 10000 фунт стерлингийг Букингемийн ордон дахь хүлээн авалтыг зохион байгуулахад хувь нэмэр болгон өгсөн. Ингээд үзэхээр Кейт Миддлтоны хувьд энэ хурим шидэт үлгэр мэт сайхан байсан ч эцэг, эхийнх нь хувьд дансыг нь хоосолсон жинхэнэ аймшиг болон хувирчээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )