АН -ын дарга З.Энхболд, Сонгууль зохион байгуулах хорооны дарга Ж.Оюунбаатар нар дөнгөж сая Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
З.Энхболд мэдээллийн эхэнд “АН-ын даргын сонгуульд өчигдөр орон даяар болж өнгөрлөө. Өчигдөр орой таван нэр дэвшигчиддээ хандан өнөөдөр мэдээлэл хамт хийхийг зар тараасан” гэсэн юм. Ж.Батзандан нэр дэвшигч хуралд хүрэлцэн ирсэн байлаа. Үргэлжлүүлэн Ж.Оюунбаатар мэдээлэл хийлээ.
Тэрээр “Нийт сонгуульд 176 000 хүн бүртгүүлсэнээс 71,2 хувь буюу 85039 хүн санал өгсөн байна. Сонгуулийн дүнг нэгтгэх ажлыг өглөөний 05:00 цаг хүртэл ажилласан. Төв аймаг, Сонгинохайрхан дүүргийн мэдээлэл ирээгүй байснаас дүнг нэгтгэх ажил хойшлогдсон. Сонгуулийн дүнг оноогоор дүгнэж байгаа. Монгол Улсын хэмжээнд нэр дэвшигчдийн авсан дүнг танилцуулья. Н.Алтанхуяг 2033.08 оноо, Ж.Батзандан 1110.77 оноо, Л.Гантөмөр 1417 оноо, С.Эрдэнэ 2928 оноо, Д.Эрдэнэбат 857 оноо авсан байна. Нийт нэр дэвшигчид авбал зохих 8350 оноо бий. Үүнээс хэдэн оноо авсаныг сая танилцууллаа. Намын бусад нэр дэвшигчдээс илүү оноо авч намын даргаар С.Эрдэнэ сонгогдож байна” гэсэн юм.
З.Энхболд “Намын даргын сонгууль амжилттай боллоо. Олонхийн санал авч сонгогдсон С.Эрдэнэд баяр хүргэе. АН-ын шинэчлэлийг үргэлжлүүлэн хийж, Монголын улс төрийн хүчний гол намаа цаашид ирэх сонгуулиудад ялалт байгуулуулна гэдэгт итгэж байна. Бусад нэр дэвшигчдийн хувьд намын шинэчлэл, реформ хийхэд онцгой үүрэг гүйцэтгэж ажилласанд талархал илэрхийлье. Нэр дэвшигчид маань энэ сонгуулийн санхүүг хамтдаа босгож оролцсон. 1.2 тэрбум төгрөгөөр сонгуулийг зохион байгуулсан. Ерөнхийлөгчийн сонгуулийг 10 тэрбум төгрөгөөр явуулдаг бол манай нам олон мянган гишүүдийнхээ итгэл сэтгэл, цалингүй ажилласаны үр дүнд бага мөнгөөр энэ сонгуулийг явуулж чадлаа” гэв. Олонхийн санал авсан нэр дэвшигч С.Эрдэнэ үг хэллээ.
Тэрээр “Юуны өмнө энд хүрэлцэн ирсэн хэвлэл мэдээллийн сэтгүүлчиддээ энэ өдрийн мэнд дэвшүүлье. АН-ын 6-р их хурлаар намын даргыг бүх гишүүдээс сонгох шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн хүрээнд бидний таван нэр дэвшигч улс орон даяар явж сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцуулсан. Нийт 20 гаруй мянган гишүүнтэйгээ уулзлаа. Уулзалтаас ажиглагдсан нэг гол зүйл нь гишүүдийн маань итгэл сэтгэл сэргэж байна. Одоо цаашид манай нам улс төрийн идэвхтэй үйл ажиллагаанд шилжихэд бэлэн боллоо. Энэ бүх шинэчлэлийг эхлүүлсэн, амаргүй хүнд үеийг хамт давсан эрхэм журмын дөрвөн нөхөд, нэр дэвшигчиддээ баяр хүргэе. Биднийг анх сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэхэд таван тийшээ тараад явчихна гэж харж байсан хүмүүс бий. Бид тэгээгүй. Нэг үзүүрт сэтгэлээр намын шинэчлэлийн төлөө ажиллаж ирлээ. Мэдээж хэн нэг нь ялах ойлгомжтой. Бид хэн нь ч ялсан түүнийгээ дэмжээд ажиллана гэж зарчимаа тохирсон байсан. Хамтдаа намаа шинэчлэх ажлыг хийнэ гэдэгт итгэлтэй байна. Миний хувьд цаашид намын үндсэн дүрмээ шинэчлэх, бүтцийн дүрмийн ажлаа яаралтай хийх шаардлагатай байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн. Бэлтгэл ажлаас эхлээд хийх ажил их бий. Хоёрдугаар сарын 17-нд намын 7-р их хурал хуралдана. Мөн их хурлын бэлтгэл ажил гээд хийх ажил их байна” гэсэн юм.
Т.Амараа

Сэтгэгдэл ( 4 )
Болоо Эрдэнээ одоо цихуагын тарвагадоржыг ан д буу ойртуулаарай даа!
Haramsaltai um
Ardchisan namiin gishuud mongo avch dargaa songoj baigaa bol shinechlegdsengui tiimees ene Nam tarah estoi Mongol ulsiig buu buzarla
АН дахин худалдагдлаа