Ц.Өнөрбаян: Монгол хэл, Уран зохиолын хичээл тусдаа байх хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 23

"Төрийн албан ёсны хэлний тухай хууль" өөрчлөгдөж "Монгол хэлний тухай хууль" болсон. Энэ хуулийн талаар зарим ташаа ойлголт иргэдийн дунд байгаа. Тиймээс zindaa.mn сайт МУГБ, доктор Ц.Өнөрбаянтай "Монгол хэлний тухай хууль"-ийн талаар ярилцсанаа хүргэж байна.

- Монгол хэлний тухай хууль хэрэгжсэнээр төрийн албан хаагчийн шалгалтыг монгол бичгээр авна гэсэн ойлголт иргэдийн дунд байна. Энэ үнэн үү?

- Хэлийг хэрэглэх, хэлийг тээгч үндсэн зэвсэг бол бичиг. Ямар бичиг үсгийг сонгож хэрэглэхийг хуульд заасан байгаа. Монгол бичгийн хэрэглээг туйлшруулсан зүйл байхгүй.  Гэхдээ 2025 он хүртэл крилл монгол бичиг, монгол бичгийг хослуулан хэрэглэхээр төлөвлөөд байна. Өнөөдөр монгол бичгээр бүх зүйлийг хөтлөх боломжгүй. Тийм учраас тусгай үндэсний хөтөлбөрүүдээр үндэсний монгол бичгийг яаж хэрэглэх вэ гэдгийг гаргана. Үүний дагуу монгол бичгийг заах, сургах үйл ажиллагаанууд явагдана.

Үүнээс гадна төрийн байгууллагууд, мэдээллийн хэрэгсэлүүд монгол бичгийн хэрэглээг өргөжүүлэх, орчинг нь сайжруулах тодорхой арга хэмжээнүүд авна гэж бодож байгаа. Ямар нэгэн хууль журмыг хэрэгжүүлэхэд бүх нийтийг хамарсан уриа хэрэгтэй байдаг. Тиймээс төрийн албанд орох, их дээд сургуульд элсэх зэрэг бүх нийтийг хамарсан шалгалтууд дээр монгол бичгийн мэдлэгийг шалгах заалт орсон байгаа. Гэхдээ бүх шалгалтыг монгол бичгээр гэж ойлгож болохгүй. Нийт шалгалтын дөрөвний нэгт ч юм уу монгол бичгийн шалгалтыг авна. Өөрөөр монгол бичгийг туйлшруулаад байгаа зүйл байхгүй. Монгол хүн үндэсний бичиг болтлоо дархлаажсан монгол бичгийг сурах ёстой. Энэ бол иргэн хүний журамт үүрэг. Энэ журамт үүрэгт тулгуурлаад монгол бичгийг боловсролын түвшинд заахыг хуульчилсан байгаа.

- Монгол бичгийг ЕБС-ийн зургадугаар ангиас эхэлж заахаар болсон. Энэ нь монгол бичгийг сурахад тохиромжтой цаг хугацаа юу? Монгол бичгийг заах боловсон хүчин ямар хэмжээнд байгаа вэ?

- 1990-ээд оноос монгол бичгийг нэгдүгээр ангиас зааж эхлэсэн. Тэр үед орчин бүрдээгүй, хүмүүсийн сэтгэл зүй хүлээж авахад бэлтгэгдээгүй байсан. Гэхдээ энэ үед хүмүүсийн үндэсний сэтгэлгээ сэргэсэн үе байсан. Гэвч монгол бичгийг хөгжүүлэх орчин, хэрэглээ мөн төрийн бодлого байхгүй байсан.  Тиймээс энэ асуудлыг больсон. Бага ангиас олон бичиг заахад их төвөгтэй байдаг. Харин бага ангид нь крилл бичгээ сайн сургаад, суурь боловсролын түвшинээс эхлээд ЕБС-ийг төгстөл нь монгол бичгийг заасан нь илүү оновчтой гэж бодож байгаа. Олон бичиг, хэл зэрэг заахаар хүүхдүүд самгарддаг. Тиймээс ЕБС-ийн зургадугаар ангиас тодорхой баталгаажсан хөтөлбөрийн дагуу заахыг хуульчилсан. Гэхдээ бас 100 хувь төгс биелнэ гэж үзэж  болохгүй. Болохгүй зүйлийг замд нь өөрчлөлт оруулаад явж болно.

- Зарим гадаад үг монгол үг шиг болтлоо хүмүүсийн хэрэглээнд нэвтэрсэн байдаг. Эдгээр  үгийг орчуулаад хүмүүсийн хэрэглээнд нэвтрүүлэх боломж байдаг уу?

- Дэлхийн дахинд даяаршлын хүчтэй давалгаа явж байна. Үүнд зохицож өөрийнхөө үндэстнийг авч үлдэх дангааршлын бодлого гэж байх ёстой. Хэт их гадныхныг шүтээд ирэхээр монгол сэтгэлгээ гэдэг зүйл төлөвшидөггүй. Ялангуяа багаас нь гадаад хэлийг заах нь монгол ч биш гадаад ч биш сэтгэлгээг бий болгодог.

Гэхдээ харь үггүй хэл гэж дэлхийд байхгүй. Зохистой авсан харь үг тухайн хэлийг баяжуулдаг. Тийм учраас харь үгийн тухай журмыг цаашдаа боловсруулна. Тухайлбал харь үгийг хэрхэн орчуулж хэрэглэх вэ гэх мэт. Одоо бол харь үгийг ямар нэг журамгүй хэрэглэж байна. Хамгийн гол нь харь үгийг утга зохиолын хэлэнд журамтай хэрэглэх ёстой. Огт харь үгийг хэрэглэхгүй гэж бас хэлж болохгүй. Монгол үгээр тэмдэглэж болохгүй харь үг, олон улсын шинж чанартай нэр томъёонуудыг тэр чигээр нь хэрэглэх жишээтэй.

- Эрдэмтэд өөр өөрсдийн судалгаан дээр үндэслээд зарим үгийн дүрмийг өөрчилдөг. Энэ байдал нь Монгол хэлний дүрмийг алдагдуулахад нөлөөлж байгаа юу?

- Энэ асуудал бол бичгийн зөв бичих дүрмийг журамлаж гаргах байгууллага байхгүй байгаатай  холбоотой. Ер нь зарим үгийг уламжлалаараа бичдэг. Харин бэлэг тэмдэгийн зарчим баримталж бичдэг үгсийг журамлахгүй бол хүн болгон өөр өөр бичдэг. Зөв бичих дүрмээр бичдэг үгийг алдаж байгаа бол энэ нь сургалттай холбоотой.

- ЕБС-ын Монгол хэл, уран зохиолын хичээлийг нэгтгэнэ, нэгтгэхгүй гэсэн яриа байгаа. Энэ хоёр хичээлийг нэгтгэх нь зөв үү?

- Миний бодлоор энэ хоёр хичээл тусдаа байх нь зүйтэй. Яагаад гэвэл уран зохиолын боловсрол гэдэг бол зөвхөн монгол уран зохиолын боловсрол биш. Уран зохиол нь хүнийг хөгжүүлдэг, хүний хүмүүжилд нөлөөлдөг бие даасан зорилготой хичээл. Монголчууд уран зохиолын тал дээр их өвөрмөц ард түмэн. Уран сайхны хэлээр мэдэрдэг, боловсрол олдог, хүмүүждэг ийм ард түмэн учраас энэ хоёр хичээл тусдаа байх нь зүйтэн. Харин монгол хэл, уран зохиолын хичээлийн агуулгад давхардсан зүйл байвал салгаж, тодорхой болгож хоорондын уялдаа холбоог нь сайжруулах талаар яригдаж байгаа.

- Монгол хэлний мэдлэгийн түвшин манай улсын залуусын дунд ямар хэмжээнд байгаа вэ?

- Монгол хэлний хэрэглээний мэдлэгийн суурь шалгалтыг их дээд сургуульд элсэгчдээс хоёр дахь жилдээ авч байна. Уншаад ойлгох чадвар, крилл бичгээр зөв бичих чадвар, монгол бичгээр зөв бичих чадвар, зохион бичих чадвар зэрэг дөрвөн зүйлээр шалгаж эхэлж байгаа. Үүнээс монгол хэлний мэдлэгийн түвшин харагдана. Ер нь бол  мэргэжлээ зөв сонгодог болж эхлэсэн, эх хэлээ сурах хариуцлага ч сайжирсан.

- Монгол хэлний тухай хууль хэрэгжиж эхлэснээр Монгол хэлний дүрмийн өөрчлөлт болон бусад асуудал цэгцрэх үү? 

- Монголчуудын оюуны соёлыг тээгч, үндэсний дархлааг хадгалдаг нэг чухал хүчин зүйл бол эх хэл. Дэлхийн улс үндэстнүүд өөрсдийн хэлийг хуульчилж баталгаажуулж, хэрэглэдэг туршлага байдаг.

21-р зууны босгон дээр дэлхийн их олон амьд хэл үлдэж хоцорсон байна. Нийт 3000 орчим хэл байна гэж үздэг. Энэ олон хэлний дотор мөхөх аюултай хэлний тоонд монгол хэл ороогүй

 21-р зууны босгон дээр дэлхийн их олон амьд хэл үлдэж хоцорсон байна. Нийт 3000 орчим хэл байна гэж үздэг. Энэ олон хэлний дотор мөхөх аюултай хэлний тоонд монгол хэл ороогүй. Гэхдээ монгол хэл харьцангуй цөөхөн хэрэглэгчтэй. Цөөхөн хэрэглэгчтэй гэдгийн учир нь Нэгдсэн Үндэсний байгууллагын хэл болж баталгаажсан хэлнүүдийн хажууд цөөхөн хэрэглэгчтэй гэсэн үг юм. Өнөөдөр монгол хэлээр ярилцаж, монгол хэлийг тээж байгаа зургаан сая орчим хүн байгаа гэсэн албан ёсны мэдээ байна. Монгол хэлний дархлааг хадгалах, монголчуудын оюуны соёлын гайхамшигт бүтээлийг тээж ирсэн эх хэлний ариун дагшин байдалд санаа тавих явдалд Монгол хүн төдийгүй Монгол төр их чухал үүрэг гүйцэтгэх ёстой.

- Монгол хэлний дүрмийг хэн өөрчлөх эрхтэй байдаг вэ?

- Төрийн эх хэлнийхээ төлөө барьж байгаа том бодлогын нэг жишээ бол “Монгол хэлний тухай хууль” батлагдсан явдал юм.  Монгол хэлний тухай хууль дотор монгол бичгийг сонгож хэрэглэх бичгийн хэрэглээг журамлах тухай асуудал орсон байгаа. Бичиг үсэг гэдэг бол хэлний хуулийн, хэлний харилцааны зөвхөн нэг хэсэг. Гэхдээ хамгийн гол хэсэг нь. Монголчууд түүхийнхээ туршид олон янзын бичиг үсэг хэрэглэж байсан.  Крилл монгол бичиг 70 гаруй жилийн түүхтэй. Монголчуудын оюуны соёлд гайхамшигтай гавъяа байгуулсан бичиг. Яагаад гэвэл монголчуудын хэрэглэж байсан нийт бичиг үсэг дотроос хамгийн өргөн дэлгэр, олон хүн хэрэглэсэн, хамгийн их мэдээлэл тээж байгаа бичиг үсэг.

- Хэзээнээс крилл бичгийг албан ёсны бичиг, үсэг болгосон бэ?

- Крилл бичгийг 1940-өөд оноос төр засаг албан ёсны бичиг үсэг болгож авсан. Аль ч бичиг үсэгт дүрэм журмаас гажуудсан, заавал журамлах ёстой үг хэллэг, бичиг байдаг. Жишээ нь, нэг үгийг их олон янзаар бичдэг.  Түүний зөв, бурууг хэрэглэгч тодорхой шийдэж чаддаггүй. Анх бичиг үсэг зохиогдож эхлэснээс л ийм асуудал гарч ирсэн. Гэхдээ энэ бол бүх үгийн түвшинд биш. 1941 оны Дамдинсүрэнгуайн зохиосон үндсэн үсгийн дүрмээс хойш монгол, крилл үсгийн зөв бичгийн дүрэм үндсэндээ өөрчлөгдөөгүй.

- Үгийн дүрмийг юунаас болж өөрчлөөд байна вэ?

- Үгийн их олон янзын толь гаргадаг нэг дутагдал манайд бий. Хүмүүс өөр өөрийн дураар бичдэг. Хэлний мэргэжилтэнгүүд үүнд хяналт тавьдаггүй байсан учраас монгол хэлний нэг үгийг олон янзаар бичдэг журамгүй байдал газар авсаар ирсэн. Үүнийг журамтай болгохын тулд тодорхой байгууллага хариуцаад мэргэжлийн эрдэмтэдийн саналыг тусгаад, энэ үгийг ингэж бичнэ гэж журамладаг байх хэрэгтэй. Үүнийг эрх зүйн хувьд хуульчилж баталдаг байх ёстой. Тийм учраас Монгол хэлний тухай хуульд крилл монгол болон үндэсний монгол бичгийн зөв бичих дүрмийг боловсруулж, түүнийг баталдаг тусгай байгууллагатай болсон. Энэ байгууллага Ерөнхийлөгчийн дэргэдэх “Хэлний бодлогын үндэсний зөвлөл” юм.

-“Хэлний бодлогын үндэсний зөвлөл” байгуулагдах нь  зөв алхам гэж үзэж байна уу?

- Эх хэлнийхээ ариун дагшин байдал, хэрэглээ, эх хэлийг хэлийг хамгаалах асуудал хариуцсан байгууллага байх нь  зөв гэж бодож байна. Манай улсад өнөөдрийг хүртэл ийм байгууллага байсангүй. Зүгээр судалгааны байгууллагууд байсан. Тиймээс  хэлний бодлогын үндэсний зөвлөлийг үүргээ сайн гүйцэтгэнэ гэж бодож байна.

- “Монгол хэлний тухай хууль” нь монгол хэлний нэгдмэл байдлыг хангана гэж байгаа. Нэгдмэл байдал гэж ямар ойлголт вэ?

- Өмнө нь монгол хэлний нэгдмэл байдал бодлогын түвшинд байгаагүй гэж хэлж болно. Орчин цагийн утга зохиолын хэлний хэм хэмжээнд тохирсон зөв сайхан бичдэг, уншдаг, ярьдаг болчихвол хэрэглээний түвшинд нэгдмэл байдал сайжирна. Үүний цаана эх хэлний нэгдмэл байдал гэдэгт монгол хэлний олон аялгуу орно. Энэ нь ястан, үндэстний өөрийнх нь соёл, хэрэглээг тээж явдаг. Эдгээр хэл аялгуунуудын хувьд хуулинд тодорхой заалт ороогүй ч гэсэн утга зохиолын хэлний хэм хэмжээнд нэг журамд орно гэдэг бол хэлний нэгдмэл байдлыг хангана гэсэн үг юм. Энэ хуульд хэрэглээг нарийн хуульчилаагүй. Албан ёсны хэлийг яаж хэрэглэх вэ гэдгийг анхаарсан. Хамгийн гол нь эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх гэсэн түвшинд хэлийг хэрхэн хэрэглэх тухай асуудлыг журамлаж байгаа юм.

- "Төрийн албан ёсны хэлний тухай хууль" өөрчлөгдөж "Монгол хэлний тухай хууль" болсон. Энэ өөрчлөлт ямар бодит үр дүн үзүүлэх бол?

 - Би  "Монгол хэлний тухай хууль"-ийн ажлын албанд ажилласан. Тиймээс энэ хуулийн ялгааг харьцангуй тодорхой харж байгаа. 2003 онд “Төрийн албан ёсны хэлний тухай хууль” гарсан. Энэ хууль эх хэлний талаар төрөөс барьж байгаа бодлогын нэг том ололт байсан. Энэ хууль нь хэлийг албан ёсоор яаж хэрэглэх вэ, харилцаанд яаж хэрэглэх вэ, төрийн албанд яаж хэрэглэх вэ зэрэг явцуу хүрээнд үйлчилдэг байсан бол "Монгол хэлний тухай хууль" нь  монгол хэлийг яаж хэрэглэх вэ гэдэг бодлогыг барьсан учраас хуулийн хүрээ их өргөжсөн.

Тухайлбал, сургалтын түвшинд, мэдээлэл харилцааны түвшинд, албан бичгийн харилцааны түвшинд, иргэн хүн эх хэлэндээ хэрхэн хандах хандлагын түвшинд гэх мэт өргөн олон асуудлыг хамарсан учраас “Монгол хэлний тухай хууль” гэж байх нь зөв гэж үзсэн. Яагаад гэвэл Монгол Улсын Үндсэн Хуульд "Монгол Улсын төрийн албан ёсны хэл бол монгол хэл мөн" гэж заасан байгаа. Монгол Улсын иргэн хүн хэлийг зөв хэрэглэх, утга зохиолын хэлний хэм хэмжээг зөрчихгүй байх, албан ёсны харилцаанд зөв оновчтой хэрэглэх, хайрлах, хамгаалах зэрэг журамт үүргээс эхлээд төрийн дээд байгууллага хүртэлх буюу Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн тамгын газар гэх мэт бүх шатанд хэлийг хэрхэн хэрэглэх талаар хуульчилсан.

- Монгол хэлний тухай хууль хэрэгжихэд хамгийн чухал хүчин зүйл юу вэ?

- “Монгол хэлний тухай хууль”-ийг хэрэгжүүлэхэд иргэн хүнээс эхлээд төр хүртэлх бүх түвшинд анхаархыг мэргэжлийн хүний зүгээс хүсч байна. Энэ хууль ихэвчлэн журамт үүрэгтэй холбоотой учраас эх хэлээ хамгаалах, өвлүүлэх, хөгжүүлэхтэй холбогдож байгаа.  Монгол улсын иргэн бүр эх хэлнийхээ хэрэглээнд анхаараад, хуулийг хэрэгжүүлэхэд сэтгэл зүрхээрээ оролцоосой гэж бодож байна. Монгол хэлний тухай  Хуулийг Монгол бичгийн тухай хууль гэж өрөөсгөлөөр битгий ойлгоорой. Монгол хэлийг зөв хэрэглэж, эх хэлний хэрэглээгээ сайжруулаасай гэж хүсч байна.

Хууль гарах нь чухал биш хэрэгжүүлэх нь чухал байдаг. Тиймээс иргэн бүр эх хэлээ хайрлаж хамгаалах хэрэгтэй. Монгол үндэстний урт удаан байх хамгийн гол зүйл бол эх  хэл.

Хууль гарах нь чухал биш хэрэгжүүлэх нь чухал байдаг. Тиймээс иргэн бүр эх хэлээ хайрлаж хамгаалах хэрэгтэй. Монгол үндэстний урт удаан байх хамгийн гол зүйл бол эх  хэл.

 

 

- Ярилцсанд баярлалаа.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.24.62) 2015 оны 03 сарын 30

Odoo mongol hkel. uranzohkioliin hkicheeliin nom , zaaj bgaa bagsh nariig ni shalgaachee Suragchid yu ch oilguulahkgyi bnaa. Ene mongol, bichig, YZ n zaaj bui bagshiin chadbariig shalgaachee /18 n/ Men nom ni ymar ch oilgots muutai er ni durem baihkgyi jil bur eerchlegddeg ...shalgaachee....

0  |  0
Top