Авралын од болон харагдаж буй Арлын орноос ямар хэл сурагтай байна вэ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 11

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг анхныхаа гадаад айлчлалыг Японоос эхэлж байна. Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг мөн л анхны айлчлалаа Японоос эхэлж байсан тэр сценари давтагдаж байна. Өнгөрсөн оны долдугаар сард наадмын дараахан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чив чимээгүй байснаа гэнэт Японд айлчилсан юм даг. Энэ үеэрээ тэрбээр Монгол-Японы харилцааны ойрын таван жилийн үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон баримт бичигт гарын үсэг зурсан хэмээн мэдээлж байв.

Ерөнхийлөгч, Ерөнхий сайдуудын энэ цувраанаас  Монголын эдийн  засгийн авралын од Арлын оронд гийгээд байна уу хэмээн анзаарагддаг.

Япон бол манайхаас даруй 500 дахин том эдийн засагтай, санхүүгийн хуримтлал нь 15 их наяд ам.доллараар хэмжигддэг гэж бодохоор нэг төсөөлөл аяндаа бууж ирнэ. Гэхдээ энэ бол мөнгөгүй ядуу орны нүдээр харж буй эхний тусгал.

Монголын шилжилтийн хүнд хэцүү үед хамгийн их хэмжээний буцалтгүй тусламж дэмжлэгийг үзүүлсэн орон нь Япон юм. Тухайлбал, 1991-2004 онд 31 тэрбум 625 сая иений тусламж үзүүлсэн гэх тоо баримт буй.  Энэ нь гадаад улсуудаас Монголд үзүүлсэн тусламжийн 70 хувьтай тэнцдэг аж.

Н.Алтанхуягийн айлчлалын хүрээнд Монгол, Японы хооронд  дунд хугацааны стратегийн хөтөлбөр байгуулсан билээ. “Улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт ирэх жилүүдэд хэрэгжүүлэх ажлуудыг багтаасан стратегийн хөтөлбөр нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Ш.Абэ нар мэдэгдэж байв.  

Япон улсад санхүү, технологийн өргөн боломж байгаа бол Монголд харьцангуй залуу хүний нөөц, газрын баялаг бий. Энэхүү давуу талуудаа нэгтгэх замаар дэлхийн зах зээл дээр хүчтэй хослол болж гарах ирээдүйг стратегийн хөтөлбөрийн хүрээнд төлөвлөсөн гэдгийг тухайн үеийн Засгийн тэргүүн тодотгож байсан. Өөрөөр хэлбэл, хоёр орны энэ давуу тал дээр бий болсон хамтарсан брендийг дэлхийн зах зээлд нийлүүлнэ гэсэн үг юм.  Ийм том зорилт, төлөвлөгөө манай хоёр орны өмнө бий. Энэ бол бидний нийтлэг эрх ашиг, бас хүлээлт юм.

Япон улсад санхүү, технологийн өргөн боломж байгаа бол Монголд харьцангуй залуу хүний нөөц, газрын баялаг бий.

Ч.Сайханбилэг энэ удаагийнхаа айлчлалаар Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэхүү эдийн засгийн түншлэлийн гэрээг байгуулах нь Монгол Улсын анхны чөлөөт худалдааны хэлэлцээр болно гэж тодотгоод байсан юм. Чөлөөт худалдааны гэрээ байгуулснаар хоёр орны хооронд хийгдэх экспорт, импортын бараанд татварын хөнгөлөлт үзүүлэх таатай боломж бүрдэж байгаа юм. Мэдээлж буйгаар ийм эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулах хэлэлцээрийг сүүлийн дөрвөн жилийн турш  тасралтгүй хийжээ. 

Тэгвэл ийнхүү гэрээнд гарын үсэг зурснаар Монголын бараа бүтээгдэхүүнд Японы зах зээл нээлттэй болж байгаа хэрэг юм. Ерөнхий сайд  телевизийн шууд ярилцлагынхаа үеэр халааснаасаа цаастай чихэр гаргаж ирээд тайлбарласан. Тэр бол Монголын “Жамц” давсаар Японд үйлдвэрлэсэн чихэр гэнэ. Ийм байгалийн ориг түүхий эдээ ашиглаад шинэ техник технологиор бид бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадагш нь экспортлох боломж байгааг тэр  сануулж байсан.  

Харин Ирэх пүрэв гариг буюу энэ сарын 12-нд Таван толгойн уурхайг ашиглах эцсийн шийдвэрийг Засгийн газраас гаргахаар төлөвлөж байгаа. Тавантолгойн хөрөнгө оруулагчаар шалгарсан консерциумын нэг төлөөлөл нь Японы Сумитомо корпораци юм.

Монголд  Тавантолгойн цахилгаан станц, Эгийн голын цахилгаан станц, төмөр зам, хурдны зам, гангийн үйлдвэрлэл, төмөрлөгийн үйлдвэрлэл, нүүрснээс хий гаргах зэрэг шинэ, шинэ үйлдвэрлэл төслүүд хөрөнгө оруулагчаа хүлээж байгааг сануулах нь Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлалын нэг зорилт байсныг мэдээллийн хэрэгслүүд онцолж байна.

Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага /JETRO/-ын байранд   болсон Монгол, Японы ажил хэрэгч  хүмүүсийн уулзалтын үеэр тус байгууллагын  ерөнхийлөгч Х.Ишигэ “Японы хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж байна, гол нь Монголд бизнесийн орчин хэрхэн бүрдэж байна вэ гэдэг  чухал байна” гэдгийг онцолсон тухай мэдээлж байна. Энэ бол гадаадын хөрөнгө оруулалтаар гансарч суугаа монголчуудын хувьд сайны дохио мөнөөс мөн.

 П.Булган 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
якуза(121.128.130.115) 2015 оны 02 сарын 11

Дандаа л тусалдаг юм дөө хэцүү үед.харин бид нар хариуд нь яааж байгаа юм болдоо?

0  |  0
уурхайчин(112.72.13.202) 2015 оны 02 сарын 11

Үнэхээр л хамгийн хүнд хэцүү 1990-д онуудад манай түлш эрчим хүчний салбарт мөн чих дэмжлэг болсондоо Японы Засгийн газар, Японы татвар төлөгчид. Тэд бас татвар төлөгчидийн нь төлөөлөл хүртэл манай оронд ирж энэ хөрөнгийн зарцуулалтын бодит байдлыг газар дээр нь үзэж байсан даа. Японы шинэ техник технологийг нэвтрүүлэхийн тулд зөвхөн инженер биш мэргэжлийн ажилчдыг сургаж дадлагажуулах, эхний үед нь хамтарсан үйлдвэр барьж хүмүүсээ сайн бэлтгэх л хэрэгтэй. Аливаа ажлын амжилт боловсон хүчний чадамж, дадлага, туршлагаас л хамаардаг шүү дээ. Энэ бол улс төрд ч мөн адил.

0  |  0
ААА(202.72.246.106) 2015 оны 02 сарын 11

Гарчигаа гуйлгачин Монгол улс гэж тависан бол зүгээр байж дээ =)) =)) =))

0  |  0
Top