Дайсагнагч намууд нэгдлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 05

Палестины улс төрийн гол хүчнүүдийн төлөөлөгчид Каир хотноо эвлэрлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан тухай Франс Пресс агентлаг мэдээлж байна. Палестины дайсагнагч гол хоёр нам болох ФАТХ, ХАМАС-ын төлөөлөгчид дөрөвдүгээр сарын 27-нд Египетийн зуучлалын дор явуулсан яриа хэлцээний явцад тодорхой тохиролцоонд хүрчээ. Тэрчлэн талууд сонгууль явуулж, Засгийн газраа эмхлэн байгуулахаар болсон байна. Мягмар гарагт болсон эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурах ажиллагаанд ФАТХ болох ХАМАС хөдөлгөөнийхнөөс гадна Палестины улс төрийн 11 хөдөлгөөн, бүлэглэлийн төлөөлөгчид оролцжээ. Ирээдүйд байгуулагдах “зөвшилцлийн Засгийн газар” нь Израильтай улс төрийн асуудал зохицуулахад оролцохгүй гэж ФАТХ хөдөлгөөний тэргүүн Махмуд Аббас хэлсэн байна. Энхийн үйл явцыг Палестины чөлөөлөх байгууллага хариуцах бөгөөд уг байгууллагад ФАТХ хөдөлгөөн голлох байр суурь эзэлдэг бол харин ХАМАС-ын төлөөлөл оролцдоггүй ажээ. Хэлэлцээгээ сэргээхийн тулд Баруун эргийн суурингууд болон Зүүн Иерусалимын еврейн хорооллыг өргөжүүлэхээс татгалзахыг М.Аббас Израилийн удирдлагад хандан уриалсан байна. Еврейн хороололд одоо хагас сая орчим хүн оршин сууж байгаа ажээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top