Их Британи улс террористуудын орогнодог газар болжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 05

WikiLeaks интернет сайтыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж Их Британийг террорист, оргодол олигархи болон дарангуйлагчдын орогнодог газар болсон гэж үзэж байна. Энэ тухай Ассанж телевизийн “Russia Today” сувагт ярилцлага өгөхдөө хэлжээ. “Их Британи нь террорист, олигархи, хуучин дарангуйлагчдыг орогнуулдаг газар болсныг та бүхэн мэдэж байгаа. Чилийн Ерөнхийлөгч Аугусто Пиночетийг шүүх ажиллагааг санаж байгаа биз дээ. Түүнийг Их Британиас гаргах гэж байхад Маргарет Тэтчер эсэргүүцэж байсан. Хүрээд ирцгээ, бид та нарыг хамгаална гэдэг нь Их Британийн жинхэнэ либерализмын жишээ. Нөгөө талаар үг хэлэх эрхийнхээ төлөө тэмцэж байгаа над мэтийн идэвхтнүүдийг үнэхээр дэмжиж байна уу? Харин Каддафийн хөвгүүд мэтийн хүмүүсийг энэ улс дэмжиж байна” гэж Ассанж ярьжээ. Үүний сацуу Ассанж Ойрхи Дорнод болон Хойд Африкийн орнуудад болж буй төрийн эргэлтийн талаарх сэдвийг ярилцлагадаа хөндсөн байна. Тэрчлэн WikiLeaks-ийг үндэслэгч өнөөгийн нийгмийн амьдралд гүйцэтгэх Интернетийн сүлжээний өсөн нэмэгдэж буй үүргийн тухай илэн далангүй ярьжээ. Тухайлбал, “Facebook бол өмнө нь хэзээ ч байгаагүй хамгийн аюултай тагнуулын машин. Хүмүүс, тэдний харилцаа холбоо, нэр, хаяг, байгаа газар, тэрчлэн тэд бие биетэйгээ хэрхэн харилцдаг, тэдний төрөл төрөгсөд гээд тус сайтад байрлуулсан бүх мэдээлэл Америкийн тагнуулын газарт хүрч байна. Facebook, Google, Үаhоо гэсэн Америкийн томоохон байгууллагуудад тус улсын тагнуулын газрын дотоод сүлжээ бий” гэж тэрбээр үзэж байна. Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top