Бен Ладены толгойг 50 сая доллараар үнэлж байжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 05

Өнөөдөр дэлхий нийтийнхний хамгийн их сонирхож байгаа сэдэв гэвэл Осама Бен Ладенийг устгасан гэх мэдээлэл болоод байна. Гэхдээ хүний мууд дурласандаа бус байх. Уншигчид хэрэв санаж байгаа бол Ж.Бушийн төр барьж байх үед Осама Бен Ладений талаарх үнэн зөв бодитой мэдээлэл болон түүний толгойг 25 сая ам.доллараар үнэлж байсан билээ. Гэтэл энэ ханш 2005 онд хоёр дахин өсч 50 сая ам.долларт хүрсэн. Үүн дээр нь АНУ-ын Агаарын тээврийн холбоо нэмж хоёр сая ам.доллар амласан байдаг. Ер нь хүмүүний түүхэнд ийм өндөр үнэ хүрсэн толгой байдаг эсэхийг мэдэхгүй юм. Эндээс Бен Ладений үхэл америкчуудын хувьд хичнээн чухал болох нь анзаарагдана. Тэр бол зартай алан хядагч. Гэвч түүнийг Арабын ертөнцийнхөн арай өөрөөр хүлээн авдаг.Түүний араас АНУ 10 гаруй жил мөшгөсөн. Афганистан Пакистаны хилийн ойролцоохТора Бора ууланд нуугдаж байгаа гэх итгэл үнэмшил, бас тагнуулын мэдээ байсан. Уг нь энэ Тора Бора уул бол 50 гаруй км урт үргэлжилсэн 10 орчим км өргөнтэй газар нутаг аж. Хар ухаанаар бодоход тэрэг техник хөгжсөн өнөө цагт ийм хэмжээний газар нутгийг тал талаас нь бүслээд самначихад хүн байтугайг олчихмоор юм шиг. Дээрх мэдээллийн дагуу Америкийн цэргийн хүчнийхэн энэ районд хэд хэдэн удаа байлдааны ажиллагаа явуулж, хэтрүүлж хэлбэл Тора Бора уулыг газартай  тэгширтэл бөмбөгдсөн билээ.  Харамсалтай нь мөнөөх гайт Бен Ладен газрын гаваар орчихсон юм шиг сураг ажиггүй. Хил орчмын ууланд л хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж яваа гэсэн үндсэн ганц хувилбартай өдийг хүргэжээ. Гэтэл мань эр харин АНУ-ын ойрын холбоотон Пакистаны цэргийнхний яг хамар дор, хормойг нь дэрлэн даажинтай амьдарч байсан нь тэднийг бүр шоконд оруулчихаад байна. Учир нь Бен Ладений бүгж байсан Абботтабаде хот бол үндсэндээ цэргийнхний хот бөгөөд Пакистаны "Вест Пойнт" цэргийн элит академи энд байрладаг. Энэ академийн байрнаас ердөө 1,2 км газарт яг эсрэг талд нь дэлхий даяар эрэн сурвалжлагдаж  байсан зартай алан хядагч төвхнөж амжжээ.

Пакистаны нийслэл Исламабадаас хойт зүгт 50 км зайтай орших Абботтабаде хот харуул хамгаалалт сайтай. Ердөө 120 мянга орчим хүн амтай үзэсгэлэнтэй сайхан газар гэнэ. Хотоо нутгийнхан "Нарсан төглийн дундах хот" хэмээн нэрлэдэг аж. Тэтгэвэрт гарсан цэргийнхэн энд төвхнөж суурьших нь олонтаа. Бен Ладений бүгж байсан гурван давхар харш нь барагцаалбал сая ам.доллараар үнэлэгдэх бөгөөд эргэн тойрондоо 4 м өндөр хэрмэн ханаар хүрээлэгдсэн ажээ. Ер нь лалын ертөнцөд энэ мэт өндөр хэрмэн хана бол байдаг л зүйл. Харин анхаарал татсан нэг зүйл нь энэ хашаа руу телефон утасны болоод интернетийн шугам аль нь ч ороогүй. Нутгийнхан энэ байшинг тэтгэвэртээ гарсан хэн нэг офицерийн эзэмшил хэмээн боддог байж. 2001 онд сансраас авсан гэрэл зураг дээр энэ хашаа байшин байгаагүй бөгөөд харин 2005 оны зураг дээр гарсан байжээ. Нутгийнхан ч энэ байшинг 2005 онд баригдсан хэмээн гэрчилж байгаа аж. Тэгэхээр Бен Ладен энд лавтайяа 5-6 жил амьдарсан байж таарах гээд байна. Ийн АНУ Пакистаны тусгайгийнхан хил орчмын уулархаг нутгаар чулуу хөөж явах хооронд мань эр ар хударгаар нь төвхнөж амжжээ. Бүр тэгэхдээ цэргийн хотхонд нь. Бодвол "Чоно үүрэндээ өлзийтэйг" нь тооцсон биз.

Осама Бен Ладен уг нь тосонд хөлбөрч торгонд хучуулж өссөн нэгэн бөгөөд тэдний гэр бүл Саудын Арабын хааны гэр бүлтэй ойр дотно харилцаатай байжээ. Баян хүн гурван төрд нүүртэй гэлцдэг. Энэ хэв маяг тэртээх Арабад ч бас үйлчилдэг бололтой. Түүний эцэг тэрбумтан Мухаммед бен Авад Ладен барилгын салбарын томоохон бизнесмен байсан төдийгүй нэгэн цагт сайдын алба хашиж байсан гэдэг. Осама эцгийнхээ 10 дахь эхнэр Хамидагаас төрсөн дөрвөн хүүхдийн нэг нь юм байна. Хаан Абдулын их сургуульд эдийн засаг бизнесийн мэргэжлээр суралцаж байсан гэх мэдээлэл байдаг. Араб эрчүүдийн уламжлалаар эрт залуу

байхдаа буюу 17 настайдаа гэрлэсэн. Зарим нэг мэдээллээр бол Бен Ладенийг дөрвөн эхнэр, 25-26 хүүхэдтэй гэжээ. Түүнийг гаднаас нь харахад номхон хүлцэнгүй төрхтэй, намуухан дуугаар ярьдаг, ааш зангийн хувьд тогтуун гэж энд тэндхийн хэвлэлд дурдсан байна. Мөн их өндөр чацархаг, туранхай хүн гэнэ. 193 см өндөр нуруутай ч 75 кг жинтэй гэжээ. Осама бага идэр наснаасаа исламын суурь үзлийг даган шүтэж, Пан исламизмыг сурталчлах болжээ. Өөрөөр хэлбэл, энэ нь исламын суннит чиглэлийг түгээн дэлгэрүүлэх, гадаад орнуудын нутаг дэвсгэрт алан хядах ажиллагаа үйлдэхийг чухалчлах болсон байна. Улмаар тэрбээр 1988 онд 21 настайдаа "Аль каида"-гаа үүсгэн байгуулсан. Энэ байгууллага нь Жихадыг түгээн дэлгэрүүлэхийг уриалсан мусульманы суннитуудын радикал бүлэглэл бөгөөд цэрэг армигүй ч эгнээндээ олон үндэстнүүдийг багтаасан сүлжээ болтлоо бэхжиж өргөжсөн байна. "Аль Каида" алан хядах их, бага олон үйл ажиллагаа явуулснаас хамгийн том нь 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлага юм. Энэ үеэр гэм зэмгүй 3000 гаруй хүний амь үрэгдсэн билээ.

Осама Бен Ладены байгаа газрыг өнгөрсөн оны наймдугаар сард анх тогтоожээ. Энэ мэдээллийг дахин өнгөрөгч гуравдугаар сард баталжээ. Мэдээллийн дагуу Ерөнхийлөгч Барак Обама Ладеныг амьдаар нь барих, эс болвол устгах тушаалыг тусгай албадынхандаа өгчээ. Устгахаас долоо хоногийн өмнө мэдээллийн бодитой байдлыг дахин нягталсны дараа ажиллагааг амжилттай гүйцэтгэлээ. Устгах ажиллагаа 22.30 цагийн үед эхэлж 45 минут орчим үргэлжилсэн байна. Гэрчүүдийн ярьснаар гурван нисдэг тэрэг гэнэт гарч ирэн их доогуур нисч байсан гэжээ. Ажиллагааг эхлэхээс өмнөхөн ойр орчмын ард иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг тусгайлан анхааруулжээ. Устгах ажиллагааны үеэр гурван эрэгтэй хүн алагдсаны нэг нь Бен Ладены хүү байсныг нотолжээ. Түүнчлэн тэнд дөрвөн ч эмэгтэй байсны нэг нь алагджээ. Энэ эмэгтэйчүүдийг Бен Ладен хамгаалалт, нэг үгээр хэлбэл амьд бамбай болгох зорилгоор ашиглаж байжээ гэсэн мэдээлэл байна. Бен Ладены ДНК-г түүнии талийгч дүүгийн тархинаас авсан ДНК-тэй харьцуулан судалж нотолжээ. Түүний шарилыг Арабын тэнгист нутаглуулсан гэх мэдээлэл байгаа ч нотлогдоогүй байна.

Эх сурвалж: Нийслэл таймс сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top