Бен Ладенаас урвасан хүн хэн бэ?

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 04

Дэлхийн хамгийн зартай террорист Бен Ладен хаана нуугдаж байгаа талаар америкчуудад мэдээлэл өгсөн хүн бол Кувейтийн иргэн Абу Ахмад байжээ гэж CNN суваг мэдээллээ. Тэрбээр есдүгээр сарын 11-ний халдлагыг зохион байгуулагчдын нэг болох Кувейтийн харьяат Халид Шейх Мухаммедтай нягт сүлбээтэй байсан бөгөөд Аль-Кайда бүлэглэлийн толгойлогчийн ойрын хүрээний хүмүүсийн нэг байсан гэдэг. Америкийн тусгай албад Ахмадтай бүр 2007 онд холбоо тогтоосон ба түүнээс хойш Пакистаны Аббатобад хот дахь бен Ладены байшингийн ойролцоо ажиглалт явуулж байжээ. Бен Ладены байгаа газрыг америкчуудад зааж өгсөн хүн нь Абу Ахмад мөн болохыг нотлох баримтуудыг дуулиан шуугиан тарьдгаараа алдартай Викиликс сайт саяхны нэг өдөр олон нийтэд ил болгосон байна. Баримтуудыг үзвэл, Абу Ахмад нь бен Ладентай тун дотно харьцаатай байсан бөгөөд 2000-аад оны эхээр Афганистаны хойд нутаг дахь Тора-Бора агуйд хамт нуугдан орогнож байжээ. Гэхдээ Америкийн тусгай хүчний ажиллагааны үеэр тэрбээр бен Ладентай цуг байсан эсэх, буудалцааны үеэр алагдсан эсэх нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: Монцамэ мэдээ сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top