Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль өнгөрсөн чуулганы хуралдаанаар батлагдсан. Энэ хуулийн ач холбогдлын талаар хууль санаачлагч, УИХ-ын гишүүн С.Чинзоригоос тодрууллаа.
-Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль батлагдсанаар малчдын тэтгэвэр тогтоолгох нас наашилсан. Олон жил мал дагасан хүмүүсийн хувьд хэрэгтэй шийдвэр гэж харж байна?
- Хууль хэрэгжиж эхэлснээр малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулж байгаа. Улсын хэмжээнд 330 мянга орчим малчин байдаг. Энэ хуулийн өөрчлөлтөөр малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулж байгаа. Эрэгтэй 55, эмэгтэй 50 настай тэтгэвэрт гардаг болж байна юм. Мөн малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн НДШ-ийг нэг удаа нөхөн төлүүлэх боломжтой боллоо. Улсын хэмжээнд нэг сая 100 мянган ажилтан байна гэж тооцдог. Үүний 47.5 хувь нь малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч байгаа юм. Нийт 300 мянган малчин, 240 орчим мянган хувиараа хөдөлмөр эрхлэгч байна гэсэн тооцоо байдаг. Гэтэл тэдний НДШ төлөх явц маш муу байна. Малчдын тухайд есөн хувь нь НДШ төлдөг. Иймээс энэ хууль малчдад маш их хэрэгтэй, нийгмийн баталгааг нь хангасан сайн хууль болж чадсан.
- Хууль хэзээнээс хэрэгжиж эхлэх үү? Хувиараа хөдөлмөр эрхлэгчийн хэдэн хувь НДШ төлдөг вэ?
-Хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тухайд 13 хувь нь НДШ төлдөг гэсэн судалгаа байгаа юм. Ингэхээр 85-90 хувь нь нийгмийн даатгалын гадна байгаад байна. Тэд өндөр нас наслаад ирэхээр нийгмийн даатгалын баталгаа нь алдагдах сул талтай. Тиймээс малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн НДШ-ийг нэмэгдүүлэх үүднээс нэг удаа нөхөн төлөх боломж олгож байгаа юм. Хууль 2018 оноос хэрэгжиж эхэлнэ.
Н.Түвшин

Сэтгэгдэл ( 1 )
sain bna. malchdaa bodson zuv shiidver bna. Asuudliig zuvuur hardag iim uls turch heregtei shu