Ливийн сөрөг хүчин мөнгөөр гачигдаж эхлэв

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 05

Ливийн сөрөг хүчнийхэн Муамар Каддафийг ойрын үед ялж чадахгүй болсон бөгөөд учир нь хүнсний бүтээгдэхүүн, бензин, эм хэрэгсэл импортлон авах болон тэдний хяналтад байгаа нутагт ажиллаж байгаа хүмүүсийн цалинг тавих мөнгөгүй болсон тухай Үндэсний түр зөвлөлийн /ҮТЗ/ санхүүгийн асуудал хариуцсан төлөөлөгч Али Тархуни мэдэгджээ. Түүний хэлснээр, Ливийн зүүн нутгийг хяналтандаа авсан сөрөг хүчний Засгийн газар өдөрт 43-аас 86 сая доллар зарлагадаж байна. “Бидэнд зөвхөн гурван долоо хоногийн хугацаанд хэрэглэх мөнгө үлдсэн” гэж тэрбээр хэлжээ. Тиймээс сөрөг хүчнийхэн зайлшгүй зардал болон байлдааны ажиллагааг санхүүжүүлэхэд өрнөдийнхнөөс тусламж хүссэн байна.

Каддафийн дэглэмд авсан хориг арга хэмжээний хүрээнд хаагдсан Ливийн гадаад орнууд дахь дансны хөрөнгөөр барьцаалан уг зээлийг өгч болох юм гэж сөрөг хүчнийхэн тооцоолжээ. “Бидэнд 2-3 тэрбум доллар хэрэгтэй бөгөөд зээлийг олгох болов уу гэж найдаж байна. Энэ мөнгө нь гурван сарын хугацаанд хүрэлцэнэ” гэж Тархуни хэлсэн байна. Итали, АНУ, Франц зэрэг улсуудыг зээл олгох байх гэж сөрөг хүчнийхэн найдаж байгаа бөгөөд зээлийн эхний багцыгдолоо хоногийн дараа олгох ажээ. 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top