Буудуулсан шувууны ганганаан
-Хэн мэдэх вэ дээ,
Хэн гуай л
Дулаахан орондоон
Дугжирч байсан юм байх...
Уяхан пүрштэй ор
Усны давалгаа шиг намалзан,
Улаан торгон хөнжилд
Ум зандан шиг авхайтайгаан
Хүний орчлонг мартаж
Хүслийн туйлд шартаж
Одеколон, хулмас хоёрын
Онцгой үнэр өрсөлдөнө...
Цэнгэлдэн согтож,
Цэмцийсэн дэрэн дээрээн
Хоёр амтаар буудуулсан юм шиг
Хос толгой нам унтав гэнэ.
-"Эрхт тэнгэрт дураар цойлсон
Энэхэн биеийг минь буудна билээ л.
Энэхэн биеийн минь хэлтэрхий дээр
Эрүү толгой дугжирна билээ л.
Жижиг өдийг минь дэрлэлээ гээд
Жигүүр урган нисэх үү дээ, та!
Атга махыг минь идлээ гээд
Амьд мөнх явах уу даа, та?
Тэнгэрийн хүрээлэнд над руу цацсан
Тэр үхэл өөрт чинь оногдоно оо.
Усны шувуу, хүн гуай хоёрын
Утсан амь дүндээ дүн ээ хө!
Өөрийг чинь тэгээд арилсан хойно
Өд сөд минь хэвээр үлдэнэ ээ.
Муу хүний нэр нь ч үлдэхгүй газар
Сайн шувууны өд нь үлдэх ёс бий!
-Хэн мэдэх вэ дээ,
Xэн гуай л
Дулаахан орондоон
Дугжирч байсан юм байх...
Цэрмаа
Хөөрхий дөө, миний Цэрмаа
Хөхрөөд байгаа их хотын
Альхан байшингийн, ямархан өрөөнд
Амьдран суугаа бол доо, миний Цэрмаа!
Торонд орсон шувуухай шиг,
Шоронд орсон найзынхаа тухай
Дуулаа болов уу, миний Цэрмаа
Дуулаад уйлаа ч болов уу даа, миний Цэрмаа?
Амьдралын даваа өндөр юм даа, Цэрмаа минь
Арван түмэн нугачаатай юм даа, Цэрмаа минь
Адал их хорвоогийн, хүсэл хяслын талбарт
Арай ч эрт уулзаж дээ, чи бидэн хоёр...
Үд дундын сүүдэр шиг хоёр бага амьтан
Үерхэн найгаж явсан хотын бор гудамж
Үүр шөнийн зүүдэнд минь одоо ч гэсэн
Үзэгдээд байх юм даа, хонгорхон Цэрмаа минь.
Дээс харайж, зураас гишгээд
Дэвхцэж байсан мухар гудамж,
Гахай чулуудаж, кагор тоглоод
Ганирч байсан зах газар
Ээж аавынхаа, тааруулсан мөнгийг
Эвхэж атгаад талханд гүйсэн
Усны гудамж, Төмөрчний гүүр
Улаанбаатар минь санагдаж байна.
Эрвээхэй туузаа саяхан авч
Эрээн даавуугаар гоёж явсан
Хээрийн цэцэг шиг арван зургаахан насыг чинь
Xэнээс ч илүү мэднэ ээ, Цэрмаа минь
Хол бөмбөгийн хаалга болгодог
Хөглөгөр цүнхээ саяхан орхиж
Хөвчийн гацуур шиг ургаж явсан
Хөвүүн насыг минь чи мэднэ ээ.
Ааруул шиг чулуугаар, Туулын усыг
Арван гурав долоолгон байж
Амьдрал, дурлал, хорвоогийн тухай
Анхан ярьсан, миний Цэрмаа,
Уяхан дурлалын будан дундаа
Ууган яргуй шиг соёолж байсан
Унаган биесээ эхлэн цочоож
Уруул зөрүүлсэн хэлгий шөнийн
Орчлонгийн жам-амттайхан өвдөлт,
Охидын ёс-жаргалтайхан ёололт,
Од зурах шиг, цогцсын гүн рүү
Орчин үед чулуудсан, миний Цэрмаа.
Цэнхэрлээд байгаа их хотын
Цэлийгээд байгаа олон гудамжны
Альхан талд нь, ямархан байшинд
Амьдран суугаа бол доо, миний Цэрмаа.
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )