ЭХЛЭЛ
ЯМАР Ч ГЭСЭН БИЙ!
Ор сураггүй алга болсон барон Толль, түүний нөхдийн эрэлд мордсон экспедицийн гишүүдийн сонсгол мэдээлэл хийхэд зориулсан эрдмийн нийгэмлэгийн баярын хурлын эхний хэсэг дуусах гэж байлаа. Нийгэмлэгийн ивээн тэтгэгч дээгүүр хэргэм зэрэгтэн, дарга нарын том том хөрөг өлгөсөн ханын наадах индэр дээр Новосибирийн арлуудаас Мөсөн тэнгисийг гатлан барон Толлийнхон бууж үлдээд эргэж ирээгүй Беннетт арал хүртэл вельбот завиар зоригтой аялал хийсэн тэнгисийн цэргийн залуухан офицер зогсож байлаа. Ногоон бүрхүүлтэй чийдэн индэр дээр дэлгэсэн илтгэл, илтгэгчийн усан цэргийн дүрэмт хувцасны алтан товч, энгэр дэх одон тэмдгийг нь гэрэлтүүлж, умард туйлын ширүүн уур амьсгалд борогшиж чийрэгжсэн эрэмгий царайд нь сүүдэр тусгана.
Индрийн хажуу дахь ногоон цэмбээр бүтээсэн урт ширээний ард нийгэмлэгийн Зөвлөлийн гишүүд, умард нийслэлд суудаг алдар цуутай эрдэмтэд, нэрт жуулчид сууж байлаа. Голд нь нийгэмлэгийн дарга суугаад нүдээ аньсан нь илтгэгчийн жигд дуржигнах дуунд бүүвэйлэгдэн зүүрмэглэж байна уу гэмээр аж. Жижгэвтэр танхимд хүн пиг дүүрэн байв.
Илтгэгч эх газраас Новосибирийн арлууд хүртэл мөсөн овоорго дундуур вельбов завиа чарган дээр тавьж яваад ямар хэцүү замыг туулсан, тэнгисийн зам онгойхыг хүлээж Тогоот арлын хөвөөнд зуссан, эрэг дагуу хөвөхдөө мөстэй хэрхэн эрэлхэгээр тэмцсэн, тэнгисийг яаж зориглон гаталж Беннетт аралд хүрсэн зэрэг аврах экспедицийн аймшиггүй аяллын замыг тодорхой ярив. Тэрбээр жилийн турш мөсөнд аг баригдаж байдаг энэ хүйтэн арлын байдлыг тодорхой яриад бас барон Толлийн орож гэрээс олдсон эд юмс, арлыг тодорхойлон бичсэн тэмдэглэлийн тухай ярив. Тэр бичиг нь “Өнөөдөр өмнө зүг гарлаа. Хоол хүнс арван тав – хорин хоног хүрэлцээтэй. Бүгд эрүүл” гэж дууссан байжээ. Тэгснээ илтгэгчийн дуу чангарч,
Тэгээд 1902 оны аравдугаар сарын 26-нд барон Толль, одон орны судлагч Зееберг, якут анчин Василий Горохов, тунгус Николай Дьяконов нар Беннетт арлыг орхин Новосибирийн арлуудыг чиглэн мөсөн дундуур өмнө зүг явжээ. Гэхдээ тэд Новосибирийн арлууд дээр хүрч чадсангүй, бид тэнд ямар нэг ул мөр олсонгүй. Эрэлхэг зоригт жуулчид хаачсан бэ, Жуулчид замдаа амь үрэгдсэнээс зайлахгүй. Аравдугаар сарын сүүлчээр энэ өргөрөгт өдөр гэж бараг болдогггүй, үд дундын хэрд хоёр гуравхан цаг жаахан гэгээ орох аядаад замхарна. Хүйтэн дөчин градус хүрдэг, цаг үргэлж шахуу ширүүн шуурга шуурна. Тэнгис арай бүтэн хөлдөөгүй, хар усны өрх ихтэй байна. Жуулчид цасан шуурганы үед мөс дөнгөж зайртсан харз дунд ороод цөмөрч усанд унасан бололтой. Эсвэл нохойЈүй болохоор нарийн завинууд, юм хумаа ачсан чаргаа өөрсдөө чирч, дээр нь бас мөсөн овоорготой тэмцэлдсээр хүч тамираа алдан өлсөж, хөлдөж үхсэн байх. Эсвэл умард туйлын шөнөөр өгөршсөн муу завиараа мөсгүй газраар хөвж гарах гэж яваад шуурганд цохигдон живсэн ч юм уу. Ямар ч гэсэн жуулчид маань Мөсөн тэнгисийн ёроолд мөнх нойрсжээ. Харин барон Толлийн тэгтлээ их хүч зарж, хичээн дүтгэж эрсэн Санниковын газар гэж ерөөсөө байхгүй гэдгийг би та нарт нотолж хэлэх байна.
Ингэж хэлээд илтгэгч индрээс буув. Илтгэгчийн сүүлчийн энэ хэдэн аймшигт үгнээс сонсогчид эвгүйрхэж чив чимээгүй болцгоов. Гэнэт арын эгнээнээс нэг хүн:
Санниковын газар ямар ч гэсэн бий! гэж чанга хэлэв. Танхим дотор шуугилдаж энд тэндээс,
-Хэн бэ? Ямар өвчтэй амьтан гараад ирэв! гэж асуух сонсогдоно.
Хурлын дарга бүгдийг тойруулж нэг харснаа хонхоо сэгсчиж, хүмүүсийг дахин чимээгүй болоход их л итгэлтэй дуугаар,
- Хуралдагсад, нийгэмлэгийн гишүүд, эрхэм зочид оо! Шинжлэх ухааны үйлсэд амь насаа зориулсан барон Толль, одон орны судлаач Зееберг, анчин Горохов, Дьяконов нарын эрэлхэг жуулчдын дурсгалыг хүндэтгэн босож ёслохыг хүсье гэв. Цөм суудлаасаа бослоо.
-Арван таван минут завсарлана гэхэд хаалганы ойролцоо суусан хүмүүс үүд чиглэв. Зөвлөлийн гишүүд илтгэгчийг тойрон бүчиж, тэдний нэг – нэрт шинжээч, барон Толлийн экспедицийг зохион байгуулагч, зөвлөгч, овор том биетэй академич Шенк арын эгнээ рүү зүтгэв. Сандал нааш цааш түлхэх, олон хүний дүнгэнэн ярих их чимээ дундаас,
-Санниковын газрыг бий гэж бат итгэлтэй хэлсэн тэр хүнийг надтай уулзаач гэж би хүсэж байна гэх түүний дуу гарав.
Тэгтэл сонсогчдын дотроос халуунд халж хүйтэнд хөрч нар салхинд удтал явсны улмаас үрчийсэн хөрслөг бор царайтай, хар цамцтай залуу эр урагш гаран Шенк рүү ойртож ирээд,
-Би хэлсэн юм. Хэрэгтэй бол дахиад хэлье! гэхэд нь Шенк нэлэмгэр их хөмсөг доороосоо тэр зоригт залууг нэвт шувт ширтэн хараад,
-Ийшээ номын сан руу оръё! Энэ бужигнаан дунд юм ярих ч арга алга! гэлээ.
Шенк тэр залууг сугадан хажуугийн хаалгаар гарч номын сангийн арын өрөөнүүдийг дайрч, нийгэмлэгийн бичиг хэргийн өрөөнд оров.
Тэр өрөө эзгүй, чимээгүй байлаа. Академич өөрөө нарийн бичгийн даргын ширээний ард суугаад ярилцах хүнээ нөгөө нэг сандал дээр суу хэмээн дохиж, тамхи асааж аваад,
-Санниковын Газрын тухай юу мэдэхээ надад ярьж өгнө үү гэхэд тэр залуу эр,
-Би эхлээд учир явдлаа танд яръя л даа. Би Яна голын адагт байдаг Хасагийн гацаанд улс төрийн хэргээр цөлөгдөн таван жил суусан хүн. Энэ баавгайн, баавгайн ч гэж дээ, цагаан баавгайн нутагт сууж байхдаа хотынхны бүдүүлэг харанхуй гэж хэллэг, үнэндээ бол сайхан сэтгэлтэй эрэлхэг зоригтой анчидтай танилцсан юм. Энэ нутгийн анчид хавар болгон өдөр уртассан, мөс хатуугаараа цагт арчлан зааны соёо авах гэж Новосибирийн арлууд руу явдаг юм. Тэндээс арслан зааны соёо элдэг олддог байна… Энэ анчид дотор Санниковын Газрыг бүүр хоёр нүдээрээ харсан, тийм газар байдаг гэж бат итгэсэн хүмүүс ч бий.
-Энэ ч нотолгоо биш! Саяын итгэлд Санников, Толль нарын харсан тэр уул нуруу гээд байгаа нь асар том мөсөн овоорго байхаас зайлахгүй, тэр байгаа гээд байгаа газар нь 2250 метр өндөр уул нуруу баймааж л сая Тогоот арлаас харагдана гэж гарсныг та сонсоо биз дээ. Тийм өндөр уул Умард Мөсөн далайд байх ёсгүй.
-Энэ чинь таамаглал болохоос биш, үнэн баримт биш шүү дээ!
- Үүнээс гадна Толль Беннетт арал дээр буухынхаа өмнө Санниковын Газар байж магадгүй гэсэн тэр хавьцаа “Заря” хөлгөөрөө хэчнээн их газрыг нэгжсэн билээ дээ! гэхэд нь залуу үг сөрж,
-Энэ бол Санников нарын олж харсан тэр газар тэдний бодож байсанчлан Тогоот аралд тийм ойрхон биш, харин нэлээд хойгуур байгааг л нотолж байна. Тэд нар уул газрыг хараад хүрэх зайг нь буруу тогтоожээ гэв.
-Таны зөв! Гэхдээ хэрвээ хойд зүгт ямар нэгэн газрыг зорин нүүдлийн шувуу нисдэг гэсэн мэдээг тооцохгүй юм бол бид энэ баттай биш нотолгооноос өөр тодорхой юм юу ч мэдэхгүй байна шүү дээ гэж Шенкийг хэлэхэд залуу гайхаж,
-Энэ мэдээг та яагаад бүрэн тодорхой нотолгоо гэж үзэхгүй байна вэ? Врангель анх удаа энэ тухай мэдэгдэж, Майдель бас нотолсон. Ер нь умард нутгийнхны ажигласнаар бол Сибирийн хойт эргээр зундаа Хрома голоос Омолой гол хүртэл, бас Якан хошуунаас баруун тийш километр орчмоос Рыркайпий хошуу хүртэл хоёр газар нүүдлийн шувуу очдоггүй гэнэ. Тэр хавиар ангийн шувуу ховор байдаг, харин тэндээс хойт зүг нүүдлийн шувуу нисдэг гэнэ лээ гэж ярихад,
-Баруугаар нутгийн нь шувуу Новосибирийн арлууд руу, зүүн хэсгийнх нь Врангелийн арал руу нисэж байгаа юм гэж Шенк өөдөөс нь өчив.
-Хуучин тгэж боддог байсан, гэхдээ энэ чинь буруу. Врангелийн арал их өндөр, хад ихтэй, зуны турш цас нь хайлдаггүй болохоор нугас, галуу мэтийн шувуу үүр засах газар тун бага. Гэхдээ бид баруун талынх нь хэсгийг сонирхож байгаа шүү дээ.
-Тэндээс шувуу Новосибирийн арлууд руу нисэж байгаа юм чинь.
-Энэ арлууд дээр маш цөөхөн шувуу зусдаг юм билээ. Ихэнх нь сүрэг сүргээрээ цаашаа хойт зүг чиглэн нисдэг байна. Энэ тухай Новосибирийн арлууд дээр очиж үзсэн Устьянск, Орос Адаг, Ожогино тосгоны анчид бишгүй нэг ярьж байлаа. Энэ тухай Санников ч мэдэж байсан хэрэг. Ургамал иддэг, эсвэл ургамал иддэг жижигхэн амьтдаар хооллодог цагаан галуу, алаг нугам, цууцаль, алгар шувуу тэр зүгт нүүдэллэн нисдэгийг бодоход умардад өвс ургамал сайтай нэлээн том хуураай газар байгаа нь илт байна.
-Тэр хуурай газар чинь Беннетт арал байхгүй юу. Толлийн үлдээсэн бичиг баримтаас үзэхэд тэр арал дээр хоёр төрлийн алаг нугам, цууцаль, зана шувуу, таван төрлийн цахлай зусдаг байна гэхэд нь залуу инэээд алдаж,
-Галуу, бор нугасны алийг нь дурдаагүй б йгаа биз дээ! Нүүдлийн шувууны ихэнх нь галуу, нугас шүү дээ! Бас Толлийн бичигт өмнөөс умар зүгт нисэж байгаа шонхор, бас умар зүгээс буюу тэр үл мэдэгдэх газраас зуны сүүлчээр буцаж байгаа галуун цувааг харсан гэж дурдсаныг та анзаарсан уу?
-Нээрээ тийм! гэж академич батлав.
-Манан ихтэйн улмаас тэр шувуудын гарсан газар ноднин Санниковын Газар үзэгдээгүй шиг бас л харагдсангүй гэж Толль нэмж бичсэнийг та санаж байгаа биз дээ?
-Та яасан сайн ойтой хүн бэ! гэж Шенк шагшин гайхахад залуу,
-Би илтгэлийг их анхааралтай сонссон. Санниковын Газар хүмүүсийн таамаглаж байгаагаас нэлээд хойгуур байгаа гэсэн миний илтгэлийг Толлийн баримт бүр ч баталлаа. Иймээс би ингэж эрс шулуун хэлээд байгаа юм. Беннеттийн хувьд бол энэ арал маш их мөстэй, тийм олно шувуу багтаах зайгүй жижигхэн арал гэж ярьсныг та сонсоо биз дээ. Тэнд зөвхөн заан, шувуу, цууцаль, цахлай, хоёр төрлийн алаг нугас зусдаг гэж Толль ч баталсан шүү дээ.
-Гэхдээ хойшлох тусмаа, жишээ нь өргөргийн 80 градуст орших газар гэхэд л Беннеттээс илүү их мөстэй байж таарах, тэгэхлээр бас л олон шувуу тэжээж чадахгүй баймаар юм.
-Тэгвэл тэр тэнэг шувууд хашаа нисдэг байх нь вэ? гэж залуу хөхрөв.
-За ёстой мэдэхгүй юм даа! Умард туйлыг давж Гренланд ордог юм уу гэхэд санаанд багтахгүй байна гэж Шенк гайхаш тасарсан янзтай өгүүлэв.
-Умард далайн мөсөн дундах Санниковын газар хэдий хойгуур байдаг ч атугай ямар нэг тааламжтай нөхцөл байдлаас болж урдуур орших Беннетт, Новосибирийн арлуудаас илүү дулаан уур амьсгалтай байж болох юм гэж таамаглаж болохгүй гэж үү?
-Өө, энэ ч ёстой зүүд зэрэглээ байна, уучлаарай! Гэж академич баахан уурсангуй эсэргүүцэж, - Ийм таамаглалд нүүдлийн шувуунаас өөр ямар ч үндэс алга гэхэд нь залуу мөчөөгөө өгсөнгүй,
-Тэнд мөсийг нь дулаацуулдаг галт уул ч байгаа юм билүү, эсвэл халуун рашаан булаг ч байж болох биш үү? Гэв.
-Галт уул байсан бол утааг нь анчид, далайчид аль хэзээний харах байсан! Тэр нууц арал байж болох газрын хавиар Нансен “Фарм” хөлгөөрөө урсгал даган хөвөхдөө бас юу ч хараагүй гэдгийг бүү мартаарай.
-Умардад аж төрж байсан онкилон хэмээх бүхэл бүтэн нэг үндэстэн учир битүүлэг алга болсныг та сонсоо биз дээ? Чукчүүдэд хавчигдахдаа тэд мал сүргээ туугаад хашаа ч юм нэг тийшээ алга болсон, хаачсаныг нь хэн ч мэдэхгүй байгаа шүү дээ.
-Тэдний тухай Врангель, Норденшельд, Майдель нар мэдээ цуглуулж байсан шиг санагдана. Гэхдээ би угсаатны судлалч биш…
Номын санд хонхны дуу хангинаж академичийн үгийг таслав. Шенк босож,
-Орж дараачийн илтгэлийг сонсъё. Таны санал бодол ямар ч гэсэн тун сонирхолтой юм. Тантай дахин уулзаж ярилцмаар байна. Долоо хоногийн дараа орой манайхаар очоорой. Энэ манай хаяг гэж хэлээд түрийвчнээс нэрийнхээ хуудсыг гаргаж залууд өгөөд, -Тэр онкилоны тухай би бичиг зохиол жаахан харъя. Амжилт олно гэж итгэхгүй байгаа боловч Толлийн экспедицийн эрэлд мордох шинэ экспедиц гаргуулах талаар академийнхныг тэнсэж яриад үзье. Ямар ч гэсэн та манайхаар очоорой гэв.
АЛГА БОЛСОН ҮНДЭСТЭН
Шенк бол залуу зандан насандаа олон газар аялж үзсэн, насаараа ганц бие яваа хүн билээ. Тэрбээр залуудаа Енисей мөрний доод биеэр арслан зааны яс эрж, Өвөр Байгалийн нутаг, Амар мөрөн хавиар жуулчлан шинжилж, тэр ч байтугай Сахалиныг Оростой нэгдсэний дараахан тэр нутгийн ургамал, газар нутгийг судалжээ. Хожим нь нийслэлд эргэж ирснийхээ дараа цуглуулсан материалаа боловсруулах ажилд шамдан орсон байна.
Шенк гоонь ганц биеэр тун ч даруухан аж төрж, академичийн цалин пүнлүүнийхээ ихээхэн хэсгийг залуу эрдэмтдэд туслах юм уу, өөрийн сонирхдог Сибирь, умард туйлын нутгийг судлах экспедиц зохион байгуулахад нэмэр хандив болгодог байна. Барон Толлийг шинжээчийн нь хувьд өндөр үнэлдэг учир аялалд нь болон хожим түүнийг эрж хайхад ихээхэн мөнгө заржээ.
Баярын хурлаас эргэж ирээд Шенк онкилон хэмээх учир битүүлэг овог аймгийнхны тухай мэдээ уншиж судлав.
Хэдэн зууны өмнө онкилонууд Чукотын хойгийг эзлэн нутаглаж байсны хожим мөсөн далайн эрэг рүү чукчүүдэд түрэгджээ. Бие хаа, хувцас хунар, аж амьдралын ёс төрхөөрөө тэд чукчээс шал ондоон, тэдний ойрын төрөл овог нь Кадьяк арлын алеутууд юм.
Норденшельд “Вега” хөлгөөрөө Иркайпий, Шелагский, Якан хошуу хавиа° Сибирийн хойт эргээр хөвж явахдаа онкилоны орхиж явсан газар гэр гэмээр, тэхий дунд нь хүртэл газар ухаж хийсэн, халим загасны хавиргаар унь босгож шороогоор хучсан дээвэртэй овоохой маш олныг үзжээ. Малталтын үед чулуу, ясаар хийсэн, зарим нь бүр яс, модон иш бариултай янз бүрийн зэвсэг, сүх, сум, хусуур, жадны үзүүр одсон байна. Түүгээр үл барам сүх, жадны үзүүрт уясан суран оосор нь мөнх цэвдэг хөрсний ачаар олон зуун жил гэмтэлгүй хадгалагдаж байсныг олсон байна. Онкилонууд төмөр мэтийн металл ашиглаж мэддэггүй, ёстой нэг чулуун зэвсгийн үеийн хүмүүс байжээ.
Врангелийн цуглуулсан чукчүүдийн ярианаас үзвэл Мөсөн далайн эргээс онкилоны явсан шалтгаан нь тэдний удирдагч Крэхой, бугатан чукчүүдийн толгойлогч хоёрын дунд цусан өшөө буй болж хядалдаан үүссэгээс болсон байна. Мөрдөн хөөгчдөөс буруулан зугтсаар Крэхой овгийхоо үлдсэн цөөн хүнтэй эхлээд Умардын хошууны хаданд шивээлэн сууж байснаа тэндээсээ Шалауров арал хүрч улам цаашилсаар Якан хошуунаас уулсынх нь орой Мөсөн далайн дунд алсаас торолзон харагддаг газар луу Врангелийн арал руу арван таван байдар завиар сэлж хүрчээ.
-Энэ мэдээнүүд ядмагхан, бас их хоорондоо зөрөөтэй юм. Энэ үндэстэн чухам хаашаа алга болсон нь сонин юм даа гэж Шенк материалаа уншиж дуусаад гайхан бодов.
Дараа нь Шенк “Академийнхныг тэнсэж яриад үзье” гэсэн ёсоороо умард туйлын нутгийн судлах асуудлыг сонирхон дэмждэг хэд хэдэн академичтай уулзсан боловч барон Толлийн мөр, Санниковын Газрыг шинэ экспедиц гаргах төлөвлөгөөндөө тэдний зүгээс нааштай үг сонссонгүй. Умард туйлын нутгийн дахин судлах ажлыг даалгачихмаар буурь суурьтай эрдэмтэй ч дайралдсангүй, гэтэл ямар нэгэн уран зөгнөлчид мөнгө өгөх нь болгоомжгүй явдал мөний дээр ийм гэнэн ажил хөөцөлдөх нь эвгүй аж.
Эцэст нь Шенк өөрийнхөө бэл бэнчинг тооцоож үзэх дээр тулав. Энэ ажилд зориулан нэг хоёр мянгыг шидчихэд болмоор байвч энэ нь багадмаар санагджээ.
-За яахав, багаж хэрэгслийг энд тэндхийн албан газраас үнэгүй олж болох байх, тэгээд ч ийм экспедиц нэг жилээ илүү ажиллах хэрэггүй. Энэ хугацаанд уул газраа олчих юм бол тэр цагт ажлыг өргөтгөн өөрчилж мөнгө хөрөнгөөр хангаж болно, тийм газар байхгүй гэдгийг нотлоод ирвэл бидний сэтгэл амрах болно гэж тэрбээр эцэст нь боджээ.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )