Сонгууль болдгоороо болж нэг нь сонгогддог жамтай. Гагцхүү ард түмэнд амласан амлалт дараа нь ажил хэрэг болно гэдэг Монголд үлгэр болсоор удсан. Сонгууль ойртож хаврын хавсаргатай зэрэгцэн амлалтаа биелүүлэх гэж МАНАН улайрах
болов. Адармаатай хаврын өнгийг синдромтой улс төрчид улам хөглөх нь байна. 2008 оны сонгуулийн дараагаас эвцэлдсэн МАНАН ойрдоо дотроо хөлөө жийлцэж суугаа аж. Хоёр намын гишүүд өөр хоорондоо ширүүн үг шидэлцэж, бие бие рүүгээ хяламхийх болжээ. Өнөөх саймшрап хаачив аа. Хамтарсан Засгийн газар гээчийг байгуулагдахад хоёр нам одоо л зөв голдиролд орлоо хэмээж байсан. Гэвч цаг хугацаа бүхнийг харуулдаг жам ёсоороо тэдний юу хийснййг харуулж байна. Тэд Оюу толгойн гэрээг хийсэн. Таван толгойн хувьцааг гаргалаа. Иргэн бүрт 1.5 сая төгрөг амласан ч бодит байдал дээр 21 мянган төгрөг өгч торгоов. Үнэн хэрэгтээ тэд амласан амлалтаа дампууруулах нь тэр. Нөгөөтэйгүүр хоёр нам эвлэлдсэн нь улс төрийн хувьд сайн хэрэг ч /Долдугаар сарын нэгэн, Үндсэн хуулийн өөрчлөлт гэх мэт/ эрх баригч хариуцлагаас мултрах гэсэн оролдлого байв. Үнэндээ эрх баригч /стандарт бус Засгийн газар байгуулсан МАХН/ МАН өвөртөө оруулсан АН-ынхныгаа сонгууль дөхөнгүүт хөөж эхлэв. Уг нь эрх авч олонх болсон улс төрийн нам дангаараа Засгийн газар байгуулдаг буюу аль нэгэн улс төрийн хүчинтэй эвсдэггүй. Гэтэл Монголд үнэмлэхүй олонх болсон МАХН /МАН/ Засгийн газрын суудлаасаа сөрөг хүчиндээ таллаж өгсөн нь орчин цагийн улс төрд гараагүй үзэгдэл байлаа. Бүр сонирхолтой нь эрх баригч намын гишүүд дангаараа Засгийн газар байгуулах хүсэлт тавьж байсан ч удирдлага нь зөвшөөрөөгүй. Энэ байдлаас үзэхэд МАН нэгдмэл улс төрийн хүчин мөн үү гэхэд эргэлззэ төрүүлэхээр байв.
Улс төрийн нам нь нэгдүгээрт, үзлээрээ, хоёрдугаарт улс орныг хөгжүүлэх байдлаараа, гуравдугаарт, үндэсний хэмжээний зохион байгуулах бүтцээрээ, дөрөвдүгээрт, засгийн эрхийн төлөө тэмцэх чадвараараа байдаг” хэмээн М.Энхсайхан “Орчин цагийн улс төрийн нам" гэдэг номондоо тэмдэглэсэн байх юм. Гэтэл энэ чанар төрийн эрхийг барьж буй АН, МАН-д байна уу. Энэ хоёр улс төрийн хүчнээс засгийн эрхийн төлөөх тэмцэх тэмцэл нь л илүүтэй үнэртдэг. Үнэндээ эрх баригч намуудын явуулж буй үйл ажиллагаа нь олон түмний санаанд нийцэхгүй байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээс харж болохоор байна. Өнөөдөр хүмүүс орон байртай болохыг хүсч буй ч газрын асуудал нь шийдэгдэхгүй байна. Түүнчлэн хүн бүр ажилтай болохыг хүсч буй ч гол хөшүүрэг болох аж ахуйн нэгжүүдийн эдийн засгийн эрх чөлөөг хумих болсон. Тухайлбал, дэлгүүр
эрхлэх хүмүүс зөвшөөрөл авахын тулд 10 сая төгрөг төлөхөөр болов. Үнэндээ улс төрчид жижиг аж ахуйн нэгжүүдийг хавчиж ард түмний амьдралыг ороо бусгаа болголоо. Дотоодод байгаа ажилгүйчүүдийг ажлаар хангахын оронд БНСУ-д ажилд зуучлах, гадны ажилчдын ажлын байрны татварыг хөнгөлөх зэрэг явуургүй алхмуудыг хийж буй нь үнэхээр сонин. Үнэн хэрэгтээ энэ улс төрчид ард түмний төлөө гэхээсээ илүүтэйгээр өөрт ашигтай хувилбаруудыг зүтгүүлж Засгийн газраараа баталгаажуулж байна. Энэ хэдэн жилд улс төрчид улс эх орныхоо төлөө зүрх сэтгэлээ цохилуулж, ард түмнийхээ язгуур эрх ашгийг хамгаалахад бүх хүчээ зориулсан бол өдийд манай улсын хөгжил нэлээн урагшилсан байх биз ээ. Ядаж ядуусын тоо цөөрч, энэ нийгэмд бүх хүмүүс ажилтай, цалинтай байх сан. 2012 оны сонгууль ойртож, дээр дооргүй хөдөлгөөнд орцгоож байна. Гэсэн хэдий ч "Би ч үүнийг хийсэн" хэмээн баавардах улс төрчдийн хэнээрхлийг ард түмэн эрхгүй ялгана биз ээ. Эмэгтэйчүүд хүртэл улс төрийн аянд мордож пиараа хэрхэн хийх вэ гэдэгтээ зэхэж хаврын шуургыг салхилуулж байна. Сонгууль ойртох тусам синдромтой улс төрчдийн хийрхэл хөдөлж байна. Энэ хаврыг адармаатай болгох янзтай шүү.
Эх сурвалж: Нийслэл таймс сонин
Сэтгэгдэл ( 0 )