Б.Энхжин: АН-ын дүрмийн шинэчлэл маш сайн болсон

2017 оны 01 сарын 27

АН-ын гишүүн Б.Энхжинтэй ярилцлаа. Тэрбээр АН-ын VI Их хурлаас байгуулсан Намын Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүн юм.

-АН-ын шинэчлэл явж байгаа энэ үед намын залуу гишүүдийн зүгээс оюутны холбоотой болох санал гаргасан юм билээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Миний хувьд 2008 оноос хойшхи сонгуулиудад ухуулагчаас эхлээд бүх төвшинд ажиллаж үзлээ. Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийг арванхоёрдугаар сард хуралдсан VI Их хурлаас байгуулсан. 31 хүнтэй. Тавь гаруй хувь нь Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд, үлдсэн хэсэг нь хоёр жилийн өмнөөс намаа шинэчлэх хөдөлгөөн өрнүүлсэн залуусын төлөө­лөл байгаа. Мөн ардчилсан залуучууд, эмэгтэйчүүд, ахмадуудын холбооны төлөөлөл багтсан. Ажлын хэсгийн хуралдааны үеэр нэг санал гарсан нь АН дэргэдээ оюутны холбоотой болох тухай байсан юм. VI Их хурлаас өмнө Үндсэн дүрмээ шинэчлээд баталчихая гэсэн санал гараад олон арван хэлэлцүүлэг зохион байгуулсан байдаг. Энэ үед хэсэг нөхдийнхөө хамт очиж уулзаад дэргэдээ оюутны холбоотой болъё гэсэн санал гаргаад хэлэлцүүлсэн юм. Харин VI Их хурлаас ажлын хэсэг байгуулахад би оюутны холбоог төлөөлж орсон. Одоогийн байдлаар АН дэргэдээ Ардчилсан оюутны холбоотой болъё гээд Үндсэн дүрмийн долдугаар бүлэгт орчихсон байгаа.

-АН дэргэдээ оюутны холбоотой болох үндэслэл нь юу юм бэ. Үнэхээр тийм шаардлага байгаа юм уу?

-Ардчилсан хувьсгал гараад 26 жил болсон байна. Одооны оюутнууд тэр үед төрөө ч үгүй байсан. Энэ нам яг ямар үзэл баримтлал, үнэт зүйл дээр тулгуурлаж босож ирснийг одоогийн залуучууддаа ойлгуулах хэрэгтэй. Оюутнууд гэдэг бол нийгмийн хамгийн идэвхтэй, хүчтэй, аливаа зүйлд соргог хэсэг. Ардчилсан хувьсгал гарахад тухайн үеийн оюутны холбоо ч мөн том үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Нам бас бодлогоор дараагийн үеийн боловсон хүчинй бодлогоо дэргэдэх байгууллагаараа дамжуулан хийх нь зайлшгүй юм.

-Тэгэхээр та бүхний энэ санал дэмжлэг хүлээх болов уу?

-Ажлын хэсгээс боловсруулсан төслөө VII Их хуралд танилцуулах үүрэг хүлээсэн. Тиймээс дэмжих, дэмжихгүй эсэхийг Их хурлын төлөөлөгчид шийднэ. Түүнээс өмнө дүрмийн хэлэлцүүлгийг маш өргөн хүрээнд өрнүүлсэн. Удахгүй намын даргын сонгууль болно. Үүнтэй холбогдуулж энэ сарын 22-ноос 29-нийг хүртэл дүрэмтэй холбоотой хэлэлцүүлгийг зогсоосон. Учир нь, нийтээрээ намын даргын сонгуулийг чамбай хийхээр зорьж ажиллаж байна. Үүний дараа дүрмийн шинэчлэлийн ажил эргээд идэвхжих байх.

-АН дэргэдээ оюутны холбоотой боллоо гэж бодъё. Гэвч хэн нэгэн улс­төрчийн буюу ардаа “эзэнтэй” холбоо гэж харах хүн олон гарах байх?

-Нэгдүгээрт, оюутны холбоог төрийн бус байгууллага хэлбэрээр байгуу­лахгүй. Дүрмийн хүрээнд намын дэргэдэх байгууллага болохоор түүндээ захирагдаад л явах юм. Төрийн бус байгууллагын хувьд хуулийн этгээд болдог. Харин оюутны холбооны хувьд намын дэргэдэх байгууллага. Тэгэхээр Улс төрийн намуудын тухай хуулиараа зохицуулна. Хуульд юу гэж заасан юм гэхээр аливаа маргааныг шүүх бус нам доторх хяналтын байгууллага нь шийдвэрлэхээр заасан байдаг.

-Оюутны холбооны гол зорилго юу байх юм бэ?

-АН-ын шинэчлэлийн процесс бодож байснаас илүү үр дүнтэй хамгийн гол нь бүх гишүүдээ хамарсан байдлаар явж байна. Мэдээж сайн муу юм сонсогдож л байгаа байх. Гэхдээ тэр бол байдаг л зүйл. Харин АН ингэж хурдтай шинэчлэгдэж байгаад маш их баяртай байгаа. МАН-ыг коммунист, социалист, АН бол ардчилсан гэж хэлж байгаа юм биш. Энэ хоёр намд их том ялгаа бий. Тэрийг нь Ардчил­сан оюутны холбоо харж үйл ажиллагаандаа тусгана.

-Ажлын хэсгийн гишүүний хувиар асуухад танай намын Үндсэн дүр­мийн шинэчлэл үр дүнд хүрч байгаа юу?

-Маш сайн чамбай дүрэм болж байгаа. Үүнтэй зэрэгцээд намын даргын сунгаа АН-ыг амьд болгож байгааг бүгдээрээ харж байна.

С.Дөл

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АН-ын гишүүн(202.9.41.141) 2025 оны 03 сарын 13

Дүрмийн төсөлтэй танилцсан Одоогийн олигархи бүлэглэлийн тогтолцоог баталгаажуулж Намын анхан шатны байгууллагын чадавхийг дордуулж мөнгөтэй хэдэн хүн намыг худалдан авах дүрэм болсон

1  |  0
Top