Обамагийн нэр хүнд өсчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 05

“Аль-Каида” байгууллагын толгойлогч Осама бен Ладеныг устгасан нь өнгөрсөн сард хамгийи доод түвшинд хүртэл унаад байсан АНУ-ын Ерөнхийлөгчийн нэр хүндийг 9 хувиар өсгөсөн болохыг Вашингтон Пост сонин болон судалгааны «Реw» төвөөс явуулсан санал асуулгын дүн харуулжээ. Дэлхийд зартай террористыг устгасан тухай Барак Обама тавдугаар сарын 1-ний орой мэдэгдсэн билээ. Тэрбээр тусгай ажиллагаа явуулах тушаалыг биечлэн өгчээ. Террористыг устгасан тухай мэдээллийг америкчууд баяр хөөртэй хүлээн авсан бөгеөд Вашингтон хотод оршдог Цагаан ордны өмнөх цэцэрлэгт хүрээлэн болон Нью-Йорк хотын Таймс-сквер талбайд хэдэн мянган хүн цугларсан байна. Цугларсан олон Америкийн сүлд дууг дуулж, бие биедээ баяр хүргэн, мөн АНУ, АНУ гэж уухайлж байжээ. Даваа гарагт Конгрессын хоёр танхимын удирдагчид Обамагийн шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлээд бен Ладеныг устгасан нь “АНУ-ын хувьд тун сайн мэдээ боллоо” гэжээ. Түүнээс гадна, Барак Обама өөрийн улс төрийн өрсөлдөгчид болох Жон Маккейн, Жорж Буш, Ричард Чейни нараас магтаалын үг сонссон байна. Бен Ладеныг устгасан тухай түүний мэдэгдлийг 56,5 сая хүн зурагтаар үзжээ.

Бен Ладеныг устгасан нь Обамагийн нэр хүндийг богино хугацаанд өсөхөд хүргэсэн бөгөөд түүнийг төрийн тэргүүний хувьд терроризмтой тэмцэх болон Афганистанд явуулж буй ажиллагааг сайн гүйцэтгэж чадна гэдэгт итгэж байгаа америкчуудын тоо мэдэгдэхүйц нэмэгджээ. Гэвч Обама улс орны эдийн засгийн байдлыг сайжруулж чадна гэж үзэж буй хүмүүсийн тоо нэмэгдээгүй байна. Санал асуулгад оролцогсдын 56 хувь нь Обамагийн үйл ажиллагааг сайшаажээ. Энэ нь өнгөрсөн сарын үзүүлэлтээс 9 хувиар их байна. Санал асуулгад оролцогсдын гуравны хоёр нь бен Ладеныг устгаснаа тайлагнасны дараа Ерөнхийлөгч тэдний итгэлийг хүлээсэн гэж мэдэгджээ. Гэсэн хэдий ч Обамагийн чансаа хэдий хугацаанд өндөр хэвээр хадгалагдах нь тодорхойгүй байна. Учир нь Ерөнхийлөгчийн явуулж буй эдийн засгийн бодлогыг дэмжигчдийн тоо нэмэгдээгүй бөгөөд Цагаан ордон урьдын адил бэрхшээлтэй тулгарсан хэвээр байгаа юм. Санал асуулгад оролцогсдын ердөө 40 хувь нь Обамагийн эдийн засгийг сэргээх үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд энэ нь Вашингтон Пост сониноос явуулсан бүх санал асуулгын хамгийн доод үзүүлэлт ажээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top